Ч.Содоо: “ЧИНГИС ХААН” үзмэрээрээ дэлхийгээс алтан медаль хүртэхийг зорьж байна

 

Эзэн Чингис хааны холбогдолтой шуудангийн маркийг үзмэр болтол нь цуглуулсан Ч.СОДОО хэмээх залууг “Хобби” буландаа урилаа. Тэрбээр ШУА- ийн Физик, технологийн хүрээлэнгийн Информатикийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан юм.

 

-Таныг Эзэн Чингис хааны түүхийг харуулсан шуудангийн маркийн цуглуулгаараа олон улсын шагнал хүртсэн гэж сонслоо. Энэ амжилтынхаа талаар манай уншигчдад танилцуулаач?

-Миний бие ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Информатикийн салбарт “Кирилл- хуучин монгол орчуулгын системд машин сургалтын аргыг хэрэглэх нь” сэдэвт ажилд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Нэг ёсондоо аливаа зүйлийг танин мэдэж, учрыг олохын төлөө зүтгэдэг нь миний хобби юм. Энэ ч үүднээс бага наснаасаа шуудангийн марк сонирхон цуглуулж эхэлсэн. 1998 онд Монголын филателийн холбоонд гишүүнээр элсч, 2016 онд тус холбооны хүндэт гишүүний тэмдгээр шагнуулсан. Чингис хаан, түүний үр удамтай холбоотой шуудангийн марк, дугтуй зэрэг зүйлсийг сонирхон цуглуулж, цуглуулгаараа “Чингис хаан” сэдэвт үзмэрт бүтээл хийсэн юм. Энэ бүтээлээрээ тив дэлхийн чанартай 15 орчим үзэсгэлэнд оролцож медальт байранд шалгарсан. Одоогоор Дэлхийн маркийн аварга шалгаруулах “PHILATAI - PEI-2016”, Ази тивийн “HONGK O N G - 2 0 1 5 ” үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртээд байна. Энэ шагналыг миний сонирхол, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийг үнэлэн цуглуулсан бүтээлд маань олгосон нэр хүнд гэж хүлээн авсан учраас сэтгэгдэл маш өндөр байгаа.

 

-Олон хүний сонирхлыг татсан “Чингис хаан” үзмэрт бүтээлээ хийх санааг өөрөө гаргасан уу. Ер нь цуглуулгаа бүтээлээр баяжуулах бүрийд хааныхаа сүр хүчээр бахархана биз?

-Тэгэлгүй яах вэ. Цуглуулгаа бүтээлээр баяжуулах болгондоо би хөөрөн баясч омогшдог. Ялангуяа Эзэн Чингис хааныхаа агуу их сүр хүчийг улам мэдэрч хөх толбот монгол хүн гэдгээрээ бахархдаг юм. Миний бодлоор Чингис хаан бол ганц Монголоор зогсохгүй дэлхийн суут хүн билээ. Чингис хааныг дэлхийн эрдэмтэн, түүхч, улс төрийн зүтгэлтэн гээд янз бүрээр хүмүүс үнэлэн дүгнэдэг боловч эцсийн эцэст Чингис хаан дахин давтагдашгүй, ер бусын хувь тавилантай түүхэн хүн гэдэгтэй би санал нэгддэг. Иймээс өөрийн хүргэж буй мэдээллийн үнэн зөв байдал, уншигчдын тоогоороо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Вашигтон пост” сонин 1995 онд Чингис хааныг хоёрдогч мянганы суут хүнээр, 2002 онд “Тайм” сэтгүүл мянганы суут хүнээр тус тус тодруулсан байдаг. Энэ мэтчилэн гадаадын томоохон судалгааны байгууллагууд Чингис хааныг дэлхий нийтэд алдаршуулж байхад монгол хүний хувьд Чингис хаан, түүний үйл хэргийг дэлхий нийтэд таниулж, Монгол Улсаа сурталчлах нь монгол хүн бүрийн бодож, хийх ёстой үйл хэрэг юм. Тиймээс би тив дэлхийн маркийн олон үзэсгэлэнд үзмэр бэлтгэн оролцох замаар Чингис хаан болон түүний удмынхны үйл хэргийг таниулан сурталчлахыг хичээдэг. Тэгээд ч марк, дугтуй, ил захидлаар дамжуулан улс эх орноо таниулах нь дэлхийд түгээмэл тархсан сурталчилгааны уламжлалт аргын нэг юм.

 

-Сэтгэл, зүрхээ өгөн олон жил цуглуулсан бүтээл болгон тань мэдээж үнэ цэнэтэй. Гэхдээ өөрийн тань хувьд хамгийн ихээр нандигнадаг ямар бүтээл байдаг бол?

