Марк Тассе: Монгол судлал алтны уурхайтай адил

Америкийн Монгол судлалын төвийн суурин захирал МАРК ТАССЕТАЙ ярилцлаа. Тэрбээр шилжилтийн дараах үеийн Монголын нийгмийг сонирхон судалдаг бөгөөд түүхийн шинэ үеийн судалгааг ахиулах хүсэлтэй ажээ. 

 

-Монголын түүх,​​​​​​​ соёлыг судлах болсон талаар тань ярилцлагаа эхэлье. Америкчууд Монголын талаар ямар ойлголттой байдаг вэ?

-Америкчууд Монголыг сонирхолтой түүхтэй, нууцлагдмал улс гэж ойлгодог. Хэдийгээр хүн бүр Монголын тухай сонссон ч Азийн хаана оршдог, ямар үндэстэн байдгийг төдийлөн мэддэггүй. Би Ази, Номхон далайн бүс нутгийн олон оронд ажиллаж, амьдарч байхдаа Монгол орны тухай олонтаа сонссон. Бизнес эдийн засгийн чиглэлээр магистрт суралцаж байхдаа Америкийн Монгол судлалын төвийн захирал Чарльз Крюскофф эрдэмтэнтэй танилцсан юм. Монголын талаар ярилцсан бидний яриа надад гүн сэтгэгдэл үлдээж, би энэ олон улсын талаар сонирхон судлах боллоо. Доктор Чарльз Крюскофф надад Америкийн Монгол судлалын төвийн суурин захирлаар ажиллах санал тавихад би дуртайяа зөвшөөрсөн.

-Монгол судлал Орос, Герман, Францад XIX зуунаас хөгжсөн. Харин Америкт монгол судлал хэзээнээс хөгжиж байна вэ?

-Америкийн монгол судлал Европтой нэгэн цаг үед эхэлж 1940-өөд оноос эрчимтэй хөгжсөн. Энэ үеэс зарим их сургууль монгол судлалын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Харин 1970-аад оноос Америкийн монголч эрдэмтэд илүү классик судалгааг хийх болсон. АНУ-д монгол судлалыг хөгжүүлээд зуу гаруй жилийг үджээ. Сүүлийн хориод жилийн хугацаанд нийтийн дунд монголчуудын талаарх мэдлэг өсч байгаа ба энэ талаарх судалгаа цар хүрээний хувьд тэлсэн.

-Америкийн Монгол судлалын төвийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

-Америкийн Монгол судлалын төв Монгол Улсын түүх соёл, ёс заншил уламжлалыг дэлхийн улсад таниулах, сурталчлах, дэмжин ажиллах зорилготой. Ингэхдээ түүх, байгаль орчин, биологи, нийгэм, улс төр, урлаг, уран зохиол гээд монгол судлалын өргөн цар хүрээг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна.

-Танай төв Америкийн судлаачдад Монголын тухай мэдээллийг өгөхдөө юу чухалчилдаг вэ?

-Манай төв Монголд судалгаа хийх хүсэлтэй гадаадын судлаачдыг Монголын эрдэмтэн, шинжлэх ухааны байгууллагуудтай холбодог. Мөн монгол судлаачдад англи хэлээр илтгэл, шинжлэх ухааны бүтээлээ академик төвшинд хэрхэн бичих талаар зөвлөгөө өгдөг юм.

-Америкийн монголч эрдэмтэд Монголын түүхийн аль үеийг сонирхон судалдаг юм бол?

-Монгол судлал алтны уурхайтай адил. Судлагдахуун ихтэй учраас тэр бүр хэвлэж олны хүртээл болоогүй судалгааг хийж болдгоороо онцлогтой. Америкийн түүхчид Монголын эзэнт гүрний үеийн түүхийг ихэвчлэн сонирхдог. Мөн Эзэнт гүрний өмнөх үе болон Монголын нутагт оршин тогтнож байсан эртний улсын түүхийг судалж байна. Харин Монголд ирсэн археологичид хүрэл зэвсгийн үеийг хамарсан судалгаа хийх сонирхолтой байдаг. Гэхдээ бид гадаадын эрдэмтдийг Монголын шинэ түүхийг судлаасай гэж хүсдэг. XX зууны Монголын түүх үнэхээр сонирхолтой. Манжийн эрхшээлээс гарч, нэгдсэн төр улсаа дахин байгуулсан 1911 он, 1921 оны хувьсгал, социализмын үе, ардчилсан хувьсгал, шилжилтийн дараах нийгмийг хамруулсан түүх, антропологи, социологийн судалгаа хийвэл сонирхолтой бүтээл гарах байх.

