Монгол улс авлигын индексээр 16 байраар ухарлаа

Берлинд төвтэй олон улсын “Транспаренси интернэшнл” судалгааны байгууллага улс орнуудын “Авлигын төсөөллийн индекс”-ийг өчигдөр зарлалаа. Дэлхийн авлигын атлас гэгддэг энэхүү жагсаалтад манай улс 103 дугаар байрт жагсч 16 байраар ухарчээ. Өнгөрсөн жил мөн 15 байраар ухарч 87 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм. Ийнхүү Монгол Улс дээрх судалгаагаар сүүлийн хоёр жилд дараалан ухарсаар 2012 онд байсан төвшинд хүрлээ. “Транспаренси интернэшнл”- ийн гүйцэтгэх захирал О.Батбаяр тайланг танилцуулах үеэрээ “Авлигын индексийн судалгааг дэлхийн 130 оронд нэгэн зэрэг зарлаж байна. Манай улсын хувьд өнгөрсөн оныхоос хоёроор буурч, 36 оноо авсан. Ерөнхий зөвлөмжийн дагуу манай улсын хууль тогтоох, гүйцэтгэх байгууллага, шүүх засаглалууд авлигын эсрэг тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн шүүгч, прокурорууд шударга шийдвэр гаргах, тэдний хараат бус байдлыг бэхжүүлэх ёстой. Төрийн байгууллагууд авлигын орчныг бүрдүүлэхгүй байх, зохиомол хүнд суртал, авлигын эрсдэлийг үүсгэхгүй байх, бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, худалдан авалт, төсвийн зарцуулалтыг хариуцлагатай, ил тод болгох шаардлага тулгарч байна. Хэрэв дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж чадвал авлигын индексийн тоо нэмэгдэх боломжтой. Манай улс 10 жилийн өмнөх байдал руугаа буцаж байна гэдэг Монголын төр, засгийн авлигатай тэмцэх хүсэл зорилго, авлигын гэмт хэргийн гаралт, эрх зүйн орчны хөгжил, иргэдийн итгэл төдийлөн сайн биш байгааг харуулж буй хэрэг” гэв. Тус индексийг тухайн орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэн гаргадаг аж. Авлигад өртсөн байдлыг 180 улсын төвшнийг жагсаан 100 хүртэлх оноогоор дүгнэдэг ажээ. Хэрэв тус оноог бүрэн авбал авлигагүй гэж үздэг бол 0-руу дөхөх тусам авлигатай орны тоонд ордог.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд Кот Дивуар, Сенегал, Их Британи зэрэг улсын авлигын төсөөллийн индексийн оноо сайжирсан бол Сири, Йемен, Австрали зэрэг улсын оноо буурчээ. Тус жагсаалтыг Дани улс 89 оноогоор тэргүүлсэн бол Сири, Өмнөд Судан, Сомали улс 14, 12.9 оноогоор сүүлийн байрт оржээ. Манай улсын хувьд авлигатай тэмцэх ажилд улстөрчид хэт их оролцож, авлигын эрсдэл прокурор болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж байгаа нь оноо буурахад голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн “Дэлхийн шударга ёсны төсөл, улс орнуудын хуулийн засаглалын индекс хоёр оноогоор буурч, 100-гаас 36 болсон нь хуулийн засаглал дахь шударга байдлын үнэлгээ буурсныг харуулж байна” гэж тус байгууллагаас үзжээ. Тиймээс шүүх, поркурор, АТГ-ын хараат бус байдлыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатайг "Транспаренси интернэшнл" байгууллагаас зөвлөлөө. Мөн төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зохиомол бэрхшээл, саад тотгор учруулж, улмаар авлигын шалтгаан нөхцөлийг үүсгэж байгааг анхаарах хэрэгтэй гэв.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • бат (183.177.98.226)

    2018-02-23

    элбэгдорж авилгатай тэмцээд 16 байр ухарлаа.