-Тив дэлхийн үзэсгэлэнд ороход тусгай тогтсон шаардлагын дагуу үзмэр бэлтгэн оролцдог. Олон оноо авч медалынхаа өнгийг ахиулахыг зорьж байгаа л бол аль болох ховор, үнэ цэнэтэй зүйлсийг оруулж өгөх хэрэгтэй. Ховор, үнэ цэнэтэй зүйлс гэдэгт нэн ховор марк, дугтуй, ил захидал, маркийн эх зураг, загвар зэрэг багтдаг юм. Тиймээс аль болох ховор бүтээлээр цуглуулгаа баяжуулахыг хичээж янз бүрийн орны ховор зүйлсийг олж авдаг. Жишээлбэл, Тайвань орон 1962 оны есдүгээр сарын 20-нд “Ордны музей дэх эртний Хятадын хаадын хөрөг” гэсэн дөрвөн янзаар нэрлэсэн марк гаргасны нэгэнд нь Чингис хааныг дүрслэн оруулсан байдаг. Энэ марк Тайванийн маркийн цуглуулгад ховор үнэтэйд тооцогддог. Хэрэв өнөөдөр энэ маркийг баталгаатай диллерийн компаниас авбал 500 ам.доллар байгаа болов уу. Надад энэ маркаас гадна уг маркийн эх загвар нь байгаа. Харин хайртай бүтээл гэвэл яах аргагүй “Чингис хаан” үзмэрт цуглуулгаа хэлнэ. Ер нь өөрөө олж авах гэж цаг хугацаа, хүч хөрөнгө зарцуулсан бүх зүйл үнэ цэнэтэй шүү дээ. Энэ бүхний талаар яривал цаг хугацаа их орно. Гэхдээ бүх бүтээлээ хайрлан, хамгаалах нь цуглуулагч хүний үүрэг гэж ойлгодог.

 

-Цуглуулагч хүнд баримтлах зарчим гэж байдаг уу. Өөртэй тань ижил яг Чингисийн холбогдолтой марк цуглуулдаг хүн олон бий юу?

-Ямарваа нэгэн зүйлд шимтэж цуглуулж байна гэдэг нь чөлөөт цагаа зүй зохистой өнгөрөөж байгаагийн нэг хэлбэр. Гэхдээ марк цуглуулах нь дэлхий нийтэд хамгийн өргөн тархсан учраас хаан хобби гэж нэрлүүлдэг юм. Тиймээс үүсэл хөгжлийн тодорхой шатыг дамжин хөгжихийн зэрэгцээ дотроо цуглуулгын олон төрөлтэй болсон байдаг. Миний хувьд сэдэвчилсэн цуглуулга буюу зөвхөн Чингис хаантай холбоотой марк цуглуулдаг байхад зарим хүн Монголын бүх маркийг эхнээс нь авахуулаад өнөөг хүртэлхийг цуглуулсан байх жишээтэй. Үүнийг л уламжлалт цуглуулгын төрөл гэж нэрлээд байгаа юм. Сүүлийн үед Чингис хаантай холбоотой марк цуглуулдаг хүний тоо эрс нэмэгдсэн. Миний мэдэхээр идэвхтэй цуглуулдаг арав орчим хүн байна. Мөн гадаад хүн ч бас нэлээд бий.

 

-Тэгвэл та тэр олон цуглуулагч нараас юугаараа ялгарахыг хичээдэг вэ. Цуглуулгынхаа талаар төлөвлөсөн ойрын үеийн зорилго тань юу вэ?

-Ойрын зорилго гэвэл Чингис хааны үзмэрээрээ дэлхийн үзэсгэлэнгээрээ алтан медаль авахыг зорьж байна. Алтан медальтай үзмэрийг хүмүүс илүү их сонирхож, зорьж үзэхийг эрхэмлэдэг. Тиймээс үүнийхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж цаг, зав гээд бүхнээ зориулна. -Ярилцлагаа таны цуглуулга дахь хамгийн сонирхолтой хэсгээр өндөрлөе. Цуглуулгад тань байгаа Чингис хааны хөрөг бүхий 23 кратын цагаан, шар алт хослуулсан марк миний сонирхлыг ихэд татлаа. Энэ нь он цагийн хувьд ямар түүхийг өгүүлж байна вэ? -Сонирхол татам төрөл бүрийн бүтээл миний цуглуулгад олон бий. Тухайлбал, Зааны ясан эрэг улс 2012 онд “Сүүлчийн мянганы түүхэн хүмүүс” хэмээх нэртэй шүдтэй, шүдгүй цуврал бүтээл гаргасны нэгэнд Чингис хааныг дүрсэлсэн байдаг. Энэ бүтээл миний цуглуулгад томоохон байр суурь эзэлдэг. Мөн таны онцолсон Чингис хаан хоёрдагч мянганы суут хүн болсон үйл явдлыг илэрхийлсэн бүтээл үүнд багтана. Манай улс энэхүү үйл явдлыг тэмдэглэн 1999 онд Чингис хааны хөрөг бүхий 23 кратын цагаан, шар алт хослуулсан марк гаргасан. 2001 онд “Чингис хаан мянганы суут хүн” гэж бичсэн хавтас бүхий дугтуй, зориулалтын тамга үйлдсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй Доминикан улс хоёрдогч мянганы XIII зуны эхэн үеийн үйл явдалд зориулан гаргасан бүтээлдээ монголчуудын эзлэн түрэмгийлэл болон Чингис хааны таалал төгссөн тухай оруулсан. Ер нь энэ бүх бүтээлүүд миний цуглуулгад голлох байр суурь эзэлж, түүх өгүүлсээр байдаг юм. Эдгээрээс үзэхэд дэлхийн олон улс орон Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч байдгийн нэг илрэл бол энэ. Үүнийг баталсан бас нэг хэлбэр нь өөрийн улсын марк дээрээ түүний хөргийг мөнхөлсөн явдал юм.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)