Си Жиньпин БНАСАУ-д шахалт үзүүлж эхэлээ

Умард Солонгост улс төр, эдийн засгийн шахалт үзүүлэхэд Хятадын тал идэвхтэй оролцож буйг АНУ-ын төрийн тэргүүн онцоллоо. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Хятадын эрх баригчдын баримталж буй БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй бүс болгох бодлогыг АНУ дэмжинэ” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгост шахалт үзүүлэх талаар Си Жиньпинийг ятгасан бололтой. Бээжингийн эрх баригчид Коммунист намын Гадаад харилцааны хэлтсийн дарга Сүн Таог томилж, Пхеньян руу тусгай элчээр илгээсэн билээ. Бээжин Вашингтоны үйлдлийг дэмжин Пхеньянд эдийн засгийн шахалт үзүүлж эхэлсэн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа “Хятад улс Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгоход бодит туслалцаа үзүүлж байна. Бээжингийн эрх баригчид Умард Солонгостой хийдэг банкны гүйлгээ болон газрын тосны экспортоо зогсоосон. Хятадын Засгийн газар Пхеньяны эсрэг анх удаа бодит шахалт үзүүллээ. Тэд илүү ихийг хийж чадна. Юу болохыг харж л байя” гэсэн байна. Умард Солонгосын гадаад худалдааны 90 хувийг Хятад улс дангаар эзэлж байв. Энэ нь Бээжингийн зүгээс Пхеньянд шахалт үзүүлэх хүчтэй хөшүүрэг болно гэж Цагаан ордны тэргүүн Д.Трамп тооцоолсон юм. Хэрвээ энэ хөшүүргээ ашиглахгүй бол Вашингтоны зүгээс БНАСАУ-тай хамтран ажиллаж буй Хятадын тэргүүлэх компаниудын эсрэг санхүүгийн болон бусад хориг арга хэмжээ авахаа уламжилж байсан. Энэ нь Хятадын эдийн засагт хүчтэй цохилт болж магадгүй учраас Бээжингийн тал Пхеньянд улс төр, эдийн засгийн шахалт үзүүлсэн байж болох юм. Солонгосын хойгийн нөхцөл байдал Умард Солонгосын цөмийн асуудлаас болж улам хурцадсан. Энэхүү хурцадмал байдал Умардын тал устөрөгчийн бөмбөгийн туршилт явуулснаас үүдэлтэй билээ. Харин БНХАУ-ын энэхүү шийдвэрт үндэслэж Бээжин, Пхеньяны харилцааны талаар таамаг дэвшүүлэх нь тохиромжгүй гэж БНСУ- ын тал мэдэгджээ. Өмнөд Солонгосын Засгийн газрын хэвлэлийн албанаас “АНУ, Хятадын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын дараа БНХАУ-ын тусгай элч БНАСАУ-д айлчлахаар болсон. Хятад улс тусгай элчээ Пхеньян руу илгээх шийдвэр гаргасан нь хоёр орны цаашдын харилцаанд нөлөөлж магадгүй” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Японы аюулгүй байдал БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлын улмаас дэлхийн II дайнаас хойшх хамгийн тулгамдсан үедээ ирсэн гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Тэрбээр “Бид ард түмнийхээ дэмжлэгтэйгээр идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлнэ. Умард Солонгос удаа дараа пуужин хөөргөж, цөмийн туршилт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Япон улсад айлчилсан. Энэ айлчлалаар манай хоёр улс бат бэх харилцаатайг дэлхий нийтээр харсан” гэж онцолсон байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)