Н. Буянжаргал: Аргадан байж зэмлэх ханийнхаа дууг, өөдөөс минь инээх үрийнхээ цангинасан хоолойг сонсмоор байна

Таны гар бие оролцсон Эх нялхсын 8-р эргэлтийг засан тохижуулах ажил өнөөдөр дуусч хүлээлгэн өглөө. Бусдад өгч байгаа энэхүү хариу нэхээгүй үйлс тань танийг үргэлж түшиж явах биз ээ. 

-Анх яаж энэ аянд нэгдэж байв?

Тийм ээ. Тэгэлгүй яахав. Би анх энэ сайн үйлсийн аян эхэлж байгааг сонсоод л оролцохыг хүссэн. Гэхдээ намайг авах болов уу даа яах бол гэсэн эргэлзээ төрж байсан. Намайг сонсголгүй болохоор тоохгүй байж магадгүй гэж  бодсон. Тэгсэн ч сэтгэл нэг л очмоор санагдаад болдоггүй тэгээд очиж уулзсан чинь  У.Оюунханд, А.Тэгшбаяр хоёр маань дуртай хүлээж авсан шүү. Та чинь бид нараас ч илүү мэргэжлийн хүн байна шүү дээ гээд л. Би чинь барилгын мужаан, арматурчин хүн шүү дээ. Тэгэж хэлэхэд  нь дотроо их баярласан.
 

Энэ сайн үйлсийн аянд оролцсоноороо хүн өөрийгөө голох хэрэггүй юм байна гэж итгэсэн




-Таныг тэнд тусалж байсан хүмүүсээс хамгийн хол гэртэй нь тэгсэн хэрнээ хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд явдаг гэж ярьцгааж байна лээ

Манай гэр нисэхийн эцсийн буудлаас нэг километр гаруй зайтай.  Хүн хийж байгаа ажилаа хийсэн шиг  хийх хэрэгтэй. Аав ээж минь надад аль багаас минь л хүү минь ажлыг хүн голддоггүй юм. Харин ажил л хүнийг голдог юм шүү гэж сургаж ирсэн. Нэгэнт л сайн үйлс хийж бусдад туслах гэж байгаа юм чинь төвөгшөөгөөд яах вэ дээ. Тэгээд ч хүн бусдад хариу нэхэлгүй тусалж сурах хэрэгтэй .

-Одоо ч тэр эргэлтийн хаалгаар шинэхэн аав ээжүүдийн цуваа тасрахгүй. Та бүгдийн хийсэн ажил үргэлж дурсагдаж явна даа.

Тиймээ. Тэр хаалгаар хэзээ нэгэн цагт миний хүүхдүүд  хүний эх эцэг болчихоод очно. Хүн ер нь үргэлж ирээдүйгээ бодох хэрэгтэй.

-Та ямар шалтгааны улмаас сонсож чадахгүй болсон  юм бэ?

Тархины хорт хавдартай гэж оношлогдсон. 2013 онд хагалгаанд орсон ч зүүн талын чихний мэдрэлийн судас таарсан учраас юу ч  сонсохоо болж, биеийн зүүн тал ямар ч мэдээгүй болсон. Өөрөө босож явж ч чадахгүй. Аягатай цай бариад бүтэн эргэж харж чаддаггүй байлаа. Эргээд харах гэхээр уначих гээд байдаг  байсан. Тэгээд удалгүй мэдрэлийн судас таарснаас болоод ам мурийсан.Хүн хүний гарт орно оо гэдэг ч хүсэх юм биш шүү дээ. Эр хүн чинь үргэлж эрэмгий бүхний дээр байдаг  гэтэл нэг л өдөр юу ч сонсож чадахгүй болчихоор хорвоо дээр ганцаараа байна гэж зүүдлээд байгаа юм шиг байдаг. Гэхдээ тэгээд бууж өгч болохгүй шүү дээ. 
 

Надад гэр бүлийн аз жаргал элэг бүтэн амьдрал байгаа юм чинь.


