Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч өөрөө санаачилж, хууль зөрчсөн үйлдэл хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, сахин хамгаалагч байх тухай Үндсэн хуулийн заалт бий. Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө орон нутгаар тасралтгүй явж, иргэд сонгогчидтой уулзаж байгаа нь сайшаалтай. Өөрийн эрх, үүргийн хүрээнд хийж буй ажил гэж ойлгож болно. Гэтэл манай “өрхийн тэргүүн” иргэд хөдөлмөрчидтэй уулзах бүртээ Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай зарим сонгогчийн саналыг илтэд сайшааж, УИХ-ыг тараах санаачилга гаргана гэж ил тод мэдэгдэж байгаа нь төрийн бодлогыг нугалж, түмний сэтгэлийг хоёрдуулж буй хэрэг биш үү. Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэхдээ “Төрийн тэргүүнээсээ эхлээд Үндсэн хууль зөрчсөн зүйл ярих болсонд харамсч байна. Ерөнхийлөгч бол Үндсэн хуулиар ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалагч байх үүрэг хүлээдэг хүн. Гэтэл өөрөө санаачилж, улс төрийн зарим хүчинтэй хамтарч, ард түмнийг турхирч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. УИХ-ыг тараах тухай асуудал нь Монголын ард түмний сонголтыг үнэгүйдүүлэх, Үндсэн хуулиар баталгаажсан хууль тогтоох байгууллагын эрхэнд халдаж, парламентат засаглалын гүйцэтгэж буй үүрэг, хариуцлагыг сулруулах гэсэн явуургүй, богино хугацааны улс төр хийсэн үйлдэл гэж харж байна” хэмээсэн юм.Тэгээд ч Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд УИХ-аас баталсан хуульд бүхэлд нь юмуу хэсэгчлэн хориг тавихаас өөрөөр хууль тогтоох дээд байгууллагатай харьцах зүйл заалт харагдсангүй.

Харин УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос илүү нь дэмжсэн тохиолдолд УИХ-ыг тарааж болох тухай заалт бол байна билээ. Тэгэхээр эрхэм Ерөнхийлөгч маань хуулийн болон өөрийн эрх мэдлийн хүрээнд ярих, ажиллах шаардлагатай болжээ. Уг нь түүний улс төрийн зөвлөхөөр Ерөнхий сайд, АН-ын дарга зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж явсан Н.Алтанхуяг ажилладаг билээ. Ерөнхийлөгчийн ийм болчимгүй яриа, үйлдэлд улс төрийн зөвлөх нь дүгнэлт хийж, зааж сургадаг баймаар юм.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.72.240.5)

    2018-02-15

    ерөнхийлөгч хуулийн хүрээнд ажлаа хийхгүй хууль зөрчөөд байвал та нар өөрсдөө санаачлаад буулгах хэрэгтэй дээ дээрээсээ хууль зөрчихөөр доод чуул нь дагаж хөвөрдөг гэм бий