МАН-ын XXYIII их хурал дээр Н.Багабандийн хэлсэн үг

 Их хурлын төлөөлөгч эрхэм журмын нөхөд өө.

Их хурлын төлөөлөгчөөр намын хамт олноосоо шалгаран сонгогдож улс орон, намынхаа хувь заяатай шууд холбогдох шийдвэр гаргахад оролцоно гэдэг нэг талдаа хувь хүний намтрын хуудаснаа онцгой товойн тодрох үйл явц, нэр төрийн хэрэг, нөгөө талдаа дээд зэргийн хариуцлагатай, түүхэн үйл хэргийн оролцогч, шийдвэр гаргагч гэдгээ гүнээ ухамсарлан ухаарах учиртай та бид.

Нийгмийн ардчилалын үзэл санаа, нийтээрээ баримтлах суурь зарчим, эрхэмлэн дээдлэх эв нэгдэл энэ гурвал манай намын үнэт зүйлсийн тулгын гурван чулуу юм. Үнэт зүйлсээ танин мэдэж, ухамсарлан ойлгож, үнэт зүйлсээ хүндлэн дээдэлж, сахин хамгаалж байгаа гишүүдтэй нам хэзээ ямагт хүчирхэг байж, өнө удаан оршин тогтнож, төр улс, түмэн олондоо үйлчлэх заяа тавилантай билээ. МАН ийм байж чадна гэсэн бат итгэлтэй байна.

Үзэл санаа – энэ бол чиг заагч од.

Түүнгүйгээр зүгээ олохгүй. Зам заагч үгүй бол намын амьдрал зогсонги болж, зорилго алдагдаж, хүч чадал сулран доройтно. Та биднийг нэгтгэж байгаа үзэл санаа нь улс үндэстэндээ, нийгэмдээ үйлчлэх алс холын бодолтой, чиглэсэн тов тодорхой зорилготой том үзэл санаа юм. Манай нам төрийн бодлого тодорхойлж байгаа эрх баригч нам. Эрх баригч нам руу амтат баланд цуглах хар ялаа адил албан тушаалын хэнээтнүүд, зүсээ хувиргасан наалдагсад, хувийн ашиг хонжоо хайгчид цуглах нигууртай тийм цаг үе. Энэ хүмүүс том үзэл санаанаас алга урвуулах төдийд урваж, намын үнэт зүйлсийг шавар шавхайтай хутгахаас сийхгүй. Тэд олширвол нийгэмд үйлчлэх үзэл санааны орон зайг нийгмээ дээрэмдэх үзэл санаа эзлэх болдгийг цаг ямагт санаж, байнга сэргийлж, том үзэл санаагаа хамгаалах халдашгүй дархлаатай байх учиртай. Цаг үе, байдал юмс маш хурдтай өөрчлөгдөж байна. Манай нам ч цаг үеэ соргог мэдэрч, өөрчлөгдөж шинэчлэгдэн амьдрах нөхцөл байдлаас ангид байх аргагүй. Шинэчлэгдэж өөрчлөгдөх явцдаа үндсэн суурь зарчмаасаа ухарч няцаж, хазайж гулзайж яав ч болохгүй. Хэсэг бүлгээрээ талцан хуралдах биш,

-2- төлөөллийн бүтцээрээ, нийлж нийтээрээ хэлэлцэж, олонхийн гаргасан шийдвэрийг цөөнх нь хэчнээн дургүй байлаа ч хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрч дагадаг ардчилсан зарчим манай намд янагш тогтвортой үйлчилж ирсэн, эдүгээ ч мөрдөгдөж байгаа, чанагш хөдөлгөөнгүй мөрдөгдөх учиртай. Зарчим алдагдаад даамжирвал өнгөрснийг мэдэхгүй, өнөөг ойлгохгүй, ирээдүй нь тодорхойгүй хүмүүс намд шургалж, өөрчлөх шинэчлэх, өөдлөх дэвжих зүг рүү бус уруудан доройтохын гүн ангал руу хөтлөх болно. Бид үүнийг хүсч байна гэж үү? Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдрах нь жам ёсны хэрэг. Дүрэм бол намын амьдралын хууль. Намын гишүүд дүрмээ хуулийн адил сахих ёстой, бас сахиулах учиртай. Гэхдээ хамгийн сайн дүрэм бол гишүүд та бидний ёс зүй, намын сахилга хариуцлага юм. Цаашдаа дүрмийн бус үйлдэл гаргагчидтай дүрмийн хүрээнд хатуу хариуцлага тооцож байж намын амьдралын хэм хэмжээ сахигдаж, гишүүдийн ёс зүй илүү цэвэр тунгалаг болж, манай намын өргөн олонд хүлээн зөвшөөрөгдөх чадвар, нэр хүнд өсөн дээшлэх болно.

