Д.Дамба-Очир: Бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр орон нутгийн төсвийг нэмсэн

Монгол Улсын ирэх оны төсвийн талаар УИХ- ын гишүүн Д.ДАМБА-ОЧИРТОЙ ярилцлаа. 

 

-Улсын төсвийг ямартай ч хуулийн хугацаанд нь хэлэлцэн баталсан. Төсвийн талаар олон нийт болон эдийн засагчид янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Таны хувьд хэр зэрэг төсөв болсон бэ?

-Ирэх оны төсвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад нийгэмд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн, дэвшилттэй болсон гэж харж байна. Боловсролын салбарт зарчмын томоохон асуудлыг шийдвэрлэж ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсооно. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төсвийн алдагдлыг найман хувиас хэтрүүлэхгүйгээр барьж байна. ОУВС-тай тохирсон асуудлын хүрээнд орлого, зарлагыг нэлээд тэнцвэржүүлэх гэж үзсэн. 2016 болон 2017 он эдийн засгийн хувьд хүнд жил байлаа. Тиймээс ерөнхийдөө хөрөнгө мөнгөндөө тааруулж, улсын төсвийг боловсруулж, баталсан. Гэхдээ 2018 он эдийн засгийн хувьд арай гайгүй болж, томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

-Төсвийн алдалгдлыг найман хувиас доош бууруулах боломж байхгүй юу?

-Найман хувиас доош багасгах боломжгүй. Хэрэв багасгавал эдийн засаг, хөрөнгө оруулалт хумигдсан дээрээ нэмж агших эрсдэлтэй. Аж ахуйн нэгж, иргэдийн амьдрал хүнд байгаа учраас төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх нь зүйтэй.

-Улсын төсвөөр ирэх жил хэчнээн сургууль, цэцэрлэг барихаар тооцсон бэ?

-Улсын хэмжээнд нийт 82 сургууль, 127 цэцэрлэг барихаар тооцсон. Мөн сургууль, цэцэрлэгийн он дамжсан барилгыг барьж дуусгана. Ингэснээр цэцэрлэгт хүүхдээ хамруулахын тулд сугалаанд найдахгүй болно гэсэн үг. Ер нь улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 40-өөд хувийг боловсролын салбарт зарцуулна. Тухайлбал, Боловсролын зээлийн сангаар дамжуулан 37 мянган оюутанд зээл олгоно.

-Төсвийн бас нэгэн онцлох зүйл нь орон нутгийн төсвийг нэмэгдүүлсэн явдал байлаа. Ямар үндэслэл шалтгаанаар ийм зохицуулалт хийсэн бэ?

-Аливаа зүйлийг Сангийн яаманд төвлөрүүлж, тэндээс баталж гаргадаг байдлыг зогсоох зорилгоор ийм зохицуулалт хийсэн. Нөгөө талаар томоохон бүтээн байгуулалтын ажлыг явуулах, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх, шаардлагатай цэцэрлэг, сургуулийн засвар үйлчилгээг хийх зэрэг олон асуудлын хүрээнд нэг аймагт дунджаар долоон тэрбум буюу нийтдээ 147.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Тодруулбал, улсын төсвөөс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг энэ оны төвшнөөс 35.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Ямар зарчмаар хэд орчим төгрөгөөр нэмэгдүүлэх вэ?

-Тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулж нэмэгдүүлнэ. Нэгдүгээр сарын 1-нээс дунджаар найман хувиар нэмэгдүүлэхээр ярьсан. Доод тэтгэвэр хэдэн хувиар нэмэгдэх, шатлал нь ямар байхыг Засгийн газар шийдвэрлэнэ. Ерөнхийдөө бага тэтгэврийг өндөр, ихийг нь багаар нэмнэ гэж ойлгож болно. “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор болсон.

-Хүүхдийн мөнгийг ирэх онд 60 эсвэл 80 хувьд нь олгоно гэх юм. Яг хэдэн хувьд нь олгохоор тооцож шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт суулгасан бэ?

-60 хувьд нь олгоно. Уг нь 80 хувьд нь олгохоор бид ярилцсан боловч чадаагүй. Гэхдээ боломж гарвал хувийг нэмэгдүүлнэ. -Нийслэлчүүдийн тулгамдсан асуудлын нэг болох Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хүрээнд тодорхой хэмжээний мөнгө төсөвт суулгасан байна билээ? -Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг зээл тусламжийн хүрээнд шийдвэрлэнэ. Харин эвгүй үнэртэй, хүчин чадал нь хэтэрсэн, Туул гол руу бохир ус цутгадаг зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт суулгасан. Үүнд Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

-Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор улсын төсөвт багагүй хэмжээний мөнгө тусгадаг. Энэ удаагийнхийг юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-Агаарын бохирдлыг бууруулахаар 17.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Утааг бодитойгоор багасгах үүднээс цахилгааны шөнийн тарифийг тэглэх зэрэг томоохон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Энэ чиглэлд тусгасан хөрөнгө санхүүжилтээс цахилгааны шөнийн тарифийг тэглэсэнтэй холбоотойгоор эрчим хүчний зарим тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчилнэ. Энэ ажлыг хийж эхэлсэн.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмшигчийн мэдээллийг ил тод тайлагнаж, худалдах замаар төсөвт багагүй хэмжээний мөнгө оруулах талаар ярьж байна. Яг ямар замаар энэ ажлыг зохион байгуулах юм бэ?

-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Тодруулбал, тусгай зөвшөөрлийг өргөдлөөр бус сонгон шалгаруулалтаар олгоно. Мөн газрыг дуудлага худалдаагаар худалдах зарчимд шилжүүлсэн. Ингэснээр тусгай зөвшөөрөл, татвар төлөхөөс зайлсхийж газрыг далдуур наймаалцах, зориулалтын бусаар ашигладаг байдлыг таслан зогсоож байна. Үүнийг УИХ дэмжихээс өөр аргагүй.

-МАН-ынхан өөрсдийн тойрогт их, сөрөг хүчинд бага хөрөнгө хуваарилсан гэдэг шүүмжлэлийг хэлж байсан. Үнэхээр ийм зүйл байгаа юм уу?

-Нэгдүгээрт, УИХ-ын гишүүний мөнгө гэж байхгүй. Хоёрдугаарт, ялсан намын гишүүд өөрсдийн тойрогтоо ажил хийх боломжийг бүрдүүлдэг нь үнэн. Тэр тойрогт их, бага мөнгө хуваарилсан гэдэг зүйл ярих нь зохимжгүй. Завхан аймагт АН ялсан. Гэхдээ хамгийн их мөнгө хуваарилсан гурван аймгийн нэг нь Завхан аймаг шүү дээ.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)