Өнөөгийн боловсролын өнгө төрх

Манай нийгэмд хөгжлийн шинэ хандлага түүнийг шийдвэрлэх арга замыг зааж өгөх ганц оньсон түлхүүр нь боловсролын шинэчлэл болоод байна. Монголд 1990-ээд оноос хойш боловсролын бүтэц, агуулга, технологи, зохион байгуулалтад нэлээд өөрчлөлт орсон хэдий ч энэ нь бүрэн цогц үйл ажиллагаа болж чадалгүй өдий хүрснийг судлаач эрдэмтэд тогтоожээ. Тэдний үзэж байгаагаар боловсрол бол шаталсан сургалтын тогтолцоо юм. Иймээс боловсролтой болно гэдэг нарийн утгаараа хүн өөрийгөө төлөвшүүлж, асуудлыг зөв үйл хандлагаар шийдвэрлэх оюун сэтгэлгээний чадавх сайтай болохыг илэрхийлсэн үйл ажиллагаа юм. Өнгөрсөн наймдугаар сард болсон багш, удирдах ажилтны уулзалт, сургалтаар багшийн ёс зүй, харилцаа, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргазүй сэдвийг хэлэлцсэн нь бидний урьд өмнөх сургалтад хүчтэй ноёрхож, саланги, тусдаа мэдлэг олгодог байсан сургалтад зарчмыг өөрчлөн шинэтгэх, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын амин чухал асуудлыг оновчтой шийдвэрлэх нь эцсийн бүлэгт сургалтын бүхий л явцад шинэ эрэл хайлт, шинэ зохистой арга барил, бүтээлч сэтгэлгээгээр хандаж ажиллахад онцгой анхаарахыг чухалчилсан үйл явдал болсон юм. Энэхүү уулзалтын үр дүн нь сургалтад олон жил ноёрхон хэвшиж, бөхширсөн үйл ажиллагаанд сургалтыг яаж зохион байгуулахыг дээрээс тогтоосон хатуу нэг загварт баригдсан байдлыг халж, суурь стандартын хүрээнд боломжтой бүх эрх мэдлийг багшид, сургуульд нь шилжүүлэх болж байгаа нь сургалтад эрс шинэ арга барил нэвтрүүлэх онцгой шаардлагатай болж байна. Дэлхийн боловсролын төвшин өнөөгийн чиг хандлага ямар байгаа тухайлбал, дэлхийн улс орнууд боловсролын сандарт сургалтын хөтөлбөртөө үнэлгээ хэрхэн хийж, үндэсний үнэт зүйл, эх хэлний боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжийг суралцагчдад эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч байгаатай холбогдуулан Монголд дээд боловсролын сургуульд оюутан элсүүлэх шалгалт нь дунд сургуульд эзэмшсэн мэдлэгийг нь шалгахаас хэтрэхгүй байгааг өөрчлөн тухайн мэргэжлээрээ сурах мэргэжпийн тохирц, сурах чадварыг оношлон тогтоодог шалгалтын тогтолцоонд шилжиж, сургах хүн хэрэгцээт мэргэжпээрээ бололцоотой цагтаа хаанаас ч зайн сургалтын хэлбэр ашиглан сурах боломжтой болгох зорилт тавьж ажиллах шаардлагатай болж байна. Боловсролын бодлого залгамж шинж чанартай байдаг.

