М.Өлзийбат: Зах зээлийн хөгжилд мэргэжлийн холбоод чухал үүрэг гүйцэтгэх ёстой

СЗХ-ноос зохион байгуулдаг сургалтуудад хэрхэн хамрагдах талаар СЗХ-ны Даатгалын газрын дарга М.ӨЛЗИЙБАТААС тодрууллаа.

-Санхүүгийн зах зээлд бизнес эрхлэх сонирхол иргэдийн дунд нэлээд нэмэгдэж байна. Үүний тулд мэргэжлийн сургалт тухайлбал, даатгалын сургалтад хэрхэн хамрагдах боломжтой вэ?

-СЗХ даатгалын салбарт үйл ажиллагаа эрхлэх иргэд, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн чиглэлээр, даатгалын зуучлагч, хохирол үнэлэгч, даатгалын төлөөлөгч, аудиторын сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх шаардлага тавьдаг. Энэ шаардлагыг хангуулах үүднээс дээрх чиглэлээр төрөлжсөн сургалтыг зохион байгуулж, шалгалт авдаг. Тодорхой хугацаанд эдгээр сургалтыг мэргэжлийн холбоод хийж байсан бол одоо СЗХ удирдан зохион байгуулж, чиглүүлэн ажиллаж байна.

-Тэгэхээр сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс СЗХ-нд бүртгүүлж хамрагдах нь байна?

-Тийм ээ. 2016 онд СЗХ-ноос холбоодын сургалтын хөтөлбөр, агуулга, чанар, мөн багшлах боловсон хүчний байдалд үзлэг явуулж үзэхэд заримынх нь сургалтын агуулга, хөтөлбөр нь ойлгомжгүй, уялдаагүй, хичээлийн цаг нь агуулгадаа хүрэлцээгүй, мэргэжлийн багшлах нөөц дутмаг, шаардлага хангахгүй зэрэг зөрчил дутагдлууд байсан. Төлбөр нь харилцан адилгүй, гол нь сургалтуудад чанарын ахиц, өөрчлөлт гараагүй байсан. Тиймээс даатгуулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд СЗХ сургалт зохион байгуулж, шалгалт авах, эрх олгох үйл ажиллагааг цогцоор нь хянаж явуулах нь зүйтэй гэж үзсэн. Нэгэнт СЗХ шаардлага хангаж, шалгалт, шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд л хувь хүн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож, тэдний үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг, сургалтыг зохион байгуулах хуулиар олгосон үүрэг СЗХ-нд байгаагаас хойш хариуцлагаа бүрэн үүрэх нь зөв юм.

-Гэхдээ сургалтуудаа СЗХ дангаараа биш, холбоод болон сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм байна. Сургалтын чанарыг дээшлүүлэх үүднээс ингэж зохион байгуулах болсон гэж ойлгож болох уу?

-Хороо сургалтын агуулгыг өрөөсгөл, дутуу болгочихгүйн тулд холбоодын оролцоотой хамтарсан ажлын хэсэг томилж ажилладаг. Харамсалтай нь, сургалт зохион байгуулах ажлын хэсгүүдэд орсон холбоодын төлөөлөл, гишүүд өөрсдөө уг үйл ажиллагаандаа оролцохгүй байх, хариуцлагагүй хандах явдал байдгийг хэлэх хэрэгтэй. Цаашид СЗХ сургалтуудаа улам чанаржуулах, агуулгыг баяжуулах, олон улсын сургалтын стандартад нийцсэн оновчтой хэлбэрт оруулах талаар ажиллаж байна. Гишүүн байгууллагынхаа ажилтнуудад зориулсан мэдлэг олгох, мэргэшүүлэх зэрэг сургалтыг зохион байгуулах нь холбоодод бүрэн нээлттэй байгаа. Эдгээр даатгалын чиглэлээр нарийн мэргэшүүлэх сургалтуудаа идэвхтэй, үр дүнтэй зохион байгуулахад холбоод анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Даатгалын зах зээл дээр хэчнээн холбоод үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Зөвхөн даатгалын салбарт л гэхэд өнөөдрийн байдлаар Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо ажиллаж байна. Сайн дурын үндсэн дээр гишүүнчлэгддэг, гишүүддээ үйлчилдэг хэлбэртэй. Зүй нь, холбоод тухайн зах зээлээ хөгжүүлэхэд оролцох, дэмжих, үүний тулд холбогдох судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, давтан сургах, салбарын боловсон хүчний байнгын судалгаа, шинжилгээ, сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зэрэг амин чухал ажлыг тогтмол тасралтгүй явуулж байх учиртай. Тийм ч чадавхитай байх ёстой. Дээр нь салбарын оролцогчдыг бүрэн нэгтгэж, тэдний ашиг сонирхол, эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах шаардлагатай. Гэтэл манай холбоодын хийж буй ажил, даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд гүйцэтгэж байгаа үүрэг хариуцлага нь хангалтгүй байна. Иймд манай холбоод олон улсын жишгээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрсдийгөө чадавхжуулах шаардлагатай байна.

Э.БИЛГҮҮН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)