Д.Чойжамц: Бие, хэл, сэтгэл гурваараа бүхнийг тэгшитгэх нь чухал

Монгол түмний уламжлалт их цэнгэл сар шинийн баярыг тохиолдуулан Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц ард олон, сүсэгтнүүддээ хандаж айлдвар өргөлөө. Айлдварыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Монголын нийт ард түмэн сүсэгтэн олныхоо энэ өдрийн амар амгаланг айлтгая. Тун удахгүй монголчууд бид XVII жарны шарагчин нохой жилтэйгээ золгох гэж байна. Сар шинийн баяр бол эв нэгдлийн баяр байдаг. Ахмад настныхаа тохойг өргөж, амар мэндийг асуухын дашрамд тухайн овог, гэр бүлдээ мэндэлсэн шинэ үрсээ танилцуулж, удам судраа баяжуулдаг уламжлалтай. Өвлийн адаг сарын 29-нд гэр орон, хашаа хороогоо цэвэрлэж, эд юмсаа цэгцлэх нь ахмад үеийн хөдөлмөрч уламжлалыг бататгаж, өөдөө дээшээ дэвшихийн илэрхийлэл болдог. Цагаан сарын шинийн 1-нд үйлддэг монголчуудын зан үйл, ёс заншил, ахмад настнаа хүндэтгэх уламжлал нь даяаршиж байгаа дэлхий ертөнцөд биднийг таниулах, үр хүүхдэдээ өвлүүлж үлдээх их өв яалт ч үгүй мөн юм. Шинийн 1-ндээ ахмад настнаа хүндэтгэн золгож, хөөрөг зөрүүлэн мэндчлэх нь урьд жилийн аливаа хар хор, муу муухай бүхэн ард хоцорч, юм бүхэн шинээр эхэлж буйн бэлгэдэл болдог. Нүдэнд сайхан дүрс, чихэнд аялгуут дуу хөгжим, аманд сайхан амт, хамарт анхилам үнэр, биет хэв хадгийг мэдрүүлэх сайн үйлдлийг хийдэг уламжлалтай.

Хэв хадаг гэдэг нь биед зөөлөн таатай мэдрэмж төрүүлэхүйц нимгэн, тансаг эд байдаг учиртай. Энэ өдөр бие, хэл, сэтгэл гурваараа бүх зүйлийг тэгшитгэх нь чухал. Айлчин гийчин хийхдээ дээл хувцсаа сайхан өмсч, малгайгаа тэгш тавихаас гадна айлд орохдоо нүдний харц дээгүүр, хоймор зүгт чиглэсэн байх ёстой. Тухайн нөхцөлд муу үг, бэлгэ дэмбэрэлгүй яриа хөөрөөг тэвчих нь зохистой байдаг. Цагаан сарын баяраар үйлдэж буй ёслол, зан үйл, ахмад настан азай буурлууддаа үзүүлж байгаа хүндэтгэл нь цөөхөн монголчууд бидний хойч үедээ үлдээх соёл төдийгүй дэлхийн даяаршилд өөрсдийгөө авч үлдэх томоохон бахархал юм. Ирж буй нохой жилийн нигуур өлзий дэмбэрэлтэй, сайхан байна. Хэдийгээр таван махбодь, гараг эрхсийн хөдөлгөөнтэй уялдуулан жилийн өнгө төлөвийг зурдаг боловч хүн өөрөө хичээх аваас юуг ч даван дийлж чадна.

Энэ жил зарим улиралд, ахмад настнууд өөрийн эрүүл мэндэд анхаарууштай байна. Түүнээс гадна малчид мал сүргээ онд мэнд оруулах, цаашид арчилгаа маллагаанд илүү бодолтой хандах хэрэгтэй. Бурхан багшийн сургаалд “Эзэн хичээвэл төгс гэгээрсэн бурхны адил болж болно” хэмээн айлдсан нь ямар ч хүнд бие, хэл, сэтгэл гурваар өөдлөн дэвжих боломж буйг хэлж байна. Тиймээс нүглийг тэвчиж, ажил хөдөлмөрөө зөв шударгаар эрхэлж, сайхан сэтгэлтэй байх нь амьдрал өөдрөг бүтэмжтэй болно. Монголын нийт ард түмэн та бүхэндээ ирж буй нохой жилдээ эв түнжинтэй, бие биедээ хүндэтгэлтэй хандаж байхыг хүсье. Улмаар урт нас, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, харшлах шалтгаангүй байж, архи, тамхинаас ангид, эд бараа элбэг, идэж уухаар хангалуун сайхан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)