ЛИ КУАН Ю-гийн улсаа хөгжүүлсэн гайхамшигт нууц

Ли Куан Ю хэмээх гайхамшигт хүний намтар түүх, улсаа хөгжүүлсэн амжилтын нууцын талаар дэлхий дахинаа андахгүй. Харин монголчуудын хувьд “Сингапурын хөгжлийн нууц: Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх 1965-2000” хэмээх нэртэй таван хуруу зузаан ном “Монсудар” хэвлэлийн газраас хэвлүүлснээр илүүтэй сайн мэдэх болсон гэж хэлж болно. Энэхүү номыг Н.Монголмаа чадварлаг орчуулсныг номонд дуртай монголчууд бахархан өгүүлсээр байна. Тэрбээр энэ талаараа номын нээлтийн үеэр “Би Тайланд улсын нийслэл Бангкок хотод нэгэн олон улсын байгууллагад ажиллаж, тэнд амьдарч байхдаа энэ номыг 2013 онд “Asia books” номын дэлгүүрээс худалдан авсан юм. Учир нь, Сингапурын хөгжлийн нууцыг дэлхий нийт ялангуяа Ази тивийн олон орон сонирхон судалж, туршлагаас нь суралцаж, хуулбарлаж зарим нь тодорхой хэмжээнд амжилт олсон байдаг. Ли Куан Ю-г ерөнхий сайдын ажлаа өгснийх нь дараа олон орны ерөнхий сайд нар түүнийг зөвлөхөөр урьж, санал зөвлөмжийг нь сонсдог байсан нь миний анхаарлыг илүүтэй татсан. Надад цаг, зав бага байсан ч энэ номыг ихэд сонирхон шимтэж уншсан юм. Би анх англи хэлээр уншаад орчуулан монголчууддаа уншуулахсан гэсэн хүсэл өөрийн эрхгүй төрж байлаа. Ингэж байтал “Монсудар” хэвлэлийн газартай холбогдож, албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулсандаа маш их баяртай байна” хэмээн онцолсон нь өнөөдөр сэтгэлд дурсамж болон тод үлджээ. Мөн тэрбээр “Сингапур 60 жилийн өмнө дорой буурай хөгжилтэй, газрын баялаг байтугай ундны цэвэр ус ч үгүй жижигхэн хот улс байсан. Гэтэл манай оронд газрын баялаг, нөөц боломж, өргөн уудам газар нутаг, тусгаар тогтнол, эрдэнэт мал сүрэг гээд үндэсний үнэт зүйл асар их байна. Тиймээс бидэнд дутагдаж буй зүйл ердөө л эх оронч сэтгэлгээ. Манайхан энэ номыг унших зууртаа монголчуудын өнөөдрийн цаг үеийн байдал цаашид хөгжихөд юу дутагдаж байгааг давхар эргэцүүлэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нүүрлэж, монголчуудын өмнө тулгараад байгаа асуудлын мөн чанарыг тодоор харж ойлгоход энэ ном чухал хувь нэмэр оруулах байх. Улс орон, ард иргэдийнхээ төлөө шударга, чадварлаг, үр ашигтай ажилладаг Засгийн газар хэний ч төсөөлж байгаагүй амжилтад хүрсэн Сингапурын туршлага хүн бүрт нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулах биз” гэж хэлж байв. 

Энэ ч утгаараа орчуулагч бүсгүйн ураа гаргаж, чадвараа гайхуулан байж хөрвүүлсэн уг номыг шимтэн уншихад Ли Куан Ю бол хүндэлж биширмээр, гайхалтай мундаг удирдагч төдийгүй чадварлаг нөхдөөр багаа бүрдүүлсэн нь илт харагдана. Тодруулбал, Ли Куан Ю авлигатай тууштай, зоригтой, чанга хатуу тэмцсэн нэгэн гэдгээрээ бусдад үлгэр дуурайл болох төдийгүй түүний амжилтад хүрсэн нууц нь засаглалын дээд төвшинд гардаг том хэмжээний авлигыг таслан зогсоож чадсанд байгаа юм. Тэрбээр авлига авсан нь нотлогдсон л бол найз нөхөд гэж харж үзэлгүй хууль, шүүхийн процесст хөндлөнгөөс оролцолгүй явж ирсэн нь нэг ёсондоо Засгийн газар дахь авлига нийгмийн хорлонт дайсан гэж жигшдэг соёлыг нийгэмдээ бий болгож чадсан нэгэн. Авлига авсан гэж гүтгүүлсэн эсвэл хэвлэлд бичүүлсэн бол тухайн улстөрч буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгох ёстой гэсэн хандлагыг улстөрч болоод нийгмийнхээ тогтолцоонд төлөвшүүлж чадсан ажээ. Түүнчлэн Сингапурын амжилтын хөгжлийн бас нэг чухал зарчим нь эдийн засгийн хөгжлийн үр шимийг ард иргэддээ шударгаар хуваарилах явдал гэж байлаа. Гэхдээ хөгжлийн үр шимийг шударгаар хуваарилна гэдгийг халамж тараах гэж томьёолоогүйд хамаг учир оршиж буй. Энэ ч үүднээс Сингапур халамжийн бодлогоос харин ч татгалзсаар иржээ. Хүмүүсийг зөвхөн тогтвортой ажлын байртай, ажил хийж буй хүн бүрийг хуримтлалтай, айл өрх бүрийг орон сууц, хувьцаа эзэмшигч болгох, эрүүл мэнд, боловсролын чанар, амьдрах орчныг дэлхийн төвшинд хүргэх зэрэг бодит өөрчлөлтөөр хөгжлийн үр шимийг ард иргэддээ хүртээжээ.

