Шилийн Богдын бэлд "Адуутай өвөл" гэрэл зурагчдын аялал, адуучдын баяр боллоо

Монголын гэрэл зурагчид эх орны зүүн хязгаар Домогт Дарьгангын хоймор хайрхан Шилийн богдын бэлд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хилийн бүс нутагт малчдын өвөлжилт, аж аж амьдралыг харуулсан гэрэл зургийн аялалыг зохион байгуулахаар зорьсон юм. Энэхүү аяллын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын нутагт ар, өвөр Монголын адуучин эрсийн уулзалт болж , нөхөрсөг тэмцээн зохиож адуучин залуусын цог золбоо, эр бяр, авхаалж самбааг сорьсон уралдаан тэмцээнүүд болов. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Бичигтийн боомтоор ӨМӨЗО - ны Шилийн гол аймгийн Зүүн, Баруун үзэмчин ,Авгын хошуудаас төлөөлж найман малчин иржээ. Тэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин С.Нэргүйн өвөлжөөнд зочилж аж байдал, амьдрал ахуйтай нь танилцан, Харгилтайн голд идээшиж буй адуун сүрэг дээр өнжив. Отрын нүүдэл аянчин гийчин ихтэй өнөө жил 20 -оод мянган мал энэ суманд өвөлжиж, цас их орсон зэргэлдээ Асгат сумаас олон өрх айл малаа оторлуулан нүүж ирсээр байгаатай бид замд таарлаа. Өвөлжөө сайхан, мал тарган тавтай сайхан өвөлжиж байгаа малчдын аж амьдрал холын зочид байтугай бидний ч сэтгэлийг баясгаж, гэрэл зурагчид адуун сүргийн зургийг дуран авиандаа буулгаж явлаа. Бид эндээсээ өглөө эртлэн босож, Өвөр Монголоос ирсэн аялагчдын хамт Дарьганга сумын Талын агуй жуулчны баазыг зорьлоо. Хэдийгээр явах газар ойр ч цас ихтэй тул замд ганц нэг унаа явахад амаргүй. Домогт Шилийн богд хайрханы зүүн хойно 12 км зайд байрлах байгалийн ховор тогтоцтой Монголын талд олон мянган жилийн тэртээ бий болсон мөсөн агуйн хажууд "Талын агуй" жуулчны хотхонд нар хэвийх алдад дөрөө мултлав. Болзсон газарт бидний мэргэжил нэгт нөхөд хэдийнэ чуулжээ. Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооноос Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Цацралт, шилдэг фото сэтгүүлч В.Баттулга, Монголын гэрэл зурагчдын холбооны нарийн бичиг Ц.Батбаатар, орон нутгийн гэрэл зургийн зөвлөлийн тэргүүн, Сэлэнгэ аймгийн гэрэл зурагчин Ч.Батдорж, Өмнөговиос байгалийн гэрэл зурагчин Мятав, Сүхбаатар аймгийн гэрэл зурагчин Ганбаатар, , аялалын гэрэл зурагчин Ариунбаатар , хүний их эмч Эрдэнэбаатар, залуу зурагчин Б.Ганхүү,Өвөр монголын гэрэл зурагчин С.Цэнгэлбаяр нарын уран бүтээлчид цуглав. "Талын агуй" жуулчны баазын эзэн, аймгийн алдарт уяач М.Амгалан Шилийн богд хайрханы ар хөндийд төвхнөөд даруй 13 жил адуун сүргээ өсгөж үржүүлэн өвөл зунгүй суурин сууна. Зан сайтай энэ айлд хол ойрын гийчин үл тасарна. Жавар исгэрсэн өвлийн өдөр зэргэлдээх малчны хотонд өвлийн идшээ бэлтгэж хөгшид, хүүхэдгүй бужигналдаж харагдана. Ах дүүсийн арваад айлын өвлийн зоогт адуу, үхэр, хонь ямаа нийлсэн дөчөөд мал төхөөрч гүнцэг хоолоо нөөцлөж буй гэнэ. Адуучин М.Амгалан,М.Мөнхбат нарын нийлсэн 2000-иад адуун сүрэг ар хөндийд бэлчээрлэнэ. Эртлэн боссон адуучид хэдийн талд хоносон сүргээ бөөгнүүлж зураг авах тохиромжтой хонхор газрыг хоёр мянган адуугаар дүүргэсэн байлаа. "Адуутай өвөл" гэрэл зургийн аялалдаа бид домогт Торой бандиар нэрлэж адуунд эрэмгий залуусийн дунд бэсрэг тэмцээн зохион байгуулсан юм. Даргьганга сумын ИТХ дарга А. Отгон нутгийн адуучдын төлөөлөө дагуулан ирсэн нь энэ аяллыг улам л утга төгөлдөр болгов. Адуучин тэмцээний шүүгчээр Аймгийн алдар уяач М.Амгалан, Өвөр Монголын алдар уяач Оюун -эрдэнэ, малчин М.Мөнхбат сонгогдон тэмцээнийг шуурхай зохион байгуулж дүгнэлээ. Тэмцээн Шилийн Богдын бэлд анх удаагаа зохиогдож байгаа хэдий ч тэмцээнд өрсөлдөхөөр 20-иод адуучин залуус бүртгүүллээ. Ар, Өвөр Монголын адуучдын тэмцээнд Хэнтийн Хэрлэнгийн хөдөө арлаас оролцохоор зорин ирсэн адуучин залуу ч байв. Морьтон залуус үзүүлбэрээ уурга шүүрэхээр эхлэж хэн чадсан нь дараагийн төрөлдөө шигшигдэж үлдсэн. Хорин залуусаас 13 нь уурга шүүрэх эрдмээ амжилтай гүйцэтгэж, эмнэг сургах, адуу элдэж шургаа хийж уураглах чадвараа гайхуулав. Жавар хургасан хөндийд шагай шиг хураасан адууны толгойд хулсан уурганы хуй эргэлдэн орж мултлах нь бахтай харагдаж, моринд эрэмгий залуус эзэмшсэн малч эрдмээрээ тэнхээ мэдэн өрсөлдөнө. Гэрэл зурагчид дурангаа шагайх тоолонд ширүүн аадар орж буй мэт чимээ талд сонсогдох нь содон. "Торой бандийн нутгаар" адуучин тэмцээний дүн гарч, хамгийн шилдэгээр Дарьганга сумын адуучин Э.Ганхуяг шалгарч, удаах байранд "Талын агуй"-н адуучин А.Батбаатар, гуравт 47 настай ардын авьяастан, адуучин Б.Нанзаддорж нар тэргүүн шалгарсан юм. Эрдэнэцагаанаас хөтөлгөө морьтой холыг зорин ирсэн Хүрлээ, Идэр-уяа нар удаах байранд орлоо. Домогт Шилийн Богдийн ар хөндийд ийнхүү нэг өдөр Ар,Өвөр Монгол малчин түмэн уулзан учирч, адууны соёл, эрдмээрээ уралдав.

Ц.Батбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)