Дели хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрэв

Агаарын чанар эрс муудсантай холбоотойгоор Энэтхэгийн нийслэл Шинэ Делийн дунд сургуулиуд түр хугацаагаар үүдээ барьжээ. CNN телевизийн уламжилснаар, Шинэ Дели хотод хүчилтөрөгчийг бохирдуулагч PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын агаар дахь агууламж энэ долоо хоногийн эхэн үеэс хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц хэмжээнд хүрч нэмэгдсэн байна. Тус улсын нийслэл хотыг өтгөн утаан манан бүрхэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсны улмаас зам тээврийн хэд хэдэн осол гарчээ. Аль болох гадагшаа гарахгүй байхыг, гадагшаа гарахдаа амны хаалт зүүхийг тус улсын холбогдох албаны хүмүүс иргэддээ зөвлөж байна. Энэ долоо хоногийн эцэс хүртэл Шинэ Дели хот дахь бүх бага сургуулийг хаах, барилгын ажлыг зогсоохыг хотын захиргаанаас нь үүрэг болгожээ. Энэтхэгийн эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа өнөө үед агаарын бохирдол нэмэгдэх болсон юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн онд гаргасан судалгааны тайланд дурдсанаар, дэлхийн хамгийн бохир агаартай 20 хотын тэн хагас нь Энэтхэгийнх байна. Өөр нэгэн судалгааны тайланд “Энэтхэг улс агаарын бохирдлын улмаас нас барагсдынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна” гэжээ. Тодруулбал, тус улсад агаарын бохирдлоос улбаатай өвчний улмаас жилд 2.5 сая хүн цаг бусаар хорвоог орхиж байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)