Ц.Цогзолмаа: Монгол хүүхдэд зориулсан тогтвортой хөтөлбөртэй болох нь зүйтэй

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын II зөвлөгөөн болж, “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн сэдвээр оролцогчид санал солилцов. Энэ үеэр УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.ЦОГЗОЛМААГААС дараах асуултад хариулт авлаа.

-Сүүлийн үед салбар бүр хэлэлцүүлэг, хурал, зөвлөгөөн зохион байгуулах болсон ч үр дүн, зөв шийдэлгүй байх тал бий. Танай салбарынхны зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөний гол зорилго, эцсийн шийдэл юу вэ?

-Бид долоо хоногийн өмнө “Тогтвортой хөгжил- Сургуулиас өмнөх боловсрол” зөвлөгөөнийг 1000 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, багш на­рын дунд зохион байгуулсан. Харин энэ удаад “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөнийг хийж байна. Ер нь боловсролын системийн суурь ачаалал ерөнхий боловсролын сургуулиудад байдаг. Иймд зөвлөгөөний зорилго салбарын ойрын болон дунд хугацааны зорилтыг тодорхойлох юм. Сүүлийн 25 жилийн дотор нийгэмд маш олон өөрчлөлт гарсан. Үүнтэй уялдуулан боловсролын системд хийсэн өөрчлөлтийн давуу тал, ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замыг хэлэлцэж, цаашид юунд анхаарах ёстойг багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөн Улаанбаатар хотод энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн бүсчилсэн хэлбэрээр Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймагт нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

-Тухайлбал, боловсролын салбарт тулгамдаж буй, нэн түрүүнд зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал юу байна вэ?

-Ер нь Монголын боловс­ролын системд дүн шинжилгээ, оношилгоог хийх зайлшгүй шаардлагатай байна. Суралцагчид болон эцэг, эхийн зүгээс сургалтын чанар муу, хэрэгтэй, хэрэггүй олон хичээл заадаг, багш нарын ажлын ачаалал их, цалин урамшуулал бага байна гэсэн гомдол ирүүлдэг. Тиймээс даяарчлагдаж байгаа нийгэмд монгол хүүхдэд зориулсан, зан заншил, уламжлалтайгаа шинжлэх ухаан технологийн дэвшлийг зөв хослуулсан сургалтын хөтөлбөрийг боловсролын системд тогтвортой суулгах нь зүйтэй. Сургалтын хөтөлбөр дөрвөн жил тутам солигддог байх ёсгүй. Сурагчдын заавал судлах хичээлийг тодорхой болгох, шаардлагагүйг нь хасах талд анхаарч ажиллана.

-Маш олон хичээл ордог гэдэгтэй санал нэг байна. Ер нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ямар хичээлийг түлхүү үзэх ёстой вэ?

-Хамгийн чухал монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлийн цаг нь хасагдсан байна. Монгол хүүхдүүд улсынхаа түүхийг бага наснаасаа мэддэг байх ёстой. Түүхээ мэддэггүй ард түмэн мөхдөг, ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг. Иймд монгол хүний үнэт зүйлийг боловсролын систем, сургалтын агуулгаар дамжуулан ирээдүй болсон хүүхдүүдэд төлөвшүүлэх ёстой. Хүүхэд бүр эрдэмтэн болох албагүй. Харин хожим аав, ээж болох учраас боловсролын системийн сургалтын агуулгад нөхөн үржихүй, ёс зүй, хүмүүжлийн асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатай. Тэд ахмад хүнтэй мэндэлдэг, хүндэлдэг, бие биенээ хайрладаг, талархаж бас уучлалт гуйж чаддаг байх ёстой. Энэ төлөвшлийг бага буюу цэцэрлэгийн наснаас нь бий болгох нь чухал юм. Хүүхэд шинжлэх ухаан технологийн дэвшилд суурилсан хичээлийг сонгож үзэх чиглэлд анхаарах нь зүйтэй. Тухайлбал, гадаад хэл. Ингэхдээ дэлхийн албан ёсны хэл болох англи болон орос хэлийг заавал сурах ёстой. Жил бүр зарладаг ОХУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт орос хэл мэдэхгүйгээс болж хангалттай тооны хүүхэд хамрагдаж чадахгүй байна. Тэтгэлэг авсан суралцагчдын зарим нь сургуулиа төгсч чадахгүй байгаа зэрэг асуудалд боловсролын системээр дамжуулан анхаарахаас өөр аргагүй.

