Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн хичээлийг эмч, мэргэжилтнүүд заах нь зүйтэй

Эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуульд тусад нь оруулдаг болох талаар Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛЭЭС тодрууллаа.

 

-Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг оруулах эсэх талаар холбогдох талууд ямар шийдэлд хүрсэн бэ?

-Зайлшгүй оруулах ёстой гэсэн байр сууринд нэгдсэн. Манай улсын хүн амын 30 гаруй хувийг 18-аас доош насныхан эзэлдэг. Тэдний дунд өвчлөл их байна. Тухайлбал, бэлгийн замын өвчлөл, эрт жирэмслэлт, эрүүл бус хооллолт их тохиолддог. Таван хүүхэд тутмын хоёр нь хийжүүлсэн ундаа ууснаас ясны сийрэгжилттэй болж байна. Монголын хүн амын 3/1 нь тамхи татаж байгаагийн 14.3 хувийг охид, хөвгүүд эзэлж байна. Иймд ирээдүй, хойч үеийнхнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй бол хожим харамсаад ч барахгүй байдалд хүрэхээр болчихлоо.

-Эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт хэзээнээс оруулахаар төлөвлөсөн бэ?

-БСШУСЯ 2018 оны есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр товлолоо. Гэхдээ манай яамны хувьд бэлтгэл ажлыг шуурхайлж, 2018 оны хичээлийн хагас жилээс оруулж цаг хожих бодолтой байна. Манай яам эрүүл мэндийн хичээлийн хувьд агуулга талаас нь голлох үүрэгтэй оролцоно. Энэ хичээлийг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд заах нь зүйтэй. Мөн сургуулийн нийгмийн ажилтныг амьдрах ухаанд суралцах чиглэлээр бэлтгэх шаардлагатай байна.

-Олон улсад эрүүл мэндийн хичээлийг ямар байдлаар заадаг юм бол?

-АНУ-д долоо хоногт 2 цаг 30 минутаар эрүүл мэндийн хичээлийг заавал оруулдаг. Хятад, Орос улсад ч ялгаагүй. Гэхдээ сурагчдад зөвхөн мэдлэг мэдээлэл өгөөд зогсохгүй амьдрах ухаанд суурилсан бие даах чадварт сургах нь зүйтэй юм.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)