-XXI зуунд Монголын чиглэлээр ямар улс орнууд дорвитой судалгаа хийж байна вэ?

-Монгол судлалаар олон орон судалгаа хийснээс хамгийн дорвитой судалгаа хийсэн, судалгааны арвин фондтой улс бол Орос. Орос хэлээр хэвлүүлсэн Монголын тухай нэгэн сэдэвт судалгааны бүтээл, архивын баримт их. Гэхдээ тэдгээр баримтыг гадаадын судлаачид үзэж, бүтээлдээ ашиглахад амаргүй байдаг юм. Мөн Германы эрдэмтдийн бүтээл Монгол судлалд чухал байр суурь эзэлдэг. Ер нь социалист дэглэмийн үед зүүн лагерийн орнууд Монголыг судлахад нээлттэй байсан. Хоёр Герман нэгдсэний дараа Зүүн Германы эрдэмтдийн бүтээл олон нийтэд нээлттэй болсон ч герман хэлтэй судлаач ховор шүү дээ. Түүнчлэн Хятадын сурвалжид Монголын тухай олон баримт материал байдаг. Харин сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ, Их Британийн эрдэмтэд идэвхтэй судалгаа хийж байна. Монголын талаар судалгаа хийж буй АНУ- ын олон эрдэмтэн байна. Тухайлбал, Кристофер Этвүд, Моррис Россаби зэрэг түүхч, Дэвид Снит, Жек Уотерфорд нарын антропологичийг нэрлэж болно.

-“Гаднын орнуудад монгол судлал төдийлөн хөгжихгүй, монголч эрдэмтдийн тоо багассаар байна” гэж шүүмжлэх хүн олон. Энд юу нөлөөлж байна гэж та боддог вэ?

-Монгол судлаачдын тоо цөөрсөн гэдэгтэй би санал нийлдэггүй. Харин ч нийгэм нээлттэй болсноор Монгол Улсад ирж судалгаа хийх хүсэлтэй эрдэмтдийн тоо өсч байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эрдэмтдийн судалгаа бүс нутгийг хамарсан шинжтэй болсон. Тиймээс Монголын түүх судлаач гэж нэрлэхээсээ илүүтэй Зүүн Өмнөд Ази судлаач, Дотоод Ази судлаач зэрэг нэрийн дор олон эрдэмтэн судалгаа хийж байна.

-Оуэн Латтимор, Моррис Россаби тэргүүтэй Америкийн монголч эрдэмтэд хятад судлалаас шилжин Монголын түүхийг судлах болсон байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Америкийн их, дээд сургуулийн болон судалгааны байгууллагад Азиас илүү хятад судлал хүчтэй байдаг. Тиймээс Хятадын түүхэн дэх төр, улсыг судлахад монгол гэх нууц ертөнцтэй анхлан танилцдаг. Тэр нууц ертөнцийг нээх гэж олон эрдэмтэн хятад судлалаас Монголын түүх рүү хөрвөсөн. Өөрөөр хэлбэл, зарим судлаач Хятадын түүхийг судлах явцдаа монгол, уйгур зэрэг үндэстнийг Хятадаас илүүтэй гүнзгийрүүлэн су­далдаг. Тэдгээр эрдэмтний нэрт төлөөлөл нь Оуэн Латтимор, Хенри Шварц нар юм.

-Нэг хэсэг мартагдаад байсан монгол судлалыг хөгжүүлэхэд сүүлийн үед ихээхэн анхаарал хандуулах болсон. Цаашид монгол судлалыг гадаадад хэрхэн хөгжүүлбэл зохистой вэ?

-Монголч эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн хэмжээний нийгэмлэгийг байгуулж, гадаадын их, дээд сургуулиудад монгол судлалыг хүлээн зөвшөөрсөн судлагдахуун болгох шаардлагатай. Мөн маш чанартай монгол судлалын хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Америкийн зарим их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд монгол нь Зүүн Ази судлалын танхимд багтаж, хавсарга хэлбэрээр оршиж байна. Америкийн Монгол судлалын төвөөс Пенсилвани, Индиана, Беркели, Баруун Вашингтоны их сургуульд Монгол судлалын төвийг байгууллаа. Эдгээр нь монгол соёл, ёс заншлыг гадны улсад таниулах зорилгоор лекц, семинар, сургалт зохион байгуулдаг юм. Түүнчлэн эдгээр төвөөрөө дамжуулан Монголын түүх, соёлтой холбоотой үзэсгэлэн гаргадаг. Бид Монголын Үндэсний түүхийн музейтэй хамтран музейн сан хөмрөгийг эмхэтгэн каталоги гаргах ажлыг гүйцэтгэж байна. Монголын Үндэсний музей дөрвөн жил тутамд каталоги гаргах ёстой ч урсгал ажил ихтэйн улмаас эрдэм шинжилгээний ажилтнууд нь амждаггүй. Хэрвээ музейн каталогийг тогтсон хугацаанд нь хэвлэвэл гадаадын төдийгүй монгол судлаачдын хувьд судалгааны чухал хэрэглэгдэхүүн болдог.

