Д.Тогтохсүрэн: Эдийн засаг сайжирч байна. Одоо бид сахилга хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-УИХ-ын гишүүд чуулганыхаа хуралд суудаггүй, хэлэлцэх ёстой асуудлаа дуусгаагүй гэдэг шүүмжлэл гарч байна. Та УИХ-ын намрын чуулган хэр зэрэг үр дүнтэй хуралдсан гэж дүгнэж байна вэ?

-УИХ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 10 хүртэл дөрвөн сар орчим хуралдлаа. Энэ удаагийн УИХ-ын намрын чуулганыг үр дүнтэй хуралдсан гэж бодож байна. Тодруулбал, 2018 оны улсын төсөв болон үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг бүрэн баталсан. 2018 оны улсын төсвийг өмнөх жилүүдийнхээс алдагдал багатай баталж чадсан. Өнгөрсөн онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үедээ авч хэрэгжүүлсэн, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан ажлыг УИХ-ын намрын чуулганы төгсгөлд засч, сайжруулсан. Тухайлбал, тэтгэвэрт гарах насыг хуучин хэвэнд нь буюу эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах боломжтой болгосон. Мөн долоон төрлийн татвар нэмэгдүүлснээс хүн амын орлогын албан татварыг олон шатлалтай болгосон нь нэлээд шүүмжлэл дагуулсан. Иймд боломж нөхцөлөө харгалзан мөн хуучин хэвэнд нь буцаасан. Эдгээр нь эдийн засаг, санхүүгийн чиглэлд авсан арга хэмжээ гэж бодож байгаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан. Энэ хууль 2008 оноос хойш хоёр гурван парламент дамжсан. Иймд энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан нь маш том амжилт юм. Мөн цаг үеийн шинжтэй олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал, эдийн засгийн чадавхиа сайжруулах, хямралаас аль болох богино хугацаанд гарах болон иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд тодорхой хууль, шийдвэрийг гаргасан.

Тухайлбал, “Цалинтай ээж” хөтөлбөр. Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлд онцлох хэд хэдэн хууль баталсан. Тухайлбал, Малын эрүүл мэндийн тухай болон Генетик нөөцийн тухай хуулийг баталснаар хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх, цаашдаа тогтвортой хөгжлийг бий болгох хууль эрхзүйн орчин бүрдсэн.

-Хөрөнгө оруулалтын чиглэлээр энэ онд хийж хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэрээс юуг нь онцлох вэ?

-2018, 2019 онд үндсэндээ улсын хэмжээнд нэлээд хөрөнгө оруулалт хийнэ. Ганцхан жишээ дурдахад, 73 сургууль, 90 гаруй цэцэрлэг шинээр барихаар шийдвэр гарсан. Энэ бол маш том бүтээн байгуулалт. Энэ мэтээр өнгөрсөн оны намрын чуулган өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн, улс орны нийгэм, эдийн засгийг хямралаас гаргах, цаашдын хөгжлийнх нь зорилтыг хангахад чиглэсэн ач холбогдолтой чуулган болсон. Хэвлэл мэдээллийнхэн сайнаас илүү жижиг сажиг зүйлийг нийгмийн сүлжээнд зориуд тараадаг болсон. Ингэж УИХ-ын нэр хүнд болон үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй зүйл харагдаж байна.

-УИХ-ын гишүүний хувьд намрын чуулганы хугацаанд ямар хуульд голлон анхаарч ажилласан бэ. Цаашид ямар хууль дээр ажиллахаар төлөвлөж байна?

-Хоёр том асуудалд анхаарал хандуулж ажилласан. Нэгдүгээрт, УИХ-ын даргын захирамжаар 2018 оны улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах ажлын хэсгийг би ахалж ажилласан. Энэ оны улсын төсвийн алдагдалыг 10 хувиар бууруулж, 8.5 хувийн алдагдалтай баталсан. Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийг санаачилж, УИХ-д өргөн барьсан. Цаашид орон нутгийн босоо тогтолцоог хэвтээ тогтолцоонд оруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлд анхаарч, ажлаа эхлүүлээд байна. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Орон нутгийн боловсон хүчнийг хэвтээ чиглэлд оруулах хуулийн төсөл дээр ажиллаж байна.

-Засгийн газар төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурьтай байгаа ч Хувь хүний орлогын албан татвар, шатахууны онцгой албан татвараас төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого дутах учир тодотгол хийх нөхцөл үүсч магадгүй. Энэ асуудлыг шийдвэрлэх боломж бий юү?

-Төсвийг аль болох тогтвортой, анхнаас нь бодитой төлөвлөсөн байх ёстой. Тиймээс би төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн байр суурьтай байна. Асуудлыг шийдвэрлэх боломж Засгийн газарт байгаа. Хувь хүний орлогын албан татварыг цуцалснаар 54 тэрбум, шатахууны онцгой албан татварыг чөлөөлснөөр 60 тэрбум орчим төгрөгөөр төсвийн хөрөнгө буурч буйг өөр эх үүсвэрээс бүрдүүлэх боломж байгаа юм билээ.

