Захуудыг нүүлгэвэл утаа, түгжрэлээс сална

Аливаа хотын хүн амын тоо нэмэгдэхэд хаяа, хүрээ нь улам тэлдэг. Гэтэл Улаанбаатар хот гадагш тэлэх бус эсрэгээрээ төв рүүгээ тэмүүлэн иргэд, худалдаа үйлчилгээний газрууд нь зай завсаргүй болтлоо чихдэлцэж байна. Эл нягтаршлаас үүдэн агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, авто замын түгжрэл биднийг бухимдуулах болоод удаж байна. Асуудлыг шийдэхийн тулд хотын удирдлагууд их, дээд сургууль, захуудыг хотоос гаргах талаар олон жил ярьсан. Үүний эхлэл болгож нийслэлээс томоохон худалдааны төвлөрсөн газар, үйлдвэр, их дээд сургуулийг даруй гаргах талаар хотын захиргаанаас шат дараалсан ажил эхлүүлээд байна. Тодруулбал, авто худалдааны зах, цэгүүдийг хотоос нүүлгэж нэг цэгт төвлөрүүлэх үүднээс Авто худалдааны цогцолбор байгуулж, 1000 машины зогсоолыг хотоос нүүлгэв. Нийслэлийн ИТХын дарга С.Амарсайхан захуудыг нүүлгэх ажлын хэсэг байгуулж, 100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэх шийдвэр гаргав. Тэрбээр “Иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зайлшгүй хийх ёстой ажил энэ. Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, төвлөрөл жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс барилгын материалын захыг нэн тэргүүнд, дараагаар нь техникийн болон модны захыг үе шаттай нүүлгэх шийдэлд хүрсэн. Уг ажлыг олон жилийн өмнөөс ярьсан. Гэвч дорвитой арга хэмжээ авч чадаагүй учир өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Тиймээс нийслэлийн ИТХ болон миний бие ийм санал гаргаж, захуудыг нүүлгэх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг оны эхний улиралд захуудыг нүүлгэх төлөвлөгөө боловсруулж, судалгаа хийж шийдвэр гаргана. Түүний дараа нүүлгэх ажлыг эхлүүлнэ” гэв.

 

Бээжин хотын агаарын бохирдол эрс буурсан нь экологийн шинэ бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой гэж “Риа новости” агентлаг мэдээллээ. Хятадын Засгийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан экологийн салбарын шинэчлэлийн хүрээнд Бээжин, Тяньжин зэрэг 18 хотын төвлөрлийг бууруулж, 14 зах, худалдааны төв, 260 хүнд үйлдвэрийг шилжүүлсэн байна. Бээжин хотын захиргаанаас хүрээлэн буй орчныг хамгаалах хатуу стандарт тогтоож, хэвлэх, тавилга, хар төмөрлөг зэрэг үйлдвэрлэх явцад бохир бодис ялгаруулдаг 43 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийг нутаг заан гаргаснаас гадна техникийн шинэчлэл хийх хатуу шаардлага тавьжээ.

 

