Халуун орнуудад цас их орох болжээ

Дэлхийн цаг уурын өөрчлөлт манай гарагт зөвхөн температур нэмэгдэхэд нөлөөлдөггүй байна. Цаг уурын өөрчлөлтөөс болон байгалийн янз бүрийн үзэгдлийн давтамж ойртож, эрчим нь ихэсдэг аж. Уур амьсгалын гаж үзэгдэл нь үер, ган гачиг, энэ улирал болон өргөргийн хувьд урд өмнө байгаагүй байгалийн үзэгдлээр илэрч байна. Европын уулын цанын баазуудад өвөл цасгүй эхэлж байхад Саудын Араб, Сахарын цөл, Энэтхэгт цасан шуурга тавьж байх жишээтэй. Агаарын температур гэнэт буурсны улмаас дээрх нутгийн оршин суугчид амьдралдаа анх удаа цас үзсэн сонин тохиол энэ долоо хоногт боллоо. Хойд Энэтхэгийн Уттар Прадеш мужид цас орж цочир хүйтэрсэн байна. Байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас 40 гаруй хүн амиа алдсан талаар “IANS” агентлаг мэдээлэв. Сүүлийн долоо хоногт хүйтний эрч хамгийн дээд хэмжээнд хүрч 2.9-7.5 хэмд хэлбэлзэж байгаа аж. Тус мужид энэ сарын 5-наас хүйтэрснээс 143 хүн нас баржээ. Улмаар бага, дунд сургуулийг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Уттар Прадеш мужид цаг агаарын нөхцөл байдал дахин хоёр хоног үргэлжлэх төлөвтэй байна гэж цаг уурчид таамаглажээ.

Мөн Хойд Африкийн 30 хувийг эзэлдэг Сахарын цөлийн хойд хэсэг Алжир улсын Айн Сафра хэмээх хотод 40 см зузаантай цас орсон байна. Хотын төв хэсгээр 5-6 см орсон бол захын элсэн манхантай хэсгээр 40 хүртэлх см-ийн зузаантай цас орж элсэн манхныг цасаар бүрхжээ. Сахарын цөлийг дэлхийн хамгийн халуун нь хэмээн тодорхойлдог. Энэ цөлд өвөлдөө 13 хэмийн дулаан байдаг бол өнгөрсөн лхагва гарагт цас орж, хасах 1 хэмд хүрчээ. Энэхүү байгалийн ховор үзэгдлийг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Умард Африкийн Марокко, Алжир улсын өмнөд нутаг Сахарын цөл цасанд дарагдаж, бүтэн хоног цасан тал болжээ.

Цөлийн хаалга хэмээн нэрлэгддэг уг хот нь далайн түвшнээс дээш 1000 метрийн өндөрт оршдог. Хэдийгээр ийм өндөрлөг хэсэгт оршдог боловч тус хотод цас орох нь байгалийн хамгийн ховор үзэгдэлд тооцогддог. Гэхдээ ийнхүү сүүлийн гурван жил дараалан тус хотын иргэд цас үзэж байна. Ард иргэд цас харан баярлаж байгаа ч цаг уур судлаачдын үзэж буйгаар энэ ч тийм ч баярламаар үйл явдал биш аж. Үүнийг дэлхийн цаг уур амьсгал өөрчлөгдөж байгаагийн нэг дохио хэмээн тайлбарлаж байна. Айн Сафра хотод анх 1979 онд буюу одоогоос 37 жилийн өмнө Сахарын цөлийн баруун хэсэгт 30 минутын турш цасаар шуурч хот суурингийн замын хөдөлгөөнийг хаахад хүрч байсан гэсэн мэдээлэл байдаг.

Афганистаны зүүн хойд хэсэг дэх Бадахшан мужид их хэмжээний цас оржээ. Үүнээс шалтгаалан 42 хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болжээ. Мужийн захирагчийн албаны мэдээлснээс үзвэл Тажикистаны хилийн ойролцоох нэгэн тосгон бүхэлдээ цасанд дарагдсан гэнэ. Бадахшан нь Афганистаны хамгийн бөглүү, хөгжил тааруу муж гэнэ. Тус мужид хамгийн их цас унадаг ч энэ жил олон жилийн дунджаас их цас орсон талаар цаг агаарын шинжээчид мэдэгджээ. Бадахшаны Улаан загалмайн ажилтнууд цасанд боогдсон бөглүү суурингийн иргэдэд тусламж үзүүлэхээр очсон гэнэ. 190 оршин суугчтай суурингийн 39 хүн цасан шуурганд төөрч амиа алдсан байна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)