Төр, захиргааны байгууллагуудыг шуурхай шилжүүлэхийг Хотын даргад даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, хотын төвийн төвлөрлийг сааруулах, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн аж­лын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн IV, VIII хорооны нутаг дэвсгэр /Яар­маг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах юм. Ингэснээр хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нөхцөл бүрдэнэ. Ийнхүү Засгийн газрын хуралдаанаас нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлэх бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад 1933 хүн ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Яармагт шилжүүлснээр үйлчилгээ авах гэсэн дээрх хэдэн мянган хүн хотын төвийг зорих шаардлагагүй болно. Засгийн газрын хуралдаанаар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 1998-2015 оны хооронд төлсөн дизелийн түлшний Онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг тухайн жилүүдийн улсын төсвөөс суутган тооцох талаар УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр боллоо.

Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банкаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулах зорилгоор авсан МОНП-1, МОНП- 2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцохыг УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтов. Мөн хуралдаанаар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн байдалтай танилцаж, хугацаандаа хэрэгжээгүй удаашралтай байгаа ажлыг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Хөтөлбөрт тусгасан 204 арга хэмжээний 136-ыг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн бол энэ оны эхний хагаст 68-ыг нь хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө болон дараа үеийн макро эдийн засаг, нийгмийг гол үзүүлэлтүүдийг харьцуулахад эерэг үр дүн гарчээ. Тухайлбал, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн алдагдал болон алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурсан байна. Мөн гадаад худалдааны эргэлт, экспорт, валютын нөөц нэмэгдэж ханш тогтворжсон, төгрөгт итгэх итгэл сэргэж, төгрөгийн хадгаламж өссөн, зээлжих зэрэглэл сайжирсан, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх нөхцөл бүрдсэн байна. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XXI хуралдаан энэ сард Москва хотод болох гэж байна. Хуралдаанаар худалдаа, эдийн засаг, тээвэр, бүс нутаг, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлын талаар хэлэлцэхээр болжээ.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)