Монгол бахархлын өдрөөр “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим эгшиглэнэ

 

Монгол бахархлын өдөр энэ сарын 19-ний ням гарагт тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ удаа Олимпын аварга Н.Түвшинбаяр “Чингис хаан” одон хүртэхээр болсон. Түүнчлэн Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог юм. Харин энэ бүх баярт үйл явдалтай таширлан Улсын филармонийн хамт олон “Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд” нэртэй киноны хөгжмийн сонгодог тоглолтыг зохион байгуулна. Энэ сарын 17, 18-нд болох уг тоглолтод “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжим эгшиглэхээрээ онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, тоглолт хоёр хэсгээс бүрдэж, эхний хэсэгт дэлхийн киноны хөгжмийг толилуулах бол хоёрдугаар хэсэгт “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг уран бүтээлчид эгшиглүүлэхээр төлөвлөсөн байна. Улсын филармонийн хамт олон энэхүү тоглолтыг өвөрмөц дуугаралт, гайхамшигтай сонгодог орчин, сэтгэл сэргээм, тансаг хөг аялгууг үзэгчдэд мэдрүүлэхийг онцолж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)