Д.Оюундэлгэр: Өвчин зовиургүй хүн 14 хоногт хоёр удаа мацаг барихад тохиромжтой

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюундэлгэрээс хаврын улиралд ямар хоол хүнс хэрэглэх нь тохиромжтой талаар тодрууллаа.

Улирал солигдож буй энэ үед хүмүүс ямар хоол хүнс түлхүү хэрэглэх ёстой вэ?

-Хаврын улиралд хүний биеийн эрч хүч буурдаг. Тиймээс хоол хүнсээ тохируулан хэрэглэх нь чухал. Цагаан, шар тос, сүү, цагаан идээ, мах, борц болон амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоо хэрэглэх хэрэгтэй. Мөн ажил амралтаа зохицуулж, сайн унтах нь дархлааг дэмждэг.

-Хавар мацаг барих хэр тохиромжтой вэ?

-Хүн өдөрт 3-5 удаа хооллох ёстой байдаг. Үүнийг 100 хувь гэж бодвол өглөө 20-25, бага үдэд 10-15, өдөр 35-40, их үдэд 10- 15, оройдоо 20 хувийн илчлэгийг хоолноос авах ёстой. Хамгийн гол нь хоол хоорондын зайг холдуулахгүй, хэт өлсөхгүй, их идэхгүй байх нь зөв хооллолт юм. Харин мацаг барих нь тухайн хүний эрүүл мэндээс шалтгаалдаг учир биеийн байдлаас хамаардаг. Ямар нэгэн өвчин зовиургүй хүн 14 хоногт хоёр удаа мацаг барихад тохиромжтой байдаг.

-Хүний бие сульдаж ядардаг энэ цагт хоолноос гадна ямар нэмэлт тэжээл хэрэглэх боломжтой вэ?

-Амин дэм, эрдэс бодисоор баялаг жимс жимсгэнэ болон тэжээллэг хоол хүнснээс нэмэлт тэжээл авах боломжтой. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд нэмэлтээр Д аминдэм, бага насны хүүхдэд хавар, намрын улиралд А аминдэмийг нэмэлтээр өгөх хэрэгтэй.

-Хоол хүнсээ зөв тохируулаагүйгээс болж хүмүүст ямар хор хөнөөл учирч болох вэ?

-Монгол цаг уурын эрс тэс уур амьсгалтай орон болохоор өвлийн улиралд илүү илчлэг, тэжээллэг чанартай, олон төрлийн хоол хүнс, тэр тусмаа махыг зохистой хэмжээгээр хэрэглэх нь чухал. ЭМЯ-наас гаргасан зөвлөмжид насанд хүрсэн хүн хоногтоо 170-200 грамм орчим махыг хэрэглэх нь зохистой гэж заасан байдаг. Ялангуяа жирэмсэн, хөхүүл эхчүүд болон бага насны хүүхдүүд махнаас шим тэжээл заавал авч байх ёстой. Тэгэхээр заасан хэмжээнд тохируулан бага хэмжээгээр ч болов махыг хоол хүнсэндээ хэрэглэх нь чухал юм. Энэ нь бага насны хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхийг цус багадалтаас сэргийлэх ач холбогдолтой.

М.АЛТАНЗУЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.163.72.99)

    2018-03-13

    Emch nertee malnuud shaana biz lam emch tag adfilhan hudalch