Ажиллагчдын сарын дундаж цалин нэг сая төгрөгт хүрчээ

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2018 оны 2 дугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцуулсан бөгөөд нийт ажиллагчдын 2017 оны 4 дүгээр улирлын сарын дундаж цалингийн мэдээллийг зарлалаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 4 дүгээр улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 613.9 мянган ажиллагчид хамрагдсан бөгөөд нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 (10.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 (8.7%) мянган төгрөгөөр өссөн байна.  
Харин 613.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 753.7 мянган төгрөг байна. Медиан цалин нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа хүний цалин аж.

Мөн цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос бүрддэг бөгөөд дээрх дүн нь татвар, шимтгэл суутгахаас өмнөх дүн гэдгийг онцоллоо.

Ажиллагчдын 46.7 (7.6%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай, 34.3 (5.6%) мянга нь   240 001-300 000 төгрөгийн цалинтай, 85.7 (14.0%) мянга нь 300 001-500 000 төгрөгийн цалинтай, 216.4 (35.2%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай, 121.9 (19.8%) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай, 28.2 (4.6%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай, 80.6 (13.2%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна. 

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их буюу 13.4 мянгаар өссөн бол 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 22.0 мянгаар буурсан байна.

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна. 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 96.0 (10.2%) мянган төгрөгөөр өсөхөд барилгын салбарт ажиллагчдын цалин 163.1 (19.9%) мянган төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 235.2 (18.7%) мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 247.1 (17.9%) мянган төгрөг, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 123.8 (15.0%) мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 240.1 (13.9%) мянган төгрөг, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 154.4 (13.9%) мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 89.4 (11.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэрээр төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн урамшуулал (187000 орчим албан хаагчид 55.4 тэрбум төгрөг олгосон) олгосон нь нийт ажиллагчдын дундаж цалин өсөхөд голлон нөлөөлсөн гэж тайлбарлав.

Үндэсний Статистикийн Хороо


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)