Темза мөрний лорд

Дэлхийн хотуудыг уран барилгаар чимсэн “Foster+Partners” архитектурын компанийг үндэслэгч Норман Фостер бол амьд сэрүүн буй XX цөөн уран барилгачийн нэг юм. Түүний барьсан тэнгэр баганадсан барилга, нисэх онгоцны буудал, гүүр зэрэг бүтээн байгуулалт Лондон, Берлин, Бостон, Дубай, Хонконг, Астана, Франкфурт, Абу Даби хотод өнгө нэмсээр байна. Английн эгэл ажилчны гэр бүлээс гаралтай Норман Фостер 1990 онд Их Британийн төрийн дээд шагнал Рыцарийн алдар одонгоор шагнуулсан бөгөөд 1999 онд хатан хаан II Элизабета түүнд Темза мөрний лорд цол олгожээ. Жирийн иргэнээс Лордын танхимын гишүүн болсон Норман 1935 оны зургаадугаар сарын 1-нд Английн Манчестер хотод Роберт, Лилиан нарын хүү болон мэндэлжээ. Түүний аав “Metropolitan Vickers” вагон угсралтын заводад ажиллаж байсан бол цыган гаралтай ээж нь үйлдвэрийн ажилчин байв. Норман орон нутгийн сургуульд онц сурдаг ч үе тэнгийнхэндээ дээрэлхүүлдэг, бүрэг ичимтгий хүү байсан гэдэг. Багадаа машин, усан онгоц, нисэх онгоцоо задлаад эргүүлж угсардаг техникт дуртай байв. Хүүгийнхээ сонирхлыг мэдсэн эцэг, эх нь Норманд архитекторч Фредерик Гиббердын ном бэлэглэсэн аж. Норман тэрхүү номноос тухайн цаг үеийнхээ шилдэг архитекторуудын бүтээлтэй танилцжээ. Мөн Фрэнк Ллойд Райт, Ле Корбюзье нарын тухай энэ номоос анх уншаад архитектурын талаар илүү ихийг мэдэх хүсэлд хөтлөгджээ. Улмаар орон нутгийн номын санд тогтмол очиж, архитектурын ном, сэтгүүл уншин шинэ мэдээлэл авч эхлэв.

Норман 16 насандаа ахлах сургуулиа төгсөөд хотын захиргаанд бичиг хэргийн ажилтнаар ажиллах болсон байна. Ажил хийх болсон тухайгаа Норман “Надад их сургуульд элсэх боломж Ромын папын өгсөн боломжоос ч их байсан” гэж дурссан байдаг. Энэ үедээ Норман хотынхоо барилгын түүх ялангуяа Викториа хатан хааны үеийн барилгуудын хийцийг сонирхон судалсан байна. 17 нас хүрсэн жил нь Норманд цэргийн зарлан дуудах хуудас иржээ. Тэрбээр Хатан хааны тэнгисийн цэргийн флотод алба хаажээ. Армиас халагдсаныхаа дараа Норман Фостер “John Beardshaw & Partners” гэх архитектурын фирмд ажиллаж эхлэв. Тэрбээр уг фирмд эскиз зураачаар ажилласан дээд угсаа гаралгүй анхны “ард”- ын хүүхэд байжээ. Учир нь, тухайн үед архитектурын фирмд дээд сургууль төгссөн, язгууртнууд ажилладаг байв. Тиймээс Фостер их сургуульд элсэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр 1956 онд биелүүлж, Манчестерийн их сургуульд уран барилга, хот төлөвлөлтийн чиглэлээр элсчээ. Сургалтын төлбөрөө олох гэж Норман зайрмагийн худалдагч, шөнийн цэнгээний газарт хүртэл ажиллаж байв. Ангийнхаа хамгийн ядуу нь байсан ч тэрбээр хичээнгүй суралцаж сургуулийнхаа шилдэг оюутан болж тогтмол цалин, гадаадад аялах эрхээр шагнуулах болжээ.