Төрийн хуулийг сахиж, намын дүрмээ мөрдөх нь манай намын хэлбэрэлтгүй мөрдөх зарчим байх ёстой. Намын гишүүн хариуцлагын үлгэр жишээ байх үүрэгтэй гэдэг шаардлагыг өмнөх үеийнхэн бидэнд тавьдаг байлаа. Энэ байдал өнөө цагт ч хуучраагүйгээр барахгүй илүү ихээр үгүйлэгдэж байна. Эрхэлсэн ажлаа хариуцсан шиг хариуцдаг, хийсэн шиг нүүр бардам хийдэг, хариуцлага алдвал гоморхож гоншгонолгүй хариуцлагаа хүлээсэн шиг хүлээдэг ёс зүйтэй байх нь төрийн албанд тохоон томилогдсон хүн бүрийн сахих ёстой сахилга мөн.

Хүмүүс юунд илүү дургүй байна вэ? Шударга бус үйлдэлд үнэн голоосоо дургүй байна. Төрийн бүх шатны албанд намаас томилолт авсан хүн бүр намын их хурлын дараагаас нийгэмд шударга ёс хэрэгжиж байна гэдгийг мэдрүүлж эхлэх хэрэгтэй. Олон түмэн нүдээрээ харахгүй, чихээрээ сонсохгүй байлаа ч гэсэн зүрх сэтгэлээрээ мэдэрч байдаг юм. Шударга ёс хэрэгжинэ гэдэг нь хууль ёсыг чанд сахина, ёс зүйтэй ёс суртахуунтай, дээр дор, баян ядуу, танилтай танилгүй ялгаагүй алагчлалгүй адил тэгш хандан үйлчилнэ гэсэн үг. Шударга ёсыг сахихад нэмэлт хөрөнгө оруулалт, зээл тусламж, мөнгө төгрөг,

-3- шинэ хууль, дүрэм батлах шаардлагагүй.

Зөвхөн биеэ мэдэж, ёс зүйгээ зөв удирд. Хэнд ч харагдахгүй, хэнд ч сонсогдохгүй, хэнд ч мэдэгдэхгүй шударга бус үйлдэл хийж болох боломж олдсон ч тийм зүйл хийдэггүй хүн чин шударга. Хамгийн гол нь хэний ч туслалцаа дэмжлэггүй шударга байж чадах заяамал өгөгдөл хүн бүрт толгой дараалан бэлэн бий. Манай намын гишүүд ухаантанд жигшигдэн, олонд хэлэгдэх учиргүй этгээд явдал үйлийг бүү үйлдээсэй гэж хүсч байна. Шударга ёсыг огоорон, ёс бусын замаар явахаар шийдсэн бол чиний түмэнд чичлэгдэх, нохой гахайн замаар орох нэр төр өнгөрсөн хэрэг. Түүний цаана чамайг томилсон намын нэр хүндийг сэвтээх осолтойг эрх биш мэдэж мэдрэх хэрэгтэй. Чамд итгэн алба өгч, үүрэг хүлээлгэсэн намын нэр хүндийг шороотой битгий хутга, шавартай бүү зуур. Төрийн алба хашиж яваа хүн бүр шөнө унтахынхаа өмнө би өнөөдөр шударга байж чадсан уу гэж өөрөөсөө асууж, сэтгэл цэвэр байгаадаа баярлан, хар дарсан зүүдгүй, тайван нойрсох хэрэгтэй. Улс төрд үүрдийн нөхөр, мөнхийн дайсан гэж үгүй, харин мөнхийн эрх ашиг бий гэдэг. МАН үүсэн байгуулагдсан цагаасаа хамгаалан тэмцэж ирсэн Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, оршин тогтнохуйн эрх ашиг, гурван сая гаруй иргэний эрх ашиг бол мөнхийн дээд эрх ашиг юм.

