Баян-Өлгий аймгийн МАН-ын хороог АН удирдан чиглүүлж байна

2016 оны УИХ-ын сонгуулиар аймгийн МАН- ын хорооны дарга Г.Солтан УИХ-ын гишүүнээр сонгогдож, намын дэд даргаар Х.Бердимуратыг томилон өдөр тутмын ажлыг түүнд хариуцуулан явсан бололтой. Намын дарга Г.Солтан гишүүн холын зайнаас намын ажлыг хэрхэн, яаж удирдаж байгаа нь лав бидэнд мэдрэгдсэнгүй хоёр жил шахам болж байна.

Яг энэ үеэс эхэлж манай аймагт МАН гэж байгаа эсэх нь мэдэгдэхээ байсан. Намын гишүүд, дэмжигчидтэй уулзах, тэдний санал, бодлыг сонсох зэрэг гол ажил үгүй боллоо. Намын итгэмжлэгдсэн дэд дарга Х.Бердимурат АН-тай “Дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэгц гэгчээр нягтран нийлж өөрийнхөө намаас сонгогдсон аймгийн Засаг даргыг огцруулахаар улайран хөөцөлдөхөөс өөр ажил хийсэнгүй. Нэгэнт намын удирдлага АН- тай гар нийлүүлж тэдний дохио, зангаагаар ажиллах болсон тул тус аймагт МАН-ын хороог АН удирдан чиглүүлж байна гэж үзэхээс өөр аргагүй юм. Манай намын нэр дээр олон түмэн, намын жирийн гишүүдийн үг, бодол санааг сонсдоггүй, бүх юмыг дээрээс шийддэг гэж их ярьдаг боловч амьдралд хэрэгждэггүй нь иймэрхүү алсын бодолгүй, алдаатай үйл ажиллагааны хор холбогдол болохоос намын бодлогын алдаа биш юм. Орон нутагт намын ажил ийм байхад МАН-ын Удирдах зөвлөл үүнийг мэдэж байна уу, үгүй юү.

Мэдэж байвал яагаад шуурхай арга хэмжээ авч засч залруулдаггүй юм бол гэсэн бодол ч төрдөг боллоо. Намын ажлын алдаа, хяналтгүйгээс манай аймагт багийн Засаг дарга, намын 28-р их хурлын төлөөлөгч сонгох зэрэг чухал ажлууд намын дүрэм, журмыг ноцтойгоор зөрчсөн жинхэнэ шоу болж өнгөрлөө. Уг нь их хурлын төлөөлөгчийг НАШБ- ын хурлаас (Намын үүрийн) сонгох ёстой байтал уг хуралд нам бусчууд, бусад намын гишүүн, цөөн тооны МАН-ын гишүүд оролцсон боловч олон нийтийн цуглаан маягаар хийж хэн олон танил, ах, дүү, төрөл, садангаа цуглуулж чадсан нь төлөөлөгчөөр сонгогдлоо. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх аргагүйд хүрч бид мэтийн ахмад гишүүд намын хурлыг гишүүдийн бат илэрхийлэхийг шалгаж зөвхөн гишүүдийн хүрээнд хийж байя гэж намын хороонд удаа дараа санал болгож анхааруулж байсан. Гэвч казахын ард түмний “Тэмээний чихэнд домбор тоглоод нэмэргүй” гэсэн зүйр үгийн үлгэрээр ямар ч нэмэргүй улам газар авч лавшрах янзтай боллоо. Намын их хуралд ихээхэн хүчин чармайлт, арга заль хэрэглэж сонгогдсон төлөөлөгчдийн ядахдаа нэг нь ч гэсэн Их хурлын шийдвэрийг сурталчлан танилцуулах байтугай “28” гэсэн тоог ч одоо хүртэл хэлээгүй нь харамсалтай. Их хурлын төгсгөлд МАН- ын дарга У.Хүрэлсүхээс өгсөн “Хурлын шийдвэрийг орон нутагт очоод сурталчлан танилцуул” гэсэн даалгавар биелэсэнгүй. Байдал ийм байгаа тул ахмад гишүүд бид Их хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод зугаалгаар очсон болов уу гэсэн бодол ч төрж байгааг нуух юун. Ер нь сүүлийн жилүүдэд сэтгэл зүрх, үзэл бодлоор бус албан тушаал, хувийн ашиг завшааныг урьтал болгож, МАН-д гэнэт хайр зарладаг, хуурамч баг өмссөн хоёр нүүртэй этгээдээс сэрэмжлэх цаг болжээ. Ямар ч ажил, албан тушаал, ашиг хонжоо гэхгүйгээр өөрийнхөө чин сэтгэл, үзэл бодлоор МАН- д жинхэнэ үнэнч гишүүд ахмадууд гэдэг нь амьдралаар нотлогдож байна.

МАН-ын удирдах зөвлөл манай аймгийн намын байгууллагын алдаа дутагдлыг засч, шинэ шатанд гаргахыг ахмад гишүүд хүсэн хүлээж байна.

М.ЗЕЙНЕЛХАН /МАН-ын ахмад гишүүн/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)