Б.Бат-Эрдэнэ гишүүн сургамжтай үгээр байр сууриа илэрхийлэв

 Лхагва гарагт хуралдсан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр тус хорооны дарга Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнийг “аварга” гэж санамсаргүй хэлсэн аж. Үүнд гишүүн ихэд эгдүүцэж “Энд төрийн ажил явж байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо бол өргөн хүрээтэй, чухал асуудлыг хэлэлцдэг гол хороодын нэг гэж би боддог. Гэтэл байнгын хорооны дарга нь гишүүнийг цол, шагналаар дуудах нь зохисгүй байна” гэж нэлээд шүүмжлэлтэй ханджээ. Баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр олон түмнийхээ нүд сэтгэлийг баясгаж, уран мэхийг уралдуулан хийж, хүч чадлаа гайхуулсаар ирсэн алдарт бөх гэвэл яалт ч үгүй Б.Бат-Эрдэнэ аварга мөнөөсөө мөн. Харин түүнийг УИХ-ын гишүүний тэмдгээ зүүчихээд асуудал ярьж байхад үндэсний бөхийн алдар цолоор дуудах, нэрлэх нь үнэндээ л зохисгүй явдал юм. Манай одоогийн УИХ-ын гишүүд дотор салбар бүрээс сонгогдсон өөр мэргэжил, сонирхолтой эрхэм цөөнгүй бий. Тухайлбал, урлагийн салбарт од болон гялалзаж явсан С.Жавхлан гишүүнийг “гавьяат аа” гээд байвал ямар сонсогдох бол. Дундговиос олны итгэлийг хүлээж УИХ-ын танхимд орж ирсэн Г.Мөнхцэцэг гишүүнийг “Яруу найрагч та, саналаа хэлнэ үү” гэвэл сонгогчид яаж хүлээж авах вэ. Иймээс Хэнтий нутгаасаа УИХ-д хэдэнтээ сонгогдсон Б.Бат-Эрдэнэ гишүүн аргагүй л туршлагатай парламентчийн буурь зааж, нударгатайхан үг хэлсэн байна. Бусдад ч сургамж болох биз ээ.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)