Намрын чуулганаар 125 хууль, УИХ-ын 54 тогтоолыг хэлэлцэн баталжээ

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент хоёр дахь намрын чуулганаа өнгөрсөн баасан гарагт хаалаа. Энэ удаагийн намрын чуулганаар бие даасан 18, өөрчлөлт оруулах тухай 95 нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоолыг хэлэлцэн баталжээ. Гишүүдийн зүгээс чуулганыг үр дүнтэй болсон хэмээн дүгнэж байгаа юм. Ялангуяа улсын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлснийг гишүүд хэлж байна. Ийнхүү намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг хүргэе.

ЭДИЙН ЗАСГИЙН ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЧАДСАНГҮЙ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Энэ удаагийн намрын чуулганаар улс төрийн үйл явц нэлээд өрнөсөн, халуун уур амьсгалтай хуралдлаа. Үүнээс хамгийн түрүүнд онцлох зүйл бол МАН анх удаа өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг огцруулж, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулсан явдал юм. Манай намын бүлгийн гишүүд одоо харьцангуй эвлэх уур амьсгал орж, “32, 33-ын бүлэг” үндсэндээ байхгүй болж байна. Тиймээс энэ цаг үед би Засгийн газрыг ямар шалтгаанаар огцруулсныг дахин ярих нь илүүц хэрэг. Харин намрын чуулганы хувьд эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн олон шийдвэр гаргасан. Мөн гаднын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эдийн засгаа өөд татахад чиглэсэн хууль, тогтоомж, төсөл хөтөлбөрийг батлан гаргалаа. Үүний үр дүн эдийн засгийн өсөлтөд тодорхой нөлөөлсөн. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 5.8 хувь болж, валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар хүрлээ. Хамгийн сүүлд гэхэд чуулганаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Энэ хуулийн төслийг баталснаар олон улсын банк, санхүүгийн байгууллагаас манайд тавьдаг шаардлагыг хангах алхам болно. Нөгөө талаасаа манай улсын банк, санхүүг эрүүлжүүлэх ач холбогдолтой юм. Энэ үүднээс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэхээр боллоо. Гэхдээ энэ намрын чуулганаар өөр олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байсан. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг бид хойш тавих ёсгүй. Мөн эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрийг хөдөлгөх талаар энэ намрын чуулганаар хэлэлцэж чадсангүй. Үүнд сэтгэл дундуур байна. 

ЕРӨНХИЙЛӨГЧ ГУРВАН Ч УДАА ХОРИГ ТАВЬСАН НЬ АЖЛЫН ҮР ДҮНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛСӨН

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Намрын чуулганыг өнгөрсөн оны хаврын чуулгантай харьцуулахад тооны хувьд цөөн хууль хэлэлцэж, баталсан гэж дүгнэж байна. Гэхдээ нийгэм, эдийн засагт тулгамдаж байсан олон асуудалд бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх шийдэл эрэлхийлсэн хууль тогтоомжуудыг баталж чадсан. Өнгөрсөн чуулганаар хэт улстөржсөн, намчирхсан, Засгийн газраа огцруулж өөрчилсөн, халаа томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцсэн нь иргэдийн зүгээс бухимдал дагуулсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс гурван ч удаа хориг тавьсан нь ажлын үр дүнд сөргөөр нөлөөлсөн. Тиймээс ирэх хаврын чуулганаар алдаа онооноосоо суралцаж, улстөржилт намчирхалгүйгээр эв нэгдлийг хангаж ажиллах зайлшгүй шаардлага байна. Үүнээс гадна УИХ-ын өмнө тулгамдсан олон асуудал байна. Тэр дундаа нийгэм, эдийн засгийн хувьд тулгамдсан асуудал олон. Үлдсэн хоёр жилд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байхаар харагдаж байгаа ч энэ хугацаанд хаа хаанаа бүсээ чангалах, зорилтод бүлэгт чиглэсэн бодлого гаргах зайлшгүй шаардлагатай. Үүний хүрээнд нэлээд ажиллах болов уу. 

АЖИЛ ЦАЛГАРДУУЛСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -УИХ-ын намрын чуулган дөрвөн сарын хугацаанд хуралдлаа. Миний хувьд энэ удаагийн чуулганыг үр дүнтэй болсон гэж үзэж байна. 2018 оныхоо төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэж, баталсан. 2018 оны төсөв өмнөх жилийнхээ бодвол алдагдал багатай болсон. Мөн Төрийн албаны тухай томоохон хуулийг хэлэлцэж, баталлаа. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы төгсгөлд 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үедээ авч хэрэгжүүлсэн нийгэмд шүүмжлэл дагуулаад байсан ажлуудаа засч, сайжрууллаа. Тухайлбал, тэтгэврийн нас нэмэгдүүлснийг хэвээр үлдээлээ. Долоон төрлийн татвар нэмсэн байснаас Хувь хүний амын орлогын албан татварын тухай хуульд оруулсан өөрчлөлтийг буцааж, хуучин хэвээр нь үлдээлээ. Намрын чуулганыг бүхэлд нь авч үзвэл улсынхаа эдийн засгийн хөгжилд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ялангуяа эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн ач холбогдолтой чуулган боллоо гэж дүгнэж байна. Улстөржүүлсэн цалгардуулсан гэж харахгүй байгаа. Ажлаа сайжруулъя, нийгэмд шударга ёсыг тогтооё, бизнесийн бүлэглэлийн асуудлыг шийдье гэсэн үүднээс МАН Засгийн газрын тухай асуудлыг авч хэлэлцсэн. Түүнээс ажил цалгардуулсан зүйл байхгүй. Төрийн ажил уламжлалт залгамж чанарынхаа дагуу өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлж, нэг мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүнийг ажлаа хурдасгах, сайжруулахын тулд хийсэн гэж үзэж байна.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.95.202)

    2018-02-13

    Unen ok