Ли Куан Ю Засгийн газрыг олон жил удирдахдаа хувийн ямар ч шуналгүй, тодорхойлсон зарчим, зорилгодоо үнэнч, урт хугацааны тогтвортой хөгжлийн үндсийг тавихын төлөө ажилласныг түүний бичсэн энэхүү дурдатгалын ном бэлхнээ батална. Тухайлбал, энэхүү номыг уншсаны дараа магадгүй хүн бүр сингапурчууд ийм мундаг удирдагчтай байсан ямар азтай вэ гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь лавтай. Тэгээд ч Сингапурын хөгжлийн жор, нууцыг Ли Куан Ю өөрөө цөөн үгээр тодорхойлсон нь бий. Юуны түрүүнд тэрбээр хамгийн чадвартай, туршлагатай хүмүүсийг сайд, удирдах албан тушаалд томилж, мэдлэг чадварыг дээдлэх зарчмыг нийтийн албанд тууштай баримталсан нь ажлынх нь арга барил аж.

Ли Куан Ю хэзээ ч аливаа асуудалд өнгөц хандаж, богино хугааны улс төрийн ашиг хонжоо олох гэсэн, эсвэл хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцүүлсэн шийдлээр аргацааж байгаагүй.

Тэр үргэлж үндэсний болоод ард иргэдийн эрх ашиг, урт хугацааны, тогтвортой хөгжлийг чухалчилж байсан юм.

Улс төрийн томоохон зүтгэлтнүүд түүний алсын хараатай бодлого, хөгжлийн арга замыг ямагт сайшаасаар ирснийг мөн л энэхүү номонд тодоос тод бичжээ. Тухайлбал, Японы Ерөнхий сайд асан Киичи Миязава “Энэ бараг л ганцаараа зүтгэж жижигхэн арлыг агуу улс болгосон хүний амьдралын түүх. Ялангуяа төр улсыг байгуулах талаарх дэлхийн анхны сурах бичиг” хэмээжээ. Харин Тайландын Ерөнхий сайд асан Чуан Ликпай “Ер бусын алсын хараатай, гайхамшигт чадвартай хүн. Тэргүүн сайд Ли Куан Ю-г өнөөдрийн Сингапур улсын амжилтын түүхийн үндэс суурийг тавьсан гэж үзэх бүрэн үндэслэл бий. Азиас төрсөн хамгийн гарамгай удирдагчийн хувьд тэрбээр Зүүн өмнөд Азийн улс орны хооронд эдийн засгийн илүү ойр нягт харилцаа үүсэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Түүний тун чадмагаар бичсэн энэхүү ном буюу сонирхолтой намтар нь бүс нутгийн түүх, улс төрийг шинээр ойлгоход тусална” хэмээсэн бол Малайзын Сангийн сайд асан Дайм Заинуддин “Ердийн нэг худалдааны боомт төдий байсан Сингапур улс Ли Куан Ю-гийн алсын хараа, улс төрийн авхаалж, стратегийн ачаар л өнөөдөр олон улсын хүндэтгэлийг хүлээсэн өндөр хөгжилтэй улс орон болон хөгжсөн билээ. Улс төр, эдийн засгийн хөгжил сонирхон судалдаг аливаа хүн Ли Куан Ю-гийн энэ намтрыг заавал уншвал зохино” гэжээ. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Их Британийн Ерөнхий сайд асан Маргерет Тэтчер, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан тэргүүтэй үе үеийн нэр нөлөө бүхий улстөрчид Ли Куан Ю-г хүндэлж явдгаа илэрхийлсэн байдаг.

Ер нь Ли Куан Ю бол ээдрээтэй, нэг янзаараа байдаггүй улстөрч бөгөөд цаг үргэлж өөрчлөгддөг ширүүн давалгаан дундах улс төрийн явуулга, нарийн түвэгтэй ажиллагааны цаана өөрийнх нь ажил, үйлс ямагт зөв гэдэгт бат итгэсэн хатуу зоригтон болохоор л дэлхий нийт түүнийг яах аргагүй бишрэн хүндэлдэг биз ээ.

 

Б.ДААРИЙМАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)