Утаа, замын түгжрэл, хүн амын хэт төвлөрөл зэрэг нийслэлчүүдийн толгойн өвчин болсон асуудлыг цэгцлэх бас нэг үр дүнтэй арга нь их, дээд сургуулиудыг хотын зах руу нүүлгэж, оюутны төвлөрсөн хотхон байгуулах юм. Одоогоор Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Эдгээр сургуулийг хотоос нүүлгэж, оюутнуудын нийгмийн хэрэгцээг хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосноор хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна. Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг хотоос нүүлгэхээр шийдвэрлэж, 2018 оны төсөвт хөрөнгийг тусгахаар болсон. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх сургалтын чанар, орчин сайжирч, 12 мянган оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын А зэрэглэлийн бүсээс шилжиж замын хөдөлгөөний түгжрэл буурна гэж үзэж байгаа юм. Энэ нь их дээд сургуулиудыг нүүлгэх ажлын эхний алхам гэж хэлж болно. Хотын дарга С.Батболд санаачилга гаргаж БСШУСЯ-д хамтран ажиллах санал хүргүүлсэн. Үүндээ төвлөрлийг сааруулах чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэлийг нь харгалзан, үе шаттайгаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хот болон газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг, алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээ авч, Улаанбаатар хотод цаашдаа их, дээд сургууль байгуулахыг зогсоож, шаардлагатай тохиолдолд дээр дурдсан газруудад дээд боловсролын сургууль байгуулахыг зөвшөөрөх нь зүйтэй хэмээн тусгажээ. Энэ мэт шийдвэрийг хэрэгжүүлж, их, дээд сургуулиудыг хотын захад төвлөрүүлбэл олон сайн талтай. Тэнд жижиг суурин үүснэ. Зах зээл тэлнэ. Оюутнуудын сул цаг, хэрэг зөрчил, автобус, замын түгжрэлд зарцуулдаг цаг багасна. Бүтээмж ч дээшилнэ. Хотын автомашины тоо багасна. Зам, хүний хөдөлгөөн ямар ч байсан сийрэг болно. Оюутны хотхон, хичээлийн байр, спорт заал зэргийг эхний ээлжид бүтээн байгуулж оюутнуудаа хүлээж авбал түүнийгээ дагаад банк, эмнэлэг, дэлгүүр гээд хүнд хэрэгтэй бүх үйлчилгээ нээгдэнэ. Түүнийгээ дагаад ажлын байр бий болж, залуу хүмүүс суурьшсан газарт олон төрлийн бизнес, үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ.

Хамгийн гол нь өглөө ажлын цаг, орой ажил тарах үеэр үүсдэг урт түгжрэл, гарцаар зөрөх зайгүй олон хүний дундаас оюутнууд хасагдах нь томоохон үр нөлөөтэй. Мөн нөгөө талаараа оюутнууд хотоос зайдуу, зөвхөн хичээл номдоо анхаарал хандуулж, элдэв зүйлд сатаарахгүй сурах нь чанартай боловсрол эзэмшихэд ч дөхөм болох юм. Монгол Улсын хүн амын тал хувь буюу 1.4 сая гаруй нь Улаанбаатар хотод амьдарч байна. Хүн амын шилжилт хөдөлгөөний хэт өсөлтийг дагаад гэр хороололд амьдрах иргэдийн тоо 2010 оноос эрчимтэй нэмэгдсээр хотын суурьшлын нутаг дэвсгэрийн 61.2 хувийг гэр хороолол эзлэх болжээ. Уг нь гэр хорооллыг хөгжүүлэх, дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах, утаагүй болгох төсөл хөтөлбөрийг 2008 оноос эхлүүлсэн байдаг. Тухайн үед хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу VII хорооллоос дахин төлөвлөлтийг эхлүүлж, багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэсэн. Улмаар газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай 300 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан юм. Ингээд цаашдаа бүх дүүрэгт барихаар шийдвэрлэсэн ч үр дүнд хүрээгүй. Мөн Э.Бат-Үүл 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж тооцоолж, шийдвэр гаргасан ч 2000-ыг л барьсан. Тухайн үед зураг төсөлд ороод байсан амины орон сууцны хорооллыг ч энэ хугацаанд огт бариагүй. Газраа чөлөөлсөн иргэдээс ердөө 615 нь түрээсийн сууцад амьдарч байгаа бол үлдсэн 400 иргэн хөсөр хаягдсан байдалтай сууна. Энэ хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан гээд бод доо. Энэ мэт хэдхэн жишээ дурдахад л гэр хорооллыг хөгжүүлэх биш, эрх мэдэлтнүүдийн халаасыг түнтийлгэх бизнес гэж дүгнэж болохоор. Хотын төвд суурьшаад буй энэ их гэр хорооллыг амьдралын нөхцөл бололцоогоор нь хангаад хотоос гаргаж, баруун, зүүн тийшээгээ нүүлгэн шилжүүлбэл хэн хэндээ хэрэгтэй. Гаднын орнуудын хөгжлийн гарцаас харахад томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хотоос гаргаж, улам өргөжүүлэн, иргэдэд ажлын байр бий болгохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэх боломж олгосон байдаг юм. Улаанбаатар хотод үүнийг хэрэгжүүлэх боломж ч бий. Хотоос гараад хэдхэн километр явахад эзэнгүй газар хаа сайгүй тааралдана. Барилга байшин барьж, хотоо тэлэх зураглал хэрэгжүүлэх боломжтой нь эндээс харагддаг.

