Монгол ардын намын эдүгээ ба маргааш

 Би-Монгол Ардын Нам

Миний бие МАН /МАХН/ -ын түүхийн дунд үеийн төлөөлөл, 1980 оны гишүүн, 37 жил гишүүн нь байхдаа НАШБ-ын хамгийн идэвх зүтгэл бүхий сонгуультны үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн гишүүн. “Нэр төртэй гэхийн учир 37 жилд НАШБ, аймаг, нийслэл, сум дүүргийн төвшинд намын хорооны гишүүн, сум хорооны хэмжээнд үүрийн дарга, аймаг, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, депутатаар зургаан удаа сонгогдож, олны итгэл хүлээж 1010 гишүүнтэй нийслэлийн анхны үүр төрүүлж, 21, 124, Сүхбаатар дүүргийн 131 дүгээр үүрийг ажлаар нь, нийслэлийн найм, улсын зургаан удаагийн тэргүүний үүр болгож байсан. Миний хүү, охид, хань, ах дүү, эгч, бэр хүргэн 140 орчим хүн МАН-ын өнөөгийн гишүүд. Би болон МАН надтай, миний амьдралтай холбогдсон түүхийн үнэн гэвэл энэ юм.

Хоёр. Эдүгээ ба МАН

Өнөөдөр МАН-ын дотоод асуудал миний мэт ахмад нөхдөд тээртэй, зовиуртай цаг үеийг авчирлаа. Тээртэй гэдэг нь МАН-аа зөв сайхан байж сонгуульд ялсан үед нь мань мэтэд жаргал ирж нас нэмнэ, намд маань илтэд буруу улс төрийн нөхцөл үүссэн тэр үед бид мэт нь цусны даралт өгсч, царай дарж, уур ундуйтай болон бусадтай ширүүн харилцдаг болчих юм. Зовиуртай гэдэг нь тэр. Тэгвэл МАН-ыг одоо хаашаа яваад байгааг нь зарим талаар ойлгохгүй, бид мэт нь сэтгэлийн асар их уур, бухимдал ядаргаа эдэлж сууна. Яг өнөөдөр МАН-ын дүүрэг, хорооны намын удирдагч нэртэй зарим залуусын толгой бүрмөсөн эргэсэн харагдаж байна. Тэд ардчилал шинэчлэлийн үеийн тойрон хүрээлэгчдийг өөртөө наадаг болсон байна. Эдгээр хүнд нам, нийгэм, улс төрийн эрх ашиг гэж огт алга боллоо. Ийм дүр зураг, үйл явдал УИХ, орон нутаг, ерөнхийлөгчийн удаа дараагийн сонгуулиас тов тодорхой харагдаж байна. Сүүлчийн баримтыг хэлэхэд намын ээлжит Их хуралд төлөөлөгч сонгох хэдэн өдрийн үйл явдлаас тодоос тод харж ядаргаа, бухимдал, санаа зовиур бүр лавшрав.

Маргааш ба МАН

МАН түүхэндээ 28 Их хурал, хоёр онц их хурал хуралдуулсан. 97 жилийн түүхэн үйл бүтээж, эх орноо, Монгол Улсаа, нийгмийн хөгжлийн хоёр ч үе шатанд зөв авч явсан, зөв хөтөлбөртэй, хүн төвтэй ууган нам. Нам оршин тогтнох эсэх нь уг намын гишүүд, удирдагчаас л шалтгаалдаг. МАН-ын маргаашийг бидний ахмад үе дараах байдлаар сэтгэл зүрхэндээ “зурж” сууна. Үүнд: 1. Юуны урьд эрх барьж байгаа энэ цаг дор Үндсэн хуульдаа хугацаа огт алдахгүй төр, засаг тогтолцооны асуудлаар нэмэлт өөрчлөлт хийж, түүхэн шийдэлд хүрэх нь нэн тэргүүний зорилт гэж үзнэ. 2. МАН-ын дүрэмд намын гишүүдээсээ эхлэн сонгуультан, удирдагч хүртлээ шинэ хариуцлага сахилгын тогтолцоог жинхэнэ, зоримог, урагшаа харж тогтоож журамлах нь бусдад загвар болмоор байна. 3. Өнгөрсөн цаг доорх түмэн хариуцлагыг нүдэн балай чихэн дүлий өнгөрөөсөн олон баримтыг авч үзэж, намд тогтолцооны хариуцлага тооцох шийдвэртэй алхам хийх цаг болсныг их хурал зүй ёсоор анхаарах хэрэгтэй. 4. НАШБ-ын дайчин чадвар олон газарт ялангуяа нийслэлд хүн амын бараг тал хувь төвлөрөн суудаг Улаанбаатар хотод сүрхий суларч бүр зарим талаар ноцтой байдалд хүрч намын нэр хүнд унаж, удаа дараагийн сонгуульд ялагдахад хүргэсэн энэ байдалд Их хурал оновчтой дүгнэлт хийж, мэргэн шийдвэр гаргах цаг нь болсон. 5. Их хурлаас сонгогдох намын удирдах зөвлөл, бага хурлыг ахмад, дунд, залуу үеийн төлөөллийг зөв хосолсон улс эх орныхоо язгуур эрх ашгийг үнэнхүү боддог намын уламжлал шинэчлэл, хөгжлийн асуудалд зөв байр сууринаас ханддаг тийм хүмүүсээр бүрдүүлж сонгох. 6. МАН-ын өнгөрсөн үеэсээ ялангуяа төвөөс зугатаж, ахмад үеэсээ хэт сарнин холдох бодлого барьж яваа залуу үедээ харамсал илэрхийлж, хөгжилд хөтлөгч хөгшин буурал намыг минь хуваагдал, талцал, албан тушаалын шат гишгүүр болгохоо больж, МАН-ыг минь бүү гутаа, мөнгөн дээр тогтсон нам болгохыг ахмад үе чинь хэзээ ч үл зөвшөөрнө. Сэтгэл, итгэл, зүтгэлийн нам хэвээр авч үлдье гэж өнөө үеийн эрх, танхил залуустаа гуйж захъя. Намын Их хурлаас МАН-ын ахмад үе чинь нас нэмсэн баярын магнай тодруулсан шинэ, оновчтой шийдвэр хүлээх л үлдлээ.

Ц.ЯДАМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)