БНХАУ авлигатай тэмцэх хүрээгээ тэллээ

Хятад улсын эрх баригчид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулбал өнгөрсөн 20 жилийн туршид яллагдагчийг хамгаалах, хууль бусаар яллахын эсрэг бий болгосон эрх зүйн шинэтгэлээсээ ухрах аюултай хэмээн судлаачид анхааруулж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигатай тэмцэх таван жилийн цэвэрлэгээг хэрэгжүүлэхийн тулд Коммунист намын мөрдөн байцаагч нар авлигын хэргийн сэжигтнүүдийг шууд цагдан хорьдог байсан нь намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг байв. Иймд шинэ төрлийн цагдан хорих системийг хуульчилж, нэвтрүүлнэ хэмээн Ши Жиньпин намын XIX Их хурлын үеэр мэдэгдэж байсан билээ. Бээжингийн эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө энэ сард батлахаар төлөвлөж байсан юм. Нэмэлт өөрчлөлтийн дагуу Хятадын Засгийн газар Иргэний хуулиар олгогддог хамгаалалт, намын гишүүн эсэхээс үл хамааран бүх шатны төрийн албан хаагчдын эсрэг арга хэмжээ авах эрх бүхий Үндэсний хяналтын хороог байгуулахаар болсон. Ингэснээр авлигын хэрэгт сэжиглэгдэж буй төрийн албан хаагч, хүн амины гэмт хэргийн яллагдагчид олгодгоос ч бага хэмжээний хуулийн хамгаалалт эдлэхээр болж байна.

Нью-Йоркийн их сургуулийн эрхзүйн систем судлаач Жероме Кохен “Хятадын Үндсэн хуулийн өөрчлөлт нь тус улсын шүүхийн системийг мэргэшүүлэх, яллагчдад өмгөөлөгчтэйгээ уулзах, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүлгүүлэхгүй байх зэрэг хуулийн хамгаалалт эдлүүлэхээр ажилласан их хүчин чармайлтаас эрс ухарсан хэрэг болно” хэмээжээ. Шинэ хуулийн үйлчлэлд цэцэрлэгийн багш, шуудангийн ажилчин, эмчээс эхлээд дээд албан тушаалтнууд, төрийн өмчит компанийн ажилтнууд багтах юм. Ингэснээр Коммунист нам олон мянган нууц мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, хүмүүсийг цагдан хорьж, шалгах эрхтэй болох ажээ.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.41.176)

    2018-02-24

    Монголын маань төр засаг их хурал маань авлигатайгаа шударга тэмцээсэй дээ.