Билгүүн найрагч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлнэ

Шведийн Нобелийн хорооноос манай улсын Шинжлэх ухааны академид “2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлнэ үү” гэсэн албан ёсны захидал ирүүлжээ. Үүний дагуу МЗЭ тэргүүтэй мэргэжлийн байгууллагынхан яруу найрагч Д.Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, холбогдох бичиг баримтыг Шведийн Нобелийн хороонд хүргүүлэхээр болсон байна.

Билгүүн найрагч Д.Урианхай 1940 оны долоодугаар сарын 29-нд Булган аймгийн Уньт суманд төржээ. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгссөн байна. 1978 онд "Халуун зуны сүүдэр" туужаараа МЗЭ-ийн шагнал, 2003 онд “Болор цом” наадмын тэргүүн байр, 2005, 2007 онд “Алтан Өд” шагнал авч байжээ.

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай өнгөрсөн онд “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон. БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Монгол, Хятад, Япон, Иран дөрвөн орны найрагчаас тус бүр нэг хүнийг сонгон өрсөлдүүлжээ. Тэд манай улсаас Д.Урианхай гуайг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээн авч, тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байжээ. Улмаар сонгогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгос шүүгчдийн 100 хувийн саналаар яруу найрагч Д.Урианхай шалгарсан байна.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)