Намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна

Монгол Ардын Намын XXVIII Их хурал үдээс хойш салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Эдгээр салбар хуралдааны нэг болох Монгол Ардын Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн хуралдаан яг одоо Соёлын төв өргөөнд болж байна. Энэхүү салбар хуралдаанд Монгол Ардын Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа.

Намын анхан шатны байгууллагын төлөөлөл, орон нутгийн намын хороод, хэлэлцүүлгээс ирүүлсэн саналд үндэслэн намын дүрэмд зарчмын болон дагалдах найруулгын 50 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Тухайлбал, намын удирдлагын эрх үүргийн зохицуулалт, намын анхан шатны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь бэхжүүлэх, намаас сонгогдож, томилогдсон намын гишүүний ёс зүйн байдалд хяналт тавих, намын сонгуульт гишүүний сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг төслөө боловсруулжээ.

Намын дүрмийн өөрчлөлттэй холбогдуулан Их хурлын 50 гаруй төлөөлөгч ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. Төлөөлөгчдийн дийлэнх нь намын анхан шатны байгууллагын төлөөллийн оролцоог намын Бага хуралд нэмэгдүүлж 30 хувьд хүргэх, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх, Бага хурлын гишүүдийн тоог нэмэх, сонгуульт ажилтнуудын хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг дүрмээр зохицуулж өгөхийг хүсч байв.

2013 онд болсон Монгол Ардын Намын XXVII Их хурлаар батлагдсан намын дүрэм 13 бүлэг, 48 зүйл, 173 заалттай аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)