 

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • михал (124.158.107.106)

    2018-01-16

    төрөөс биш биднээс л шалтгаална ирээдүй хойч үеэ бодож хүн бүр эв эеийг нэгтгэн 100 айл нарантуул зэрэг захуудыг нүүлгэхийг хүсч байгаа зөв зохион байгуулалт л хэрэгтэй тэнд ажиллаж амьдралаа залгуулж байгаа иргэдийн асуудал гол нь

  • (202.179.26.242)

    2018-01-16

    Түгжрэлийн гол шалтгаан чинь наад захууд чинь шүү дээ.

  • би (103.9.90.98)

    2018-01-16

    Яагаад зах гэж нэрлэсэн юм бол? гэж бодлоо. Хотоос зах, хязгаарт л байх ёстой газар тул тийнхүү нэрлэжээ дээ.

  • zochin (103.87.255.66)

    2018-01-16

    хамгийн эхэнд Нарантуулийг нүүлгэх хэрэгтэй жинхэнэ түгжрээ дагаад тэнэмэл иргэд архичид гээд бөөн дагавартай байдаг шүү

  • irgen (202.9.42.155)

    2018-01-16

    narantuulyg huuh heregtei hotyn irged odoo ochdog yumuumhulgaichid l uurelsen gazar gej sonsson

  • (203.91.112.146)

    2018-01-16

    Khamgiin turuund Narantuul Dunjingarav 2iig nuuulge esvel bur khaaval taarna Khyatadaas khog oruulj zardag khulgai deerem luivriin uur bolson zakh nertei iim gazar khotiinkhoo barag tuvd bairlaj utaa tugjrel nemj baigaag khezee zogsookjh ve

  • Zochin (59.153.115.87)

    2018-01-16

    Yu vnen ene l vnen shv.bvgdiig ni hotoos gargah heregtei

  • ЗОЧИН (139.5.219.89)

    2018-01-16

    ЭХ НЯЛХАСЫН УРД МАШ ТОМ ИХ СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИГДСАН .ЭНЭ МЭТЭЭР ХОРЫН ТӨВД ИХ ДЭЭД СУРУУЛИУД НЭЭГДЭЭД БАЙХАД ЯАЖ ТҮГЖРЭЛ БУУРАХ ВЭ ЗАХУУДААР ТӨРИЙН ТОМЧУУД ОГТ ҮЙҮЛЧЛҮҮЛЭХГҮЙ АРД ТҮМНИЙГ Л АД ҮЗЭХ ЗАЙЛУУЛАХ БОДОЖ СУУХ ЮМ ДАА

  • Зочин (112.72.15.78)

    2018-01-16

    Захуудыг зүүн, баруун тийш нь, зуухуудыг салхины зүгт урагш нь нүүлгэвэл түгжрээ,утаа багасна. Манайд ямар газар байхгүй биш. Гэр хорооллын айлуудын дэд бүтэц / гэрэл, халуун хүйтэн усны шугам/ хашаа хороо, амины орон сууцаар хангах асуудлыг шинэ гэр хороолол байгуулах замаар шийдэх нь зөв гарц юм шиг ....