-Хорвоо дээр та хэн хүнээс илүү сэтгэлийн тэнхээг олж авч чадсан байна Эмч нар сонсголтой болох боломж хэр их байна гэсэн бэ? Та сонсголтой болж чадна гэсэн  итгэлээ алдаагүй байгаа биз ээ
Улсын болон хувийн эмнэлэгт олон удаа шинжилгээ өгсөний үр дүнд баруун чихэнд дунгийн эмчилгээ хийлгэвэл сонсгол орно гэсэн онош гарсан. Харин зүүн талд мэдрэлийн судас дайрсан учраас боломжгүй. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн ч одоогоор сүүлийн шинжилгээгээ өгөөгүй байгаа. Намайг хариуцаж ажиллаж байсан эмч маань гадаад явсан учраас иртэл нь түр хойшилсон.  Удахгүй шинжилгээгээ өгөөд бас хагалгаандаа орчихвол эрүүл саруул болчихно оо.

-Эмчилгээний төлбөрөө яаж олох вэ? Ямар нэгэн тусламж дэмжлэг олсон юм уу?

Одоохондоо олоогүй байгаа. Өмнө нь зарим нэг газруудад хүсэлт явуулж байсан ч хариу ирээгүй ээ. Монгол улсад хагалгаанд орвол Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалаар төрөөс 75 хувийг  нь төлөөд үлдсэн 25 хувийг нь хувь хүн өөрөө төлж болох юм байна лээ.Ингэхдээ зөвхөн сонсголтой л болно. Харин Солонгос улсад очиж эмчлүүлж чадвал сонсголтой болохоос гадна нүүр амны нөхөн сэргээх эмчилгээнд ороод амны мурийлтаа ч засуулчихна.

-Уурламаар шантармаар дасан зохицоход хүнд  үе тохиолддог л байх даа. Та тэр үед яаж хүлээн авч хэрхэн өнгөрөөж байна вэ?

Тэгэлгүй яахав. Гадуур явж байхад хүмүүс хажууд гэнэт инээхээр, хоорондоо юм шивнэж байгааг хархаар их хачин санагддаг. Энэ хүмүүс юу ярьж байгаа юм бол миний талаар яриад намайг шоолоод байгаа юм болов уу гэж боддог. Уурлах үе байлгүй яахав ээ. Гэхдээ би их уурлаж болохгүй. Гэр бүлээ бас  өөрийгөө  зовоохын  нэмэр. Ухаан дутсан үед л хүн уурладаг гэдэг биздээ.

-Эмчилгээний төлбөртэй болоод сонсголтой болчихвол хамгийн түрүүнд юуг сонсмоор байна вэ?

Буцаад яг өмнөх шигээ сонсголтой болчихвол аргадан байж зэмлэх ханийнхаа дууг, ааваа ...би өнөөдөр онц аваад ирсэн шүү гээд өөдөөс минь инээх үрийнхээ цангинасан хоолойг сонсмоор байна.


Намайг хэнд ч хэрэггүй болчихоод байхад минь хаяж яваагүй миний хань, дүлий аавтайгаасаа ичээгүй миний хүүхдүүд  бол хорвоо дэлхийн хамгийн сайхан нь юм шүү дээ.

Даанч би тэднийхээ жаргал зовлонг бүрэн хуваалцаж чадахгүй л байна шүү дээ.





-Та сайн үйл бүтээхэд мөнгө хэрэггүй гэж хэлж байсан. Та өөрөө амьд сэрүүн яваа чинь гэр бүлийнхэндээ барьж буй сайн үйл шүү дээ. Тиймээс та эрүүл саруул болохын тулд өөрөө хэр их хичээл зүтгэл гаргаж байна вэ?

Би өөрөө явж чаддаг болсоноосоо хойш өглөө бүр гэрээсээ гараад яг хоёр километр газар гүйдэг. Тэгээд л дараа нь цайгаа уучихаад ажилдаа явдаг. Манай энэ хавийнхан миний өглөө болгон гүйдгийг  бүүр андахгүй сайн мэддэг болчихсон. Бас эмнээс аль болох татгалзаад байгаа. Өдөрт нэг л удаа өвчин намдаах эм уудаг. Огт уухгүй байя гэхээр толгой өвдөөд байдаг болохоор нэгийг уухаас өөр аргагүйд хүрдэг. Мөн тавдугаар сараас арван нэгдүгээр сар хүртэл