-Залуу судлаачдыг Монгол судлалаар мэргэшүүлэхэд Монголын төрөөс юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Залуу судлаачдын бүтээлийг санхүүжүүлнэ гэдэг Монголын төр, засагт хүнд. Тиймээс судалгаа хийх нөхцөлөөр хангах, нээлттэй болгоход анхаарах хэрэгтэй. Судалгааны ажил явуулахад ихэвчлэн тусгай нөөц баялаг, хориотой газарт нэвтрэх, захиргааны зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Тиймээс Монголын төр, засгаас судлаачдад судалгаа хийх зөвшөөрөл, визийн хөнгөлөлт үзүүлбэл зорин ирэх эрдэмтдийн тоо нэмэгдэх болов уу. Монголд шинжлэх ухааны том лаборатори байдаггүй учраас судалгааны дээжээ гадаад руу явуулна гэдэг судлаачдын хувьд том асуудал үүсдэг. Энэ асуудлыг судлаачдад цаг алдалгүй шийдвэрлэх боломж бүрдүүлэх хэрэгтэй.

-Та амьдралынхаа 20 гаруй жилийг Ази, Номхон далайн орнуудад өнгөрүүлжээ. Монгол орон яагаад таны сэтгэлийг татах болов?

-Би Тайланд, Сингапур, Хятад, Өмнөд Солонгост ажиллаж байсан. Бизнесийн удирдлагын чиглэлээр сурсан болоод ч тэр үү аливаа орны хөгжлийн талаар сонирхдог. Шилжилтийн дараах Монголын эдийн засаг хэрхэн хөгжиж байна, Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж байна, шинэ тутамд тулгарах бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж буй нь миний анхаарлыг татсан. Монгол Улс шилжилтийн дараа чиг шугамаасаа ухралгүй өдийг хүрснээрээ миний сонирхлыг татах болсон юм. Мөн цаг уур, антропологи, нийгмийн судалгааны маш том индикатор болдгоороо онцлогтой.

-Судлаач бүр түүхэн цаг үеийн нэгэн баатрыг судалж өөрийнхөөрөө дүгнэдэг. Та хэнийг илүү сонирхон судалдаг вэ?

-Надад байлдан дагуулагч, удирдагчдаас илүү хаана ч дасан зохицох чадвартай, амьдралын нэг хэв маягт баригддаггүй хүмүүсийн амьдрал сонирхолтой санагддаг. Түүхэн хүмүүсээс би Монреаль хотыг үндэслэгч франц аялагч Самуэль де Шампленыг хүндэлдэг юм. Тэр хүн Канадын уугуул иргэдтэй найрсаг харилцаа тогтоож, хотын суурийг тавьсан гавьяатай. Надад Монголын түүхэнд тодорсон олон баатраас илүүтэй Чогдон гэдэг 75 настай эгэл багш онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Чогдон асар их эрмэлзлийнхээ үр дүнд орос хэлний багш болсон. Мөн нийгмийн шилжилтийн үед цаг үеэ соргогоор мэдэрч англи хэлийг бие даан сурсан байдаг. Одоо англи хэлний багш. Ер нь монголчууд Чогдон гуай шиг хөрвөх, дасан зохицох чадвартай. Мөн монголчуудыг хос хэлтэй үндэстэн гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Ардчилсан нийгмийн дараа төрсөн залуу үеийнхэн англи хэлийг аль ч төвшинд мэддэг бол 40-өөс дээш насныхан орос хэлээр ойлгодог байх жишээтэй. Энэ бол монголчуудын давуу тал юм.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • AX (122.201.31.40)

    2017-11-23

    Interesting interview. I wish him a success in the Mongolian Studies.

  • (199.115.116.37)

    2017-11-23

    тагнуул