Намын эрх ашиг зөвхөн мөнхийн дээд эрх ашгийнхаа дор, түүнд үйлчилж, түүнийг хамгаалж бэхжүүлэхэд чиглэх учиртай. Хувийн эрх ашгаа байх ёстой газар нь, байх учиртай хэмжээнд нь барьж байлгаж сурах хэрэгтэй. Тэдэнд муу байх тусам бидэнд сайн гэх хувийн явцуу эрх ашиг манай намын ёс суртахууны цадигт хэзээ ч нийцэж байгаагүй гал ус мэт харш гэдгийг санацгаая. Эрх ашгийн эрэмбийг чанд баримталж явах нь манай нам, намын гишүүдийн тууштай сахих зарчим юм. Төрийн дээд байгууллагад суугаа манай намын гишүүд эв түнжин сайнгүй байгаагаа ил харагдуулж, тод сонордуулж байгаад жирийн гишүүд сэтгэл зовинонгүй байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ харсан та нарын үйлдэл доошоо халдварт томуу адил тархан халдварлаж болохыг мэдэж байгаа ч мэдэхгүй дүр эсгэж, хожмын уршигт

-4 үр дагвар, хор хохирлыг өөрсдөө урин дуудаж хэрхэвч боломгүй байна.

Олуул байхдаа эвлэж чадахгүй бол цөөрхийн л цондон. Цөөрсөн хойноо эвлэх нь гашуун ч гэсэн үнэн, хувь заяаны шоглоом гэдгийг оройтоогүй дээрээ ухаараасай гэж бид хүсч, харж, хүлээж сууна. Цөөрөх хүртлээ хөлөө гэдсэндээ жийлцэх хэрэгцээ шаардлага байна уу? Элс үмхэж, эрэг мэрэх болно шүү дээ. Цөөрсөн хойноо эвсэж дотносон, найрсан тэврэлдсэн үед улайран зүтгээд, зүүгдэн хоргодоод байгаа алба тушаал, эрх мэдэл та нарыг бүгдийг нь хар буурин дээр чинь хаяад нүүсэн байх болно гэдгийг хожимдсон гэмшил амсаж, жаргал даахгүйн зовлон үүрээгүй дээрээ ойлголцвол зүгээрсэн. Эвлэе гэвэл зөвлө, эвдэрье гэвэл хэрэлд. Манай намын үнэтэйгээс үнэтэй үнэт зүйлс болох эв нэгдлээ эрхэмлэн хамгаалцгаая. Дан дээлтэй нь даарч яаралгүй, давхар дээлтэй нь халуурч хөөрөлгүй, эрх мэдэл илүүтэй нь эрдэж бярдалгүй, эрх мэдэл дутуу нь гомдож цангалгүй, өс зангидаж, үг хэт их сөрөлгүйхэн 2020 онтой золгочихмоор байна. Саруул ухаандаа тунгаацгаагаарай гишүүд ээ!

Олон түмэн манай намаас төрөө тогтвортой байлгаасай гэж хүсч байна, амлалтаа хэрэгжүүлэхийг хүлээж байна. Амлалтаа хэрэгжүүлж, үнэт зүйлсээ хадгалж, шударга байж, зарчимч бөгөөд бүтээлч байх зорилго дээр нийлж нэгдэж ажиллавал намынхаа 100 жилийн ойг хотол олноороо баяр хөөртэй угтаж лавтай чадна. МАН-ын 100 жилийн ойгоор манай намын дараалсан ялалтын туг өндөрт намиран мандаж, хийсэн бүтээснээрээ бахархаж, хөөр баяр дүүрэн байхын билигт сайн ерөөлийг өргөн дэвшүүлье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.179.24.80)

    2017-11-24

    Тун болзошгүй нэр дэвшигч байна.

  • (103.212.117.247)

    2017-11-24

    Зоригийн аллагын захиалагч

  • зочин (202.9.42.194)

    2017-11-24

    та өөрөө шудрага биш ардуудынхаа буянаар өндөр алба хаасан байж том компаний туз д улсаа төлөөлөөд юм хийхгүй өндөр цалин аваад ичихгүй сууж байгаад монголчууд харамсаж байгаа шүү

  • Монгол (202.179.25.77)

    2017-11-23

    Хоосон цэцэрхэгч, ардын зүйр үг хуулж, титэм үг гэгч инээдмийн жүжиг тоглогч, Завханы нутгархах үзэлд нэвширтэл автагдсан этгээд, өөртөө хийгүй нэр өгсөн нь юу ч хийгээгүйгээ нуусан арга юм.