Тус багаддаггүй

“Бидний цөөн монголчууд” төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн асан М.Зоригт аян замдаа харангадсан янгирыг аварч буй залуустай таарчээ. Ухаахудагийн залуус Цагаанхадны кемп орчимд цангаж, харангадсан янгир байхыг анзаарч ус, тэжээл өгчээ. Хур тунадас багатай жил говийн зэрлэг амьтад өвөлдөө усгүйдэж, харангадах аюултай тулгардаг. Үүнээс сэргийлэх үүднээс хоёр жилийн өмнө тэнд хиймэл уст цэг байгуулжээ. Залуус уст цэгээ байнга эргэж тойрон, усаа сэлбэж, ойр орчимд нь өвс, тэжээл тавьдаг аж. Харангадсан янгир уст цэгийн замын эсрэг талд байсан учир түүний байсан байршилд дахин хиймэл уст цэг гаргахаар төлөвлөснөө залуус дуулгасан байна. Тус багаддаггүй гэдэг. Хөдөө хээр яваа залуус шаварт унасан мал амьтан, саварт нь элдэв зүйл орооцолдсон жигүүртэн шувуудыг аварч, асарч тойглож байгаа бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд олонтаа тавьсан байдаг. Зарим хүн ижлээсээ төөрсөн амьтныг хахир хүйтнийг өнгөртөл гэртээ авчирч, тэжээж тордон онд мэнд оруулсан тохиолдол ч бий. Энэ өвөл зарим аймагт цас бага унасан учир малаа услахад хүндрэл үүсч байгаа талаар малчид ярьж байна. Говь гэлтгүй хангайд ч ийм байгаа болохоор амьтдын хувьд усгүйдэх, хоол тэжээл хомсдох аюул тулгарчээ. Тиймээс хаа нэг газар явж байхад ядарч сульдсан мал амьтантай таарвал аварч хамгаалахад анхаарч, хичээн туслаарай.

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)