Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн ээлжит тайлангаа сар шинийн өмнөхөн танилцуулсан билээ. Тэдний мэдээллээр хөдөлмөрийн зах зээл болон макро эдийн засгийн голлох үзүүлэлт олон нийтэд ил болсон. Монгол Улсын  ДНБ-ий уналт, өсөлтөөр хэмжигдэх эдийн засаг тахиа жилд 5.1 хувиар өсөж, ОУВС болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны таамгаас давсан нь бодитой үр дүн мөн юм. Эдийн засаг сэргэж эхэлсэн тул худалдаа, үйлчилгээ болон аж үйлдвэрлэлийн салбар идэвхжиж, тэр болгоны ард ажлын байр шинээр бий болж байгааг дурдах ёстой.

Өрхийн эдийн засаг ялимгүй өөдөлж байгаа нь ч эерэг үзүүлэлт мөн юм. Үүнийг илтгэх сэжүүр болсон 10 хувь руу дөхөж байсан ажилгүйдлийн түвшин 9.1-ээс 7.3 хувь болтлоо буурчээ. Төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөл бүрдэж, ёроолдоо тулаад байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум ам.доллар болж, сүүлийн тав хүртэлх жилийн дээд цэгтээ хүрэв. Энэ бол сэргэж буй эдийн засгийн эцсийн цэг биш гэдэг нь ойлгомжтой юм. Харин өөдөө тэмүүлж байгаа эерэг үзүүлэлт билээ. Монгол Улсад итгэл алдраад байсан хөрөнгө оруулагчдын хандлага наашилж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь Монгол Улсын гадаад орчин сайжирч байгааг илтгэх үндсэн үзүүлэлт  мөн.

Монголоос дайжиж байсан мөнгөний урсгал хумигдаж байна. Тулсан гадаадын өрийн дарамт холдож, төсөв, мөнгөний бодлого эрүүлжиж эхлээд байгаа нь Засгийн газрын оновчтой зөв бодлогын үр дүн юм. Монголбанкны гадаад валютын улсын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч, эдийн засаг өсөлттэй байсан жилүүдийн түвшинд ойртож байна.  Валютын нөөц зузаарах хэрээр төгрөгийн ханш ам.доллар тэргүүтэй бусад валютын эсрэг чангарч, ханшийн хямрал холдож байна. Зээлжих зэрэглэл шат ахиж, Олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломж нэмэгдэж байгаа зэрэг “Хонгилын үзүүрт гэрэл ассан” олон сайн үзүүлэлттэйгээр Шороон нохой жилтэй золголоо. Одоо олсон амжилтаа улам баталгаажуулж, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ цаг алдалгүй эхлүүлэх дараагийн зорилт У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн гол зорилго, чиглэл байх ёстой. Нефть боловсруулах үйлдвэр, тавдугаар цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэр гээд цаг алдалгүй ажлыг нь эхлүүлэх шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтээс Монгол Улсын эдийн засгийн сэргэлт, валютын нөөцийн дараагийн асуудал шийдэгдэх учиртай тул Засгийн газар бүх л бололцоо нөхцөлөө дайчлан эрч хүчтэй, улам шаргуу ажиллах ёстой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)