Тереза Мэйд шахалт үзүүлнэ гэв

Их Британийн парламентын гишүүд БРЕКСИТ-ийн хэлэлцээрийн асуудлаар чухал санал хураалт явуулахаар товлолоо. Хэрвээ нэгдсэн хэлэлцээрт хүрвэл тус улсын Засгийн газар Европын холбооноос салан тусгаарлах хуулийн төслийг танилцуулж, хэрэгжүүлнэ гэж БРЕКСИТ-ийн асуудал хариуцсан Их Британийн сайд Дэвид Дэвис мэдэгджээ. Засгийн газар нэгдсэн шийдэлд хүрээгүй тохиолдолд Их Британийн парламентаар зөвлөлдөлгүй Европын холбоог орхиход хүрч болзошгүй гэж Дэвид Дэвис үзэж байна. Учир нь Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон, Байгаль орчны сайд Майкл Гоув нар БРЕКСИТ- ийн хэлэлцээрийг түргэсгэх зорилгоор Тереза Мэйд шахалт үзүүлж байгаа юм. Ингэснээр Их Британийн Засгийн газрын дотоод хагарал Европын холбооноос гарах хэлэлцээг дараагийн шатанд гаргах санал хураалтаас өмнө улам хурцдаад байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Европын холбооноос гарсан ч Их Британи Европын улс хэвээр үлдэнэ. Учир нь, бидний нийтлэг үнэт зүйлс, эдийн засаг, аюулгүй байдал, түүхэн уламжлалыг үүнтэй харилцан хамааралтай. Их Британи Европын аюулгүй байдлыг хангахад хүлээсэн үүргээ биелүүлнэ. Түүнчлэн эдийн засгийн шинэ түншлэлийн харилцааг бий болгоход бид эдийн засгаа нээлттэй болгох, чөлөөт нийгмийг бүрдүүлэх зорилтоо улам бататгана” гэжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)