Ц.Цогзолмаа: Соёлын бодлогыг хөрөнгө мөнгөтэй, хүнтэй нь хамт хөгжүүлэх хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУСЯ-тай хамтран Соёлын тухай хууль, соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тус салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, санал дүгнэлт, боловсруулах ажлын хүрээнд салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон театрууд  болон орон нутгийн музей, киноны салбарынхан оролцож, санал бодлоо солилцсон юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг болон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар оролцсон юм. Энэ үеэр салбарын сайд Ц.Цогзолмаа “Яамны зүгээс энэ жил мэргэжлийн соёл урлагийн байгууллагуудын техник болон хүний нөөц нь мэргэжлийн байж чадаж байна уу гэдэгт онцгой анхаарал хандуулна. Мөн бүх нийтийн соёлын бодлогыг дэмжиж ажиллахаар төлөвлөж байна. Сайн даргатай байгууллага сайн явдаг. Тиймээс мэргэжлийн бөгөөд, зах зээлийн энэ нийгэмд зөв менежмент хийх чадвартай удирдлага бэлтгэх шаардлагатай байна.

Нэг байгууллагын удирдлага 8-10 жил тухайн байгууллагыг сайн удирдах нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Үүнээс олон жил болохоор тухайн хүнээс илүү зүйл гардаггүй, байгаадаа дасан зохицдог. Тиймээс журмаараа найман жил тутамд удирдлага өөрчлөгдөх тухай хуульчлахаар ярьж байна. Соёлын бодлогыг хөрөнгө мөнгөтэй, хүнтэй нь хамт хөгжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил соёл урлагийн санд тэрбум төгрөг батлагдсан бол энэ жил өсч хоёр тэрбум төгрөг болсон. Бид хувь хүний уран бүтээлийг дэмжих нь зөв. Гэхдээ салбараа бүхэлд нь хөгжүүлэхийн тулд хэдийг нь хүний нөөцөө хөгжүүлэхэд, хэдийг нь уран бүтээл, техниктээ зориулах вэ гээд нарийн төлөвлөгөө бодлого хэрэгтэй байна” гэсэн юм. Энэ сэдвийн хүрээнд соёл урлагийн салбарын төлөөллүүд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж өгөхийг төрийн өндөрлөгүүдээс хүссэн юм.

Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Б.Энхбат “Манай байгууллага соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн том байгууллага. Гэтэл Монгол Улсын хэмжээнд соёлын өвийг сэргээн засварлах ажил 10 гаруйхан хүний нуруун дээр байна. Манайх нийтдээ 28 ажилтантай. Бидэнд мэргэжлийн боловсон хүчин яаралтай хэрэгтэй байна. Ядаж 40-50 хүнтэй болчихвол ажлын үр дүн илүү дээшилнэ.” гэв.

Харин Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаяр “Өнөөдөр долоон настай хүүхэд том болоод би англи дуу зохионо гэж ярьж байна. Залуус нь нийтийн дуу сонсдоггүй гэнэ. Энэ бол эмгэнэл. Бид өнөөдөр монгол үгтэй гадаад дуу сонсч байна. Тиймээс жинхэнэ монгол дуугаа дэмжсэн хууль батлах хэрэгтэй. Мөн Монголын хөгж­мийн ууган байгуул­лагын нэг болох Мон­голын хөгжмийн зохиолч­дын холбоог 1989 онд хувьчилсан. Энэ бай­гууллага бол Монгол Улсад хөгжмийн урлагийн үрийг цацсан газар.  Төр эргээд мэдэлдээ авахгүй юм бол ядахдаа өөрийн гэсэн байртай болгож өгөөч” гэсэн юм.

Монголын циркчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Шүрэнцэцэг “Манай улс циркийн урлагийн баялаг түүхтэй ард түмэн. Өнөөдөр манай хүүхдүүд Олон улсын тэмцээнд оролцож, алтан цомыг нь аваад ирлээ. Тэднийг минь урамшуулах хүн алга. Ядахдаа бэлтгэлээ хийх байртай болмоор байна. Манай тамирчин агаар дээр зургаа эргэж, дэлхийн циркчдийг гайхшруулж, эх орныхоо төрийн далбааг дэлхийд мандуулсан. Гэтэл түүнтэй өрсөлдсөн Солонгосын тамирчин үзүүлбэрийнхээ үеэр хүзүүгээ хугалж нас барсан. Циркчдийн амь нас минут, секундээр хэмжигддэг. Амжилт гаргасан хүүхдүүдээ шагналд тодорхойлоод явуулахаар ямар ч хариу байдаггүй. Залуу насаа уран нугаралтын хөгжилд зориулж, одоо ч хүүхдүүддээ зааж зөвлөсөөр яваа А.Норов­самбуу эгч маань өнөөдөр хоёр цаг хөл дээрээ зогсч чадахааргүй болсон. Эдгээр хүмүүсийн алдрыг яагаад мөнхөлдөггүй юм бэ”.

Кино найруулагч Ж.Сэнгэдорж “Би киноны тухай хуулийн боловсруулалтын ажил дээр суусан. Гэвч эцэст нь энэ хууль үзвэрийн тухай хууль болж хувирсанд харамсдаг. Бид кино нэгтгэл бариад өг гэж гуйхгүй. Зөвхөн өөрсдийн хууль, бодлоготой болмоор байна. Энэ бодлогыг хариуцсан гишүүдтэй баймаар байна. Тэднийг яамны хажууд байлгаж, орон тооны бусаар өрөө гаргаж өгөөч. Эдгээр улс яам уран бүтээлчдийн хооронд зуучилж, гүүр болж өгмөөр санагдах юм. Мөн киноны чиглэлээр гадаадад суралцах хүсэлтэй, авьяастай олон залуу байна. Тэд хэнд хандахаа мэддэггүй. Гэтэл гаднаас ирсэн тэдгээр боломжийг эрх мэдэлтэй нэгнийх нь хүүхэд авчихдаг. Сургуульдаа очоод мэргэжлээ солих жишээтэй. Монголын кино урлаг хамгийн өрсөлдөөнтэй салбар. Өрсөлдөөн байгаа учир дэвшилт дагаад явж байгаа. Харин бидэнд дэмжлэг хэрэгтэй байна” гэв.

 

Ч.Гантулга

Засгийн газрын мэдээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • бат (66.181.160.96)

    2018-01-14

    боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллага ч гэсэн яг тийм байна.

  • (150.129.141.34)

    2018-01-11

    Ийм сайдтай тийм том салбар дээшилж харагдаа ч !!! энэ авгай соёл урлаг ,Шинжлэх ухаан боловсрол гэдэг том салбарт дэндүү жижигдэнэ.