ОХУ-д авлигын хэргийн илрүүлэлт өсчээ

Авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Трансперенси интернэйшнл” байгууллагын мэргэжилтнүүд Оросын Засгийн газар мөнгө угаах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар дурджээ. Тухайлбал, авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный 157 мянган ам.долларын цалин авдаг гэх ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Игорь Шуволовын 15 сая ам.доллараар худалдан авсан хоёр орон сууцыг шалгуулах хүсэлт гаргажээ. Хэргийг хэрхэн шалгах талаар “Трансперенси интернэйшнл” байгууллагын мэргэжилтэн “Үндэслэлгүй хөрөнгийг шалгах шийдвэрийг Гэмт хэрэгтэй тэмцэх газар эсвэл Залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газар гүйцэтгэнэ. Жишээ нь тухайн хүнээс орлогыг нь асууж, ямар мөнгөөр уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан тухай баримт, үндэслэлийг тайлбарлуулна. Хэрвээ тухайн хүн тайлбарлаж чадахгүй бол хөрөнгийг нь хурааж авна” хэмээжээ. ОХУ- ын Мөрдөн шалгах хороо өнгөрсөн онд авлигын хэргийн улмаас есөн тэрбум рублийн хөрөнгийг битүүмжилсэн гэж тус хорооны дарга Александр Бастрыкин байгууллагынхаа тайлангийн хурал дээр хэлсэн байна. Тэрбээр “Өнгөрсөн онд авлигын 17.6 мянган хэрэг үүсгэснээс найман мянган хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эдгээрээс дөрвөн мянга нь хээл хахуультай холбоотой байсан” гэв. Түүнчлэн авлигын хэргийн улмаас Оросын төсөвт учирсан хоёр тэрбум рублийн хохирлыг нөхөн төлүүлж, 8.5 тэрбум рублийн хөрөнгийг битүүмжилсэн байна. Авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдээс 600 орчим нь албан тушаалын давуу эрх эдэлдэг төрийн түшээд болохыг ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны дарга онцолжээ. Үүнээс гадна төрийн албан хаагчдыг цалинг цаг тухайд нь олгодоггүй гэмт үйлдэлтэй тэмцэж байгаагаа Александр Бастрыкин дурджээ. Тэрбээр энэ чиглэлээр Эрүүгийн хууль дахь зүйл заалтын санкцийг нэмэх саналтайгаа танилцуулсан байна. Дашрамд, Москва хотын захиргаа 2017 онд таван тэрбум рублийн хохирол амссан ч нэг тэрбумыг нь нөхөн авч чадсан гэж Москва хотын прокурор мэдэгджээ. Москва хотын хэмжээнд авлигын гэмт хэргийн илрүүлэлт 19 хувиар өссөн байна. Энэ нь хууль сахиулах байгууллага идэвхтэй ажиллаж буйн баталгаа хэмээн Москва хотын прокурор Владимир Чуриков онцолжээ. Тэрбээр “Өнгөрсөн онд прокурорын байгууллага 3000 гаруй авлигын шинжтэй зөрчил илрүүлсэн. Авлигын эсрэг хэм хэмжээг зөрчсөн иргэдийн олонх нь төрийн албан хаагчид байна. Мөн прокурорын байгууллага авлигын гэмт хэргээр эрүүгийн 58 хэрэг нээж, итгэл алдсан гэх үндэслэлээр 22 төрийн албан хаагчийг ажлаас нь халсан. Москвад одоогоор төрийн албан хаагчдын хөрөнгийн мэдүүлэгт шалгалт хийсэн тохиолдол гараагүй байна” хэмээн ТАСС агентлагт өгсөн тодруулгадаа дурджээ. Өнгөрсөн жил ОХУ-ын 84 хотод авлигын эсрэг жагсаал болж, зохион байгуулагч Алексей Навальный ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн нууц баялгийн талаар мөрдөн шалгахыг шаардаж байсан билээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)