Урьд нь БСШУЯ-ны /хуучнаар/сайдаар ажиллаж байсан Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар нарын санаж, төлөвлөж байсан зүйлсийг ажил болгон хэрэгжүүлэх үүрэг сайд Ц.Цогзолмаагийн хийх ажлын нэгээхэн хэсэг байх нь тодорхой. Ц.Цогзолмаа гадаадад дээд сургууль төгссөн, түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Нийслэлийн орлогч дарга, дүүргийн Засаг дарга хийж байгаад 2016 оноос УИХ- ын гишүүнээр ажиллаж байна. Түүний улс төр, нийгмийн мэдлэг хэр хэмжээ ямар болохыг “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлага болон УИХ- ын чуулганы хуралдаан дээр гишүүдээс тавьсан асуултад тооцоо, судалгаа, дүгнэлт сайтай хариулт өгч байгаа нь боловсролын салбарын ойрын, дунд, урт хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллахад сэтгэл оюуны хүч чармайлтаа дайчлан ажиллаж чадах юм байна гэдгийг харууллаа. Стратегийн баримт бичгийн ноён нурууны гол тулгуур багана бол багш. Иймээс боловсролын салбарыг шинэчлэх асуудлын цөм нь багшийг чадваржуулах. Аль ч мэргэжлийн багшийн оюуны чадавхад хүч түрэх сайн зэвсэг бол мэдлэг. Мэдлэг сайтай байхын “Цусан хангамж” нь олон мэдээллийн дотроос оновчтой сайныг нь оонгон авч түүнээ тордож “өөриймсөгжүүлж” чадваас ердийн буюу босоо сэтгэлгээний “тулга тойрсон” мухардлаас цойлон гарахуйц шинэ арга барилаар ажиллах нь өнөө үеийн оюун сэтгэлгээний хэрэгцээ ч мөн, шаардлага ч мөн. Багш хүн мэдлэг сайтай байх нь улстөрчдийн ярьдгаар “Давхар дээл”-ээс тэс өөр ойлголт болов уу. Багш хүн мэдлэг чадварын дан байтугай “далан давхар дээлтэй” байвал харин ч бахтай юм биш үү. Багш хүн тодорхой стандартын дагуу ойлгомжтой, тогтсон шалгуур үзүүлэлтээр ажлаа дүгнээд удирдах ажилтнууд нь түүнийг хянаж баталгаажуулдаг, тэр нь тухайн хүний жилийн ажлын үр дүнгээр хэмжигддэг нээлттэй, ойлгомжтой систем тогтолцоотой байх нь энэ цаг үеийн нэгэн чухал шаардлага болжээ. Аль ч мэргэжлийн багшийн чадвар мэдлэг, бүтээлч үйл ажиллагаа ямар төвшинд байгааг үнэн бодитой дүгнэж чадах шалгуур үзүүлэлт бол математик аргачлал юм. Математик арга бол хийж бүтээсэн ажил үйлсийн хэм хэмжээ, зөв бурууг ялган салгаж өгдөг хамгаас зохистой үнэлгээ юм. Ийнхүү математик аргачлал бүхий үнэлгээгээр дүгнүүлсэн багш ажлаа ямар төвшинд хийж байгаагаа ухаарч ойлгосноор мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлэх эсвэл ажлын байраа өөрөө шийдэх боломжийг олгож байна.

Доктор Л.Түдэв “Дал” сониндоо “Мэдээлэл бол хөгжихөд хэрэг болох шинэ зууны гол түлхүүр юм. Тиймээс мэдээлэл ихтэй байж түүнийг хэрэглэн хөгжил дэвшилдээ ашиглах нь нэн чухал тул өнөөгийн Амөрик, Япон улсын хөдөлмөрийн чадвартай иргэдийн 50-иас илүү хувь нь мэдээллийн салбарт ажиллах болжээ. Шинэ зууны нэг тэргүүлэх мэргэжил бол мэдээлэл, зөвлөмж өгөгч гэж дээрх улс үнэлэн үздэг боллоо” гээд зөгнөж бодох, төсөөлөн ургуулах чадвар, хийсвэрлэн бодох, бие даан манлайлах үйл явдлын учир-зүйн эрэмбэд нь нэгтгэн сэтгэх чадвартай болгоход ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад “СЭТГЭЛГЭЭ ЗҮЙ” /дианетик/ гэдэг хичээлийг шинэ утгаар заадаг болох шаардлагатай гэж бичжээ. Энэ мөн сайхан үг ээ. Их эрдэмтний сэдсэн энэ санаа Монголын боловсролын савыг УИХ-ын гишүүн, доктор Н.Учрал онош хэлснээр “Мартагдсан хуучныг шинэчлэн сэргээж” оюуны баялгаар балхаж, цалгитал дүүргэвэл мөн их ашиг олно гэдгийг сануулсан үг гэлтэй. Өнөөгийн боловсролд шинэчлэл хийх замд зоригтойхон хөдлөөд зорьсондоо хүрч чадах сургалтын тийм салбар бол бага сургууль мөн.