-Сурагчдын мэдлэг, чадвар хангалттай төвшинд хүрээгүй байхад багш нар цалин, урамшууллаа нэмэх асуудлыг хөндөж буйд олон нийт нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Энэ асуудлыг ямар байдлаар шийдвэрлэх ёстой вэ?

-Энэ талд Засгийн газар эхний шийдвэрийг гаргасан. Гэхдээ сайн багш өндөр цалин авдаг тогтолцоог бий болгож байж сургалтын чанарт өөрчлөлт орно. Чадвартай, сайн багш мэдлэгтэй шавь төрүүлнэ. Сургалтын төлөвлөгөөнд байгаа судлагдахууны цагаар багшийн ажлын нормыг тогтоож, сургалтыг тооцон санхүүжүүлдэг тогтолцоог өөрчлөх шаардлага бий болж байна. Сонгон, секц, дугуйланг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон зай, цагийн нөөц, хичээлийн бүрэлдэхүүн хэсэг болгож, санхүүжүүлэх шаардлага гарч ирж байгаа юм.

-Тэддүгээр ангийн хүүхдэд тийм, ийм хичээл орох хэрэггүй гэдэг шүүмжлэл байнга гардаг. Ер нь сурагчдын заавал болон сонгон судлах хичээлийг яаж тогтоох вэ?

-Тал бүрийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ асуудлыг судалж, тэдний гаргасан саналыг хэлэлцэж байж тогтооно. Боловсрол бол тоглоом, туршилт хийдэг зүйл биш. Хэн нэгний шүүмжлэлийг дагаж, олон нийтэд таалагдах зорилгоор боловсролын системийг хөдөлгөж болохгүй. Энэ асуудалд судалгаатай хандах ёстой.

-Та Ерөнхий сайдтай хамт БНСУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Цаашид хоёр орон боловсролын салбарт хэрхэн хамтарч ажиллах шийдэлд хүрсэн бэ?

-Айлчлалын үеэр хэд хэдэн зүйлийг хөндөж санал солилцсон. БНСУ-д монгол иргэд олноор амьдардаг. Тиймээс тэнд үйл ажиллагаа явуулж буй монгол сургуультай танилцсан. Тухайн сургууль БСШУСЯ-наас албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө хувьсах зардал авч чаддаггүй юм билээ. Иймд энэ асуудлыг эрх зүйн хувьд хэрхэн шийдвэрлэх бололцоотойг судлахын зэрэгцээ гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүдэд монгол хэлний хичээл заах чиглэлд анхаарч ажиллана. Мөн тэнд суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, онлайн сургалт, интернет хичээл зэрэгт техник технологийн дэмжлэг үзүүлэх, багш нарыг бэлтгэхэд БНСУ дэмжиж ажиллахаар болсон.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • irgen (202.131.235.4)

    2018-01-22

    zub bichij surgahad anhaaral handuulaarai yg uurchilj mungu oldog humuusiig boluylah heregtei shuu mash ih buruu bna shuu

  • (103.26.194.66)

    2018-01-21

    За мэдэхгүй энэ авгай тамганаас нь эхлээд боловсролыг бужигнуулж байгаа болотой.Ёс зүй ,зан заншилыг уг нь амьдралаар төлөвшүүлдэг болохоос биш танхимд заадаггүй .Нэгэнт 12 жилийн сургалттай болсон юм чинь элдэв хичээл нэмэх биш харин ч хасч сургалтын дарамтыг багасгах ёстой.