Н.Батбаяр: Геологийн зураглал нарийсах тусмаа мэдээлэл илүү бодитой болдог

УУХҮЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн дарга Н.БАТБАЯРТАЙ ярилцлаа.

-Манай улсын уул уурхайн салбарт төсвийн хөрөнгөөр хийж байгаа, хийхээр төлөвлөсөн геологи, хайгуулын ажил хэр байдаг юм бэ. Улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон газарт хувийн компани ашиглалт олборлолт явууллаа. Лицензийг нь өгсөн байна гэсэн хэл ам их болохоор энэ тухай тодруулж байна?

-Улсын төсвийн хөрөнгөөр хийдэг ажил явдгаараа явж байгаа. Гэхдээ геологийн зураглалын ажил голлож байна. Тодруулбал, геологийн сэдэвчилсэн болон хуримтлалын бүсийн судалгааны ажлыг хийж байгаа юм. Харин хувийн компаниуд эрдсийн хайгуул, олборлолт явуулж байна. Үндсэндээ геологийн суурь судалгааг улсын төсвийн хөрөнгөөр хийдэг гэж ойлгож болно. 1:200 000 масштабтай судалгааны ажлыг Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт хийсэн. Одоо илүү нарийвчилж, 1:50000-ын геологийн зураглалын ажлыг нийт нутаг дэвсгэрийн 33.7 хувьд хийгээд байна. Үүнийг гүйцээж дуусгах нь бидний зорилт юм.

-Зах зээлийн системд шилжсэнээс хойш геологийн судалгааны зураглалыг улсын төсвийн хөрөнгөөр хийж бусад ажил нь хувийн хэвшлийнхэнд шилжсэн гэж ойлгож болох уу?

-Зураглалаас гадна бид сэдэвчилсэн судалгаанд илүү анхаарч байна. Энэ нь тухайн илэрцтэй газрын хүдэржилтийн бүсийг тодорхойлоход чиглэхээс гадна гидрогеологи буюу зөвхөн усны судалгааг дагнан хийнэ гэсэн үг.

-Эрдсийн тухайд хайгуулын ажлын лиценз, тусгай зөвшөөрөл олголтод нэлээд харам болжээ гэж харагддаг. Тийм байж чадаж байгаа юу?

-Геологийн судалгааг бид хийж байна. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг түр хугацаагаар зогсоочихсон байгаа. Үүнээс өмнө зөвшөөрөл авсан хувь хүн, компани, аж ахуйн нэгж хайгуулаа хийгээд л яваа байх. Тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэдий хугацаанд хориглох нь салбарын сайд, яамны хэмжээнд л ярих асуудал.

-Одоо хийж байгаа болон өмнө нь судалсан судалгаа, зураглалаас үзэхэд манай улсад ямар төрлийн ашигт малтмал арвин байдаг юм бэ. Өнөөдөр нүүрсний экспорт давамгайлж эхэлсэн. Бусад эрдэс баялгийн тухайд та баримжаа хэлбэл юуг онцлох вэ?

-Нүүрс, зэснээс гадна ордын хэмжээгээр алтыг дараа нь эрэмбэлэх байх. Жоншны ордын нөөц багагүй хэмжээтэй байсан боловч олборлолт маш их явсан. Одоогоор алтны шороон орд болон жоншны 1960-1970-аад оны үед тогтоосон ил уурхайн нөөц үндсэндээ дуусч байна. Харин далд уурхайг ашиглах техник технологи манайд сайн хөгжөөгүй болохоор газрын гүн дэх нөөцийг хэвээр хадгалсаар байгаа юм. Түүнийг нарийвчлан тогтоож чадаагүй гэж хэлж болно. Одоо бидэнд мэдэгдэж байгаа ашигт малтмалын нөөцийн 80-90 хувийн зураглал, геологийн судалгааг 1960-1980 онд хийсэн байдаг. Үүнийг 1:50 000-ын масштабаар нарийвчлан хийж чадвал илүү их нөөц тогтоох боломжтой юм. Манай улсад ер нь газрын доорх алт, мөнгө, жонш, зэс болон бусад металлын илэрц их байдаг. Ямар хэмжээний нөөц байгаа вэ гэдэг нь дараагийн асуудал юм. Түүнийг илрүүлж, нөөцийг тогтоохын төлөө л бид ажиллаж байна.

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)