Агаарын бохирдлын эсрэг тусгай сан байгуулна

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 4-нд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр дээрх төслийг өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төсөлд суурин газарт үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн, ойрын хугацаанд үр дүнгээ өгөх бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглах, салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлага тулгарсан байна. Тиймээс холбогдох хууль, эрх зүйн бусад актад нийцүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Түүнчлэн дээрх төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан агаарын бохирдлын эсрэг санг байгуулахаар тусгажээ. Энэ тусгай сан нь агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдуулах бодисын хаягдлыг багасгах зорилтын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санхүүжүүлэх аж. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авах талаар УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийнхэн байр сууриа илэрхийлсэн. Тэдний байр суурийг тоймлон хүргэе.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв- Очир: -Утааг арилгана гэж хугацаа амлахад хэцүү байна. Сүүлийн хоёр, гурван жилд утааг бууруулах сан байгаагүй учраас утаанд мөнгө бараг зарцуулаагүй. Тиймээс агаарын бохирдлын эсрэг тусгай санг дахин сэргээх тухай ярьж байгаа юм. Энэ санг дахин сэргээснээр олон улсын хөрөнгө оруулалт, утааны эсрэг төсөв санхүүг энд төвлөрүүлэх боломжой болно. Агаарын гол бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл, өрх бүрдүүлж байгаа. Тиймээс утааг бууруулдаг, утаагүй зуух тараах асуудлыг Засгийн газар ойрын зорилт болгоно.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: -Өмнөх болон өнгөрсөн асуудлыг одоо хийж хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээтэй хольж, хутгаж болохгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг баталсан учраас улстөржөөгүй. Салбарын яамд нь ажлаа хийгээд явж байсан. Гэтэл сүүлийн үед өмнөх мөнгийг тойруулаад улс төр хийгээд байна. Утаа гаргаж байгаа бол түүхий нүүрсийг хориглоно. Сан байгуулахаар Цэвэр агаар сангийнхан шиг идэж, уучихна гэж бодоод байх шиг байна. Тооцоо, судалгаатай хийж байгаа болохоор тийм зүйл болохгүй. Олон хүн хошуу нэмж байна. Бидэнд хуруу нэмдэг хүн хэрэгтэй шүү.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: -Утаагаар улстөржиж байгаад харамч байна. 20 жил улс төрд байсан хүмүүс, улс төрийн хүчнүүд энэ утааны асуудлын хариуцлагыг хүлээх учиртай. Олон арга хэлбэрийг хослуулж байж утаанаас гарах юм байна билээ. Утааны үндсэн суурь бол түүхий нүүрс. Тиймээс түүхий нүүрсээ орлох, шахмал нүүрс үйлдвэрлэх нь энэ тэргүүний зорилт гэж ойлгодог. Шахмал нүүрс нь нарийн тоосонцор болох PM2.5- ыг буруулах үндэс нь болох юм. Тиймээс Засгийн газрын төвшинд бүгд энэ шахмал түлшний асуудлыг анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн парламентаар баталсан хуулиар бүх яамны эрх үүрэгт агаарын бохирдлын асуудлыг оруулсан учраас Эрүүл мэндийн яам ч энэ чиглэлд анхаарч байгаа. Агаарын бохирдол жирэмсэн эхчүүдэд хүндээр тусч байгаа нь үнэн. Үр зулбах, дутуу төрөх нөхцөлийг утаа бүрдүүлж байна. Уушгины хавдрын 40 гаруй хувь, ханиад томуу хүндрэх нөхцөлд утаа нөлөөлдөг. Тиймээс УИХ-ын гишүүд, улстөрчид нэгдмэл байр суурьтай байх ёстой гэдэгтэй санал нэг байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -20 жил давтсан ажлаа хийж байхаар дагуул хот байгуулах нь дээр байх. Зуух тараая, түүхий нүүрс, болсон нүүрс гэж яриад ямар ч үр дүн гарахгүй. Мөн орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн хэвээр байна. Тиймээс орон нутагт орон сууцны зээлийг дэмжиж өгөөд дагуул хот байгуулах зэрэг том зургаар нь асуудалд хандмаар байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хувьд УИХ-аас сүүлийн 20 жил шийдээгүй байсан асуудлыг сайдаар ажиллаж байхдаа гаргаж тавьсан. Манай болон бусад яам иргэний нийгэм, төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаанд үндэслэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Хэрэгжүүлэх талд нь сайн сурталчилгаа хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлыг дэмжиж байна. Үе шаттайгаар авч хэрэгжүүлэх ажлын талаар үндэсний хөтөлбөрт тодорхой тусгаж өгсөн. Нийслэлийн төвлөрлийг сааруулах, гэр хорооллын тэлэлтийг зогсоох, дагуул хотыг дэмжих, их, дээд сургуулиудыг нүүлгэх зэрэг зоригтой хийх ажлууд бий. Түүхий нүүрсээ шууд зогсоох боломжгүй. Дугуй түлж байгаа олон айл бий. Тиймээс түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ: -Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жил ярьж байна. Цэвэр агаар сангаар дамжуулаад 200 тэрбумыг үрэн таран хийсэн. 2012-2016 оны Засгийн газрын үед энэ мөнгө үрэгдсэн. Энэ асуудлыг бүх төвшинд нь анхаарч, ярих ажлыг эхлүүлсэн хүн нь би.

УИХ гишүүн Д.Тэрбишдагва бид хоёр гурван Их хурлын чуулганы нээлт дээр энэ асуудлыг тавьж, ярьсан. Тухайлбал, 2012-2016 онд чуулган дээр Багануурын түүхий нүүрсийг шуудайлаад тарааж байгаа нь хамгийн буруу асуудал гэдгийг хэлж байсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тодорхой, чухал хийх ажлууд орсон. Сүүлийн сард бүгд ярьж байна. Ингэж байж үр дүнд хүрнэ. Тал талд байгаа ажлуудаа нэг газар төвлөрүүлэх хэрэгтэй. Сангаа байгуулж, ажил, амьдралаа ялгах хүмүүсийг удирдлагаар нь тавиад ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: -Агаарын бохирдлын талаар нэлээд ярьж байгаа ч ямар үр дүнд хүрэх гэж байна вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Энэ ажил үр дүнгээ өгөх учиртай. Цэвэр агаар санг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу 2010 онд байгуулаад 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хүчингүй болгосон. Энэ сан нэлээд зуух тараасан ч үр дүнгүй байсан тухай шүүмжлэл ихээр дагуулж байна. Цэвэр агаар сан дорвитой ажил хийгээгүй гэдэг үндэслэлээр татан буулгасан байдаг. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй гэв.

ДЕПУТАТУУДАД САР БҮР 150 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХЫГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ- ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн нийгмийн даатгал, халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна нэмэгдэл олгодог хуулийг 2008 онд батлан хэрэгжүүлж байгаа юм. УИХ-аас Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 2-нд баталсан. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт алдар цолтонд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан (1990-1992) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг хуульд тусгасан байна. Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан (1990-1992) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • koi (41.85.161.167)

    2018-01-13

    Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081