Сайхан сэтгэлийн жимээр сайн үйлс дэлгэрч байна …

“Бурамаар тэтгэхээр урамаар тэтгэ” гэж Монгол ардын мэргэн зүйр үг байдагчлан ядарч яваа нэгэндээ сэтгэлийн сайхан дэм өгөх шиг том бэлэг байхгүй бизээ. Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн хамт олон Нөхөрсөг Шар Нохой жилийн босгон дээр өөрсдийн санаачилгаар “Өлзийт асар” төрийн бус байгууллагад сар шинийн баярын тусламжийн зүйлсийг гардуулж сэтгэлийн дэм өглөө.


“Архинд донтох” гэгдэх айхтар өвчин эмгэгтэй тэмцэж, өөрийгөө ялан дийлж чадсанаар 2011 оноос архинаас гарч, гэрэл гэгээтэй бүхнийг хүсэх болсон Л.Баянмөнх гэх залуу энэхүү төрийн бус байгууллагыг эхнэрийн хамт байгуулж, туулж өнгөрүүлсэн зовлон нэгт хүмүүст тус нэмрээ хүргэж, нэгч гэсэн Монгол хүн эрүүл саруул ухаанаар амьдралыг хардаг байгаасай гэсэн чин хүслийг тээн Хан-Уул дүүргийн 14-р хорооны Өлзийтөд байрлалтай “Өлзийт асар” төрийн бус байгууллагаа одоогоос жилийн өмнө байгуулан, үүд хаалгаа нээж байжээ. Дээд боловсролтой, инженер мэргэжилтэй залуухан хүн нэг үе архинд толгойгоо мэдүүлж явсан ч өнөөдөр бусдын сайн сайхан амьдралын төлөө ажиллаж, хөдөлмөрлөж явааг онцлоход таатай байна.


“Өлзийт асар” төрийн бус байгууллага нь архины хамааралтай, донтох өвчтэй, 10-22 жилийн хугацаанд “гудамжны амьдрал”-аар амьдарсан, мөн сүрьеэгийн үргэлжлэх шатны эмчилгээтэй гээд нийт 14 иргэнийг асран хамгаалж, төвийн үйл ажиллагаанд хамруулан 3 гэртээ үйл ажиллагаагаа явуулж байна. Байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилго нь “Зориод ирсэн нэгнийг хэд хонуулаад гаргах биш тухайн хүнд тохирсон сэтгэлзүйн зөвлөгөө эмчилгээг хамтран хийж, удаан хугацаагаар ч хамаагүй байлган үр дүнг нь бодитоор харах явдал”-д чиглэж байна.

/Лхагвасүрэн овогтой Баянмөнх, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг
“Өлзийт асар” төрийн бус байгууллагын тэргүүн, Инженер, “Нийгмийн ажилтан” мэргэжилтэй/

Л.Баянмөнх: Та бүхнийг биднийг зориод ирсэнд маш их баярлаж байна. Бидний үйл ажиллагаанд эд материал, санхүүгийн дэмжлэг гэхээс илүүтэй “Хүн гэдэг нэг нэгнээ хүндэтгэн, хүнлэг хандаж” урам зориг, эрч хүч өгч байгаа нь хамгийн том шагнал юм. Мөн манайд амьдарч байгаа эдгээр хүмүүст нийгэмших үйл явцад ихээхэн түлхэц болж байгааг онцолмоор байна.
Мөн тэрээр төрийн бус байгууллагын ирээдүйн тухайд “Хашаандаа хувийн аж ахуйтай болох” зорилтыг тавин ажиллаж байгаагаа ярисан юм. Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс тус байгууллагын хамт олонд цагаан сарын идээ будаа, бууз, тусламжийн хувцас зэргийг хандивласан бөгөөд 2 иргэний бичиг баримтын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон юм. Ингээд цаашид тус төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаатай байж үйл ажиллагаанд хамрагдаж байгаа иргэдийг нийгэмших ажилд хамтран оролцохоо Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн хамт олны зүгээс илэрхийлсэн юм.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ …

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)