Умард Солонгосын цэрэг эх орноосоо зугтжээ

 

Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд Умард Солонгосын цэрэг БНСУ руу зугтаж очсон тухай “Рёнхап” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын армийн албаны хүний мэдээлснээр, зугтсан этгээд хил давахдаа Умард Солонгосын цэргүүдэд буудуулан шархадсан байсныг Өмнөдийн Солонгосын эмнэлэгт хүргэжээ. Умард Солонгосоос БНСУ руу жилд 1000 орчим хүн зугтан очдог байна. Хоёр Солонгосын дайн 1953 онд албан ёсны энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээ байгуулснаар дууссанаас хойш талууд үндсэндээ дайны байдалтай хэвээр байгаа юм. Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос өчигдөр орой гаргасан мэдэгдэлд “Нэгэн цэрэг Цэрэггүй бүсийн Өмнөд Солонгосын тал дахь Эрх чөлөөний ордонд Умард Солонгосын талаас зугтаж ирсэн. Цэрэг зугтаж байхдаа гар болон мөрөн тус газраа шархадсан байна” гэжээ. Энэ оны эхний гурван улиралд Умард Солонгосоос Өмнөд Солонгост зугтаж очсон хүмүүсийн тоо 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад 13 хувиар буурчээ. Умард Солонгосоос зугтагчдын тоо буурч байгаа нь Пхеньян болон Бээжин хилийн харуул хамгаалалтаа чангатгаж, хилийн дагуу хяналтын камер суурилуулах болсонтой холбоотой гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс үзэж байна. Умард солонгосчууд нь голдуу Хятадаар дамжин зугтдаг юм. Учир нь, Умард Солонгос Хятадтай хамгийн урт газар нутгаар хиллэдэг тул Хятадаар дамжин зугтах нь цэрэггүй бүсээр зугтахаас илүү хялбар байдаг ажээ.

 

А.Гал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)