Их сургуулиа амжилттай төгссөн Норманд АНУ- ын Йелийн их сургуульд мэргэжлээрээ магистрт суралцах урилга ирэв. Йелийн их сургуульд тэрбээр бизнесийн ирээдүйн түнш Ричард Рожерстай танилцсан байна. Англид эргэн ирснийхээ дараа Норман Ричард Рожерс, Жорж Чизман, Венди нартай хамтран “Team 4” фирмээ байгуулжээ. Удалгүй Венди Норман хоёр гэр бүл болж “Foster Associates” фирмээ 1967 онд байгуулж, байгаль орчинд ээлтэй дизайнуудаараа олны анхаарлыг татах болов. Энэ үеэс түүний нэр уран барилгын түүхэнд дархлагдсан гэж үзэж болно. Норман жилээс жилд хомсдож буй байгалийн баялгийг хэмнэсэн архитектурын шинэлэг шийдлийг эрэлхийлж эхэлжээ. Түүний анхны том бүтээл нь Лондоны шинэ нисэх буудлын хүлээлгийн танхимын зураг төсөл байв. Норман энэхүү төслөө 1967-1971 онд амжилттай гүйцэтгэжээ. Ингэснээр түүний нэр хүнд өрнөөс дорнод алдарших үүдийг нээв. Залуухан англи инженерт хөгжиж буй Азийн орнуудаас хүсэлт ирэх болжээ. Норманы Азид гүйцэтгэсэн анхны төсөл нь 1979-1986 барьсан Хонконг дахь Шанхайн банкны төв байр байв. Мөн Зөвлөлт Холбоот улс нуран унасны дараа социалист хэв шинжийн барилгаас уйдсан Орос, Казахстаны удирдлагууд Норманыг урих болжээ. Норман Фостер Оросын Москва, Санкт- Петербург, Екатеринбург, Ханты Мансийск зэрэг хотод өөрийн төслөө амжилттай гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Пушкиний нэрэмжит Оросын дүрслэх урлагийн музейн дахин төлөвлөлтийг 2009 онд, “Россия” цамхаг, Кремлиэс холгүйхэн Москва голын эрэгт Болор ордныг 2006 онд тус тус барьж гүйцэтгэжээ. Тэрбээр Н.Назарбаевын урилгаар 1997 онд Казахстаны нийслэлийн төв талбайд Байтерек хэмээх 97 метр өндөр цамхаг бариулсан байна. Мөн Астана хотод Норманы барьсан пирамид, “Хан Шатыр” худалдааны төвийн нээлт 2010 онд болжээ. Астана хотод асар өндөр өртгөөр гүйцэтгэсэн төслийнхөө төлөө Норман Фостер Казахстаны төрийн дээд шагнал хүртсэн байна. Тэрбээр 1990 онд фирмээ “Foster+Partners” архитектурын компани болгон тэлэв. Фостер 1999 онд дэлхийн шилдэг уран барилгачид олгодог Притцкерийн шагналыг хүртэв. Норман сүүлийн жилүүдэд барилгын шинэлэг загвараас гадна ирээдүйн хотын өнгө төрхтэй зохицох модернист хэв маяг бүхий тээврийн хэрэгсэл бүтээхийг хүсэх болжээ. Түүний бодлоор одоогийн автомашины дуу чимээ хэтэрхий их, эрчим хүчинд хэмнэлтгүй санагддаг аж. Харин ирээдүйн хотод автомашин агаар бохирдуулдаггүй, хүнд үзүүлэх аюул нь бага байх ёстой гэнэ. Орчин цагийн уран барилгачид ганц цамхаг барихаас илүү хот суурингийн загварыг цогцоор нь шийддэг сэтгэлтэй байх хэрэгтэйг Фостер ажлын зарчмаа болгодог. Тэрбээр орчин үеийн хот ямар байх ёстойг хүн төрөлхтөнд харуулахаар Арабын нэгдсэн Эмиратад Масдар хотын суурийг тавин ажиллаж байна. Цөлийн нөхцөлд тохиромжтой хот байгуулахын тулд Фостер нутгийн уугуул амьтад орчны өөрчлөлтөд хэрхэн дасан зохицдогийг судалжээ. Ингэхдээ цөлийн халууныг давах гэж тэмээн сүрэг сүүдэр үүсгэн бөөгнөрч зогсдогийг анзаарсан байна. Улмаар Масдар хотыг өндөр барилга, нарийн замтай, гудамж бүртээ усан сантай байхаар зураг төслөө гаргажээ. Английн Сэр Норман Фостерын бүтээл манай гарагийн 22 орны уран барилгын хосгүй дурсгал болон сүндэрлэж байна. Тэрбээр Швейцарийн нуруунд хувийн эдлэндээ амьдардаг ба төслөө ганцаараа гүйцэтгэдэг аж. Мөн Норман нисгэгчийн үнэмлэхтэй бөгөөд хувийн онгоцоо өөрөө жолоодож, хүссэн газраа хүрдэг ажээ.

