Лондон санхүүгийн хямралд өртөх магадлал өсчээ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй зах зээлд мөнгө гаргаж, банк болон компаниудын үнэт цаасанд баталгаа олгох замаар дотоод хөрөнгө оруулагчдаа дэмжихийг эрмэлзэж байна. Гэтэл тус улсын эдийн засгийн хэтийн төлөв байдал тааруухан хэвээр байгаа юм. Английн Төвбанк бодлогын хүүгээ 10 жилийн дараа анх удаа нэмэх шийдвэр гаргасан билээ. Тус банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмж, 0.5 хувьд хүргэх дээр санал нэгдсэн байна. Мөн ирэх гурван жилд бодлогын хүүгээ хоёр удаа өөрчлөхөө Английн Төвбанкны тэргүүн Марк Карни мэдэгдлээ. Британичууд Европын холбоог орхих шийдвэр гаргасны дараа фунт стерлингийн ханш суларч, инфляцын төвшин сүүлийн таван жилийн дээд цэгтээ хүрсэн байна.

Английн Төвбанкны энэ удаагийн шийдвэр нь өнгөрсөн оны санал асуулгаас хойш хэрэгжүүлж байсан эдийн засгийн дэмжих бодлогыг хумих зорилготой аж. Үр дүнд нь инфляц зорилтот хоёр хувьд тогтворжино гэж бодлого тодорхойлогчид тооцоолжээ. Английн Төвбанкны тэргүүн Марк Карни "Их Британийн дараагийн болзошгүй хямралд бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ. Бусад улсын Төвбанк цаашид тулгарч болзошгүй хямралын эсрэг арга хэмжээ авч эхлээгүй байгаа энэ үед Английн Төвбанк санхүүгийн аюул­гүй, таатай орчин бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Үүнд хадгаламжийн хэмжээг тогтвортой төвшинд барих, банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлд төлөвлөгөө боловсруулах зэргийг багтаажээ.

Тэрбээр мэдэгдэлдээ "Их Британи Европын холбооноос гарах санал асуулга явуулсны дараа хариу арга хэмжээ амжилттай хэрэгжсэн"- ийг дурдсан байна. Мөн цахим валютын талаар ч шүүмжилсэн өнгө аястай зүйл хэлсэн нь шинжээчдийн анхаарлыг татсан юм. Үүнээс өмнө Английн Төвбанкны тэргүүн "Их Британийн банкнууд "хатуу" нөхцөлтэй БРЕКСИТ-ийн хэлэлцээрт бэлтгэлтэй байх ёстой"-г анхааруулж байсан аж. Учир нь Лондонд төвтэй банкууд 2008 оны санхүүгийн хямралаас хойшх хамгийн хүндхэн үетэйгээ нүүр тулсныг "PWC" байгууллага мэдэгдсэн юм. Улмаар ирэх зургаадугаар сард Их Британийн 30 орчим санхүүгийн байгууллагын зах зээлийн нөхцөл байдал тааруу гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Их Британийн хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард 3.2 хувиар өсчээ. Үүнээс болж Английн Төвбанкны тэргүүн Сангийн яамдаа тайлбар бичиг хүргүүлэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Шинжээчид Их Британийн хэрэглээний үнийн индекс 3.1 хувьтай хэвээр гарна хэмээн тооцоолж байсан ч талаар боллоо. Их Британийн эдийн засгийн өсөлт ирэх онд ердөө 1.2 хувьтай гарна хэмээн зарим эдийн засагч тооцож байгаа.

Гэхдээ хямрал бий болохыг үгүйсгэхгүй байгаа юм. "ЮО"-ийн ахлах эдийн засагч Грайм Лич "Санхүүгийн томоохон хямрал саяхан болж өнгөрсөн. Одоо эдийн засгаа сэргээхийн тулд мөнгөний бодлогоо өөрчилж, шинэчилж байгаа зэрэг нь Их Британийн эдийн засгийн төлөв байдал хэрхэн өөрчлөгдөхийг нарийн тодорхойлоход хүндрэлтэй болгож байна" хэмээн дүгнэжээ. Их Британий эвслийн Засгийн газар хэрэглээгээ багасгаж, төсвөө танан, татвараа өсгөх зэргээр шинэ мөнгөний бодлого хэрэгжүүлж эхлэхээр болсон. Английн Төвбанкнаас эдийн засгаа дэмжих зорилгоор энэ оны гуравдугаар улиралд 200 тэрбум фунт гаргаснаар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гуравдугаар улиралд 2.8 хувьтай гарсан билээ. Энэ нь сүүлийн гурван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Гэтэл энэ оны хоёрдугаар улиралд өсөлт нь 1.7 хувьтай байсан юм. "IOD"-ийн шинжээчдийн үзэж буйгаар одоогийн байдлаар англичуудын ажил эрхлэлтийн байдал харьцангуй тогтвортой байгаа аж. Гэхдээ 2011 оноос эхлэн нийгмийн халамжийн салбарт зарцуулах хөрөнгөө хумиад эхлэхээр дор хаяж 500 мянган ажлын байрыг цомхотголд оруулах юм. Английн Төвбанк бодлогын хүүгээ доогуур төвшинд барьж байгаа. Тиймээс эл асуудалд Их Британи нэлээд нухацтай хандах бололтой. Их Британий эдийн засгийн өсөлт ирэх онд удааширч, бизнесийн таатай орчин суларна гэж шинжээчид таамаглаж байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)