М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой гомдлыг прокурорт хүргүүлсэн ч хэрэг үүсгэхээс татгалзсан

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайлан мэдээллийг хийв. Мэдээллийг тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар өглөө. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 250 өргөдөл хүлээн авчээ. Үүний ихэнхийг нь шийдвэрлэн, эерэг хариулт өгсөн бол 57 өргөдөл нь хянаж, хэрэгжүүлэх шатанд байгаа аж. Нийт ирүүлсэн өргөдлийн зургаан хувь нь нийтийн эрх ашгийг хөндсөн, үлдсэн нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байжээ. Харин УИХ-д 13 мянга гаруй иргэнээс 1310 өргөдөл, гомдол ирүүлсэн гэдгийг байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээллээ. Тэрбээр “Бид ирүүлсэн өргөдөл бүрт хариуцлагатай, хянамгай хандаж, улс эх орны болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд ач холбогдол өгч ажиллалаа. Нийт өргөдлийг дөрвөн бүлэгт хуваасан. Ингэхдээ өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд дөрвөн удаа томоохон хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулж, эдийн засаг, нийгмийн томоохон асуудлыг хөндсөний үр дүнд тодорхой асуудлыг шийдэж чадсан. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн гараагүй. Харин намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос тодорхой ажлууд зохион байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан. Үүний үр дүнд БНСУ-аас авсан 0.2 хувийн хүүтэй урт хугацаатай зээлийг зөвхөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулахаар боллоо” гэв. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн бүтцийг харахад агаар, орчны бохирдолтой холбоотой асуудал түлхүү байна.

Агаарын болон хөрсний, Туул голын бохирдол зэрэг нь нийгмийг бухимдуулсан, цочроосон бас шийдэл хүлээсэн асуудал болсон байна. Утаатай холбоотой асуудлыг огт таслалгүй авч үзэж, олон ч үйл ажиллагаа явуулсан. Үр дүн нь гарч байгаа гэж хэлэх байна” гэлээ. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Тухайлбал, сэтгүүлчдийн зүгээс УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой гомдол ирүүлсэн эсэх, ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулсан юм. Үүнд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “УИХ-ын гишүүдтэй холбоотой өргөдөл, гомдол Байнгын хороонд ирээгүй. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар иргэдээс гомдол, өргөдөл ирүүлсэн. Уг өргөдөл, гомдлын дагуу нэр бүхий гишүүд иргэдтэй уулзлаа. Мөн холбогдох хуулийн байгууллагад хандсан. Бид үүнд маш нухацтай, хуулийн дагуу ажиллалаа. Улмаар нийслэлийн Прокурорын байгууллагад хандаж, Б.Хурцтай холбоотой асуудлаар ямар арга хэмжээ авах талаар маш тодорхой албан бичгийг хүргүүлсэн. Энэхүү албан бичигт н.Энхбат, н.Жаргал нараас гарсан гомдол, хүсэлтийг харьяаллын дагуу хүлээн авлаа. Прокурорын байгууллагаас Б.Хурц нь өс хонзонгийн болон бусад хувийн сэдлээр дээрх хүмүүст холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-т зааснаар үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гомдлыг нь хүлээн авахаас татгалзсан тухай хариу бичиг ирсэн” гэж хариуллаа.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)