Багын боловсролыг урагш хөтлөгч “ганцаардахгүй ганц дайчин” бол бага ангийн багш учраас орчин үеийн шаардлагад нийцүүлэн тэдний мэдлэг чадварыг ахиулахад хамгаас зохистой арга хэлбэрийн сургалтыг зохион байгуулахад илүүтэй анхаарч үзүүштэй. Бага ангийн багш бусдыгаа багш нарыг бодвол ангийнхаа хүүхдийн эцэг, эхтэй ойр дотно байдгаараа эцэг, эхэд сурган хүмүүжүүлэх мэдлэг олгохын хувьд тэргүүлэх зэрэгтэй үйлчин юм. Даяаршлаар “данхалзсан” энэ цаг үед бага ангиас эхлээд бүх ангийн хичээлийн хөтөлбөрт хүүхдийг монгол хүн болгож, Монголын соёл уламжлал, үндэсний дархлааг бэхжүүлэх нь одоогийн боловсролыг шинэчлэх амин чухал асуудал болоод байна. Монгол хэлний хичээлийг монгол хүний сэтгэлгээ үндэсний дархлааг хөгжүүлэхэд анхаарч уран зохиолын зорилго агуулгыг монгол өв уламжлал, ёс заншил, соёл түүхийг танилцуулдаг, өвлүүлдэг, эх оронч үндэсний бахархал дархлааг хөгжүүлдэг байдлаар өргөжүүлж, Монголын түүхийг бүх ангид үздэг байхаар өөрчлөх зорилгыг тавьж байна.

Нүүдэлчдийн соёл иргэншлийн өөриймсөг шинжийг хадгалсан үлгэр домог ярих, зүйр цэцэн үгээр “дайралцах” туульс хайлах, оньсого таалцах, шатар зэрэг хөлөгт тоглоомоор наадах, тоон холбогдолтой үг хэлцээр харилцах, бөх, морь цоллох дуу хуур, бүжиг наадам хийх зэрэг нүүдэлчдийн аж төрөх ёсны үйл ажиллагаанд бие, сэтгэл, ухааны хоршил үйлдлээр сэтгэн бодох чадвар дадлага саарч буурах биш харин ч олон зүйл аясаар баяжин хөгжиж ирснийг бага, дунд ангийн хөтөлбөрт байж болохуйц “тун хэмжээ”-гээр ахиухан оруулах нь монгол үндэсний бусад улс үндэстнээс ялгарах онцлог шинжээ хадгалж үлдэх хамгаас зохистой арга шийд болоод байна. Шинэ зуун эхэлснээр хүний оюуны чадавх, хүч боломжид тулгуурласан хөгжлийн гарцыг эрж, хайж байна. Үүнийг маш товчхоноор хэлбэл хүнээ хөгжүүлэх нь эн тэргүүний хэрэгцээ болж байна. Түүнд хүрэх зам нь боловсрол. Боловсрол тэргүүлэх салбар гэж олон жил ярьсан бол өнөөдөр боловсрол Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх эрх ашиг болжээ. Боловсролыг аваад явах эзэд нь багш нар төдийгүй эрдэмтэн судлаачид, ажилтан, албан хаагчид бөгөөд багшдаа суурилсан боловсрол хөгжинө. “Улсын хөгжил хүнээс хүний хөгжил багшаас хамаарах” нь өнөө цагийн боловсролын өөдлөн дэвжих өнгө төрх болж байна.

Ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.ДОРЖ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)