Т.Бадрахбаяр: Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй бол халамжийн үйлчилгээ авах эрх үүсэхгүй

Энэ оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан. Цаашид нийт хүүхдийн 80 хувьд 20 мянган төгрөгийг  өгөх зорилготой байгааг холбогдох албаныхан дуулгаж байгаа юм. 

Тэгвэл зарим хүүхдүүдийн хувьд өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй гэх үндэслэлээр 20 мянган төгрөг авах эсэх нь тодорхой бус байгаа юм. Иймээс энэ асуудалтай холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дэд дарга Т.Бадрахбаяраас дараах асуултад хариулт авлаа.

-Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй гэдэг үндэслэлээр хүүхдийн 20 мянган төгрөгөөс хасагдсан өрхүүд нэлээд байна.  Тухайн өрх дахин судалгаанд хамрагдах боломжтой юу? 

-Өрхийн амьжиргааны түвшин тогтоох шинэчилсэн судалгаандаа хамрагдаагүй бол хүүхдийн мөнгө нь орохгүй. Тухайн иргэн Халамжийн сангаас ямар нэг үйлчилгээ авах гэж байгаа бол өрхийн амьжиргааны судалгаанд заавал хамрагдсан байх ёстой гэсэн журамтай.   

-Энэ асуудлаар харьяа дүүргийн хорооны ажилтандаа хандахад “Одоо дахин судалгаанд хамрагдах боломжгүй” гэсэн тайлбар өгч байгаа тохиолдлууд байна л даа? 

-Ийм тайлбар өгөх ёсгүй л дээ. Судалгааг хаасан, дахин нэмж судалгаа авахгүй гэсэн тайлбар өгч байгаа бол манай мэргэжилтний буруу. Харин судалгаанд хамрагдаагүй учраас таны хүүхдийн өмнө олгох эсэх нь шийдэгдэхгүй гэх тайлбар бол зөв.  Гэхдээ “Та өргөдлөө өгч, судалгаанд хамрагдах ёстой” гэсэн гарцыг нь манай мэргэжилтэн хэлж өгөх ёстой. 

Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдахын тулд тухайн хүн харьяа сум, хороондоо өргөдөл гаргах ёстой. Халамжийн ажилтан тухайн хүний өргөдлийг хүлээж аваад өрхийн мэдээллийн сангийн судалгаанд хамруулахаар бүртгэх ёстой. Энэ бүртгэлийн дагуу 3-4 хүний бүрэлдэхүүнтэйгээр очиж, тухайн айлын өрхийн амьжиргааг тогтоох судалгааг авдаг. Судалгаа авсны дараа бусад мэдээллийг нь тулгаад оноог нь бодоод гаргадаг. 

-Өнөөдрийн байдлаар судалгаанд хамрагдаагүй гэх шалтгаанаар хэчнээн хүүхэд хүүхдийн мөнгө авах эсэх нь тодорхойлогдоогүй байгаа вэ? 

-Судалгаанд хамрагдаагүй гэдэг шалтгаанаар 100 орчим мянган хүүхэд хасагдсан байна. Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдаагүй учир тухайн өрхийн оноо ямар гарах нь тодорхойгүй. Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тогтоох шинэчилсэн судалгааг 2017 оны дөрөвдүгээр сард авсан. Тухайн үед хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож байсан үе шүү дээ.

Мөн судалгааг өгөхөөр хүүхдийн мөнгө нь хасагдана гэсэн болгоомжлолын үүднээс хамрагдаагүй өрхүүд байгаа. Үүнээс өмнөх өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг 2013 онд буюу шинэчилсэн судалгаа явуулахаас дөрвөн жилийн өмнө авч байсан. Дөрвөн жилийн хугацаанд тухайн өрхийн амьжиргааны түвшин янз бүрээр өөрчлөгдөж болно. Тиймээс бид яг хэрэгтэй хэсэгт халамжийн үйлчилгээгээ хүргэхийн тулд шинэчилсэн судалгааг явуулсан. Иргэдийн зүгээс ч энэ судалгаандаа хамрагдах үүрэгтэй. Хүүхдийн мөнгөнөөс гадна халамжийн олон төрлийн үйлчилгээ бий. Судалгаанд хамрагдаж байж эдгээр үйлчилгээг авах боломж бүрдэнэ. 

-Одоогоор нийт хэчнээн хүүхдэд 20 мянган төгрөг олгож байгаа вэ?

-Өрхийн амьжиргааны түвшин тогтоох өрхийн мэдээллийг судалгаанд бүртгэж, 554 гэсэн босго онооноос доош оноотой өрхийн хүүхдүүдэд олгохоор болсон. Нийт 678 мянган хүүхэд 20 төгрөгөө авч байгаа. Энэ нь нийт хүүхдийн 65 хувь. Ирэх дөрөвдүгээр сараас нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгох зорилт тавьсан. Сангийн яам ОУВС-ын хэлэлцээрийн дагуу хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд хүргэх тохиролцоонд хүрч байгаа. 

 

П.ГОО
Оллоо.мн 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)