-Төрийн албаны тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд хэр зэрэг чамбай хууль болсон гэж үзэж байна вэ. Хуулийг хэрэгжүүлснээр төрийн албанд тулгамдаж, шүүмжлэл дагуулж буй асуудлыг бүрэн шийдвэрлэж чадах уу?

-Төрийн албыг улс төрөөс ангид, чадавхитай, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байлгах зорилгоор хуулийн төслийг боловсруулж баталсан. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөнөөр зорилгоо биелүүлнэ. Тухайлбал, хуулийг хэрэгжүүлснээр төрийн алба улс төрийн сонгуулийн мөчлөг дагаж өөрчлөгддөг, улс төрөөс хараат байдлаар томилгоо хийдэг явдал эцэс болно. Төрийн албан тушаалд сонгон шалгаруулж томилох, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах юм. Мөн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, яамны газрын дарга, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх гэх зэрэг шаардлага тавьж байгаа. Энэ мэт олон шаардлага, шалгуур тавьж байгаа.

-Сөрөг хүчнийхэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага байгаагүй гэдэг байр суурь илэрхийлж байна. Ер нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай улсад ямар давуу тал бий болов?

-Аливааг шүүмжлэх амархан. Хэрэв бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, тэдний шаардлагыг дагаагүй бол хөтөлбөрт хамрагдаж чадахгүй, дампуурлаа зарлачихсан байх байсан. Бид хөтөлбөрт хамрагдаад гурван том ажил хийсэн. Нэгдүгээрт, 2012-2016 оны үед зээлсэн өндөр хүү, богино хугацаатай зээлийг урт хугацаа, бага хүүтэй зээлээр сольж чадлаа. Ингэснээр 120 тэрбум төгрөг хэмнэсэн. Хоёрдугаарт, манай улстай харилцдаг олон улсын байгууллагаас орж ирэх төсөл, хөтөлбөр нэмэгдэж байна. Гуравдугаарт, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тухайн үед гаргасан шийдвэрийнхээ заримыг эргэж харж, өөрчиллөө.

-МАН-ынхан УИХ, Засгийн эрхийг аваад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тухайн үеийнхээс хэрхэн сайжирсан байна вэ?

-Хоёр, гурван тоо хэлье. 2016 оны сонгуулийн дараа манай улсын төсвийн алдагдал 18 хувьтай байсан. Бид энэ оны улсын төсвийг 8.5 хувийн алдагдалтай баталсан. Тухайн үед эдийн засгийн өсөлт нэг хувьтай байсан. Одоо бараг зургаан хувьд хүрэх нь. Урьдчилсан дүнгээр 5.8 хувьтай гарсан. Энэ бол манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн сайжирч байгааг харуулж буй нэг үзүүлэлт. Үүнээс гадна төсвийн орлого нэмэгдэж, экспортын гол бүтээгдэхүүний үнэ тогтвортой өсөлттэй байна. Харин одоо бизнесүүдээ дэмжих, сахилга батыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай.

-Та хаврын чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж амжих болов уу?

-Хаврын чуулганаас хүлээж буй үр дүнгийн нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явдал юм. Үндсэн хуулийг баталснаас хойш 26 жил болж байгаа учир сайжруулах зүйл байна. Тухайлбал, орон нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Миний бодлоор Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилдог, сумын Засаг даргыг иргэд нь сонгодог, сумын Засаг дарга нь багийнхаа даргыг томилдог болох хэрэгтэй. Мөн Үндсэн хуулиараа улс төрийн намууд сум, багт үйл ажиллагаа явуулдаггүй баймаар байна. Хэрэв ингэж чадвал орон нутгийн улстөржилт, эв нэгдэлгүй байдал, хагарал, талцал арилна. Энэ бол хамгийн зөв тогтолцоо гэж би хувьдаа харж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярихаар яалт ч үгүй Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах нь гэж хардах хүн цөөнгүй байна. Ер нь Ерөнхийлөгч ямар үүрэг, эрхтэй юм бэ?

-Бид Ерөнхийлөгчийн өөрийнх нь чиг үүрэг тодорхой болгох асуудлыг шийдэх хэрэгтэй. Ерөнхийлөгч бол үндэсний аюулгүй байдал, эв нэгдлээ хангах үүрэгтэйг Үндсэн хуульд заагаад өгчихсөн. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангана гэж асар том ажил байна. Мөн шүүх, прокурор, хүчний байгууллагаар дамжуулж нийгэмд шударга ёс тогтоох учиртай. Ийм л үндсэн чиг үүрэгтэй.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.170.68.38)

    2018-03-12

    yag unen