 

Норман Фостерын гүйцэтгэсэн шилдэг 10 төсөл

 

Рейхстагийн шилэн орой

Рейхстагийн оройг засан сэлбэх олон улсын уралдаанд Английн архитекторчийн төсөл шалгарсан нь германчуудыг хэсэгтээ л гайхширалд оруулжээ. Фостер төслөө 1999 онд амжилттай гүйцэтгэсэн ба энэхүү шилэн орой Берлиний гайхамшгийн нэгд зүй ёсоор багтах болсон байна.

 

Мадридын гандирс

Торре каха Дэлхийн шилдэг 100 барилгын нэгд багтдаг Торре кахаг 2009 онд барьжээ. 250 метр өндөр тэнгэр баганадсан энэхүү барилгад Испанийн нэр хүндтэй компани, банк, санхүүгийн төв байрладаг байна.

Лондоны Мэри экс

Лондончуудын “Шилэн өргөст хэмх” хэмээн нэрлэсэн энэхүү барилгыг Норман Фостер 2004 онд барьжээ. Лондоны санхүүгийн төв байрладаг энэхүү барилгыг байгальд хамгийн ээлтэй шилэн цамхаг гэж нэрлэх нь ч бий. Мөн Мэри экс бол Англид хамгийн өндөр өртөгөөр даатгуулсан барилга юм. Энэхүү цамхгийг Швейцарийн даатгалын компанид 630 сая фунт стерлингээр даатгуулжээ.

Английн мянган жилийн гүүр

Темза мөрний эргийг холбосон явган хүний гүүрийг 2000 онд ашиглалтад оруулжээ. Гэгээн Павелийн сүм, Шекспирийн театр, Орчин үеийн урлагийн музейг холбосон энэхүү гүүр нь 370 метр урттай аж.

АНУ-ын Нисэх хүчний музей

Норман Фостерын гүйцэтгэсэн төслүүд дунд музей, галерейн барилга зонхилох хувийг эзэлдэг. Тэдгээрээс АНУ-ын Нисэх хүчний музейн барилгын төслийг хамгийн шедевр нь болсон гэж үздэг байна. Тэрбээр энэхүү музейн зураг төслийг гаргахдаа Дэлхийн II дайн, Солонгосын хойг, Вьетнамд амь эрсэдсэн Америк цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхээ гол болгожээ.

Коммерц банкны Төв байр

Европын хамгийн өндөр барилгаар 2005 он хүртэл нэрлэгдэж байсан Франкфуртын Коммерц банкны Төв байрыг 1997 онд барьжээ. 65 давхар 300 метр өндөр уг барилга нь бетоноор бус гангаар барьсан Германы цөөхөн цамхгийн нэг юм.

Дэлхийн хамгийн урт Мио гүүр

Францын Мио гүүр нь Норман Фостерын бүтээлүүд дунд онцгой байр эзэлдэг төсөл юм. Дэлхийн хамгийн урт энэхүү гүүр нь 2460 метр урттай ажээ.

Бээжингийн олон улсын нисэх буудал

2008 оны Бээжингийн олимпыг угтсан нэгэн том төсөл бол тус хотод шинээр байгуулсан олон улсын нисэх буудал юм. Энэхүү нисэх буудал хоёр тэрбум ам.долларын төсвөөр бүтжээ. Жилд 60 сая зорчигч хүлээн авах энэхүү нисэх буудал нь “XXI зууны хамгийн жишиг терминал юм” гэж архитеторч Норман өөрөө хэлсэн байдаг.

“Уинбли” цэнгэлдэх хүрээлэн

Барселоны “Камп ноу”-гийн дараа буюу Европт хэмжээгээрээ хоёрт ”Уимбли” цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт 2007 онд болжээ. Лондоны шинэ нэрийн хуудас болсон энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь 90 мянган үзэгчийн суудалтай ба 798 сая фунт стерлингээр босчээ.

Нью-Йоркийн Херст тауэр

1928 онд ашиглалтад оруулсан Херст тауэр барилга дээр 46 давхар шилэн цамхаг нэмж барих төслийг Норманоос өөр гүйцэтгэх архитектор өнөө цагт үгүй биз. Тэрбээр энэхүү төслөө байгальд ээлтэй байхаар санаачилсан нь Нью-Йоркт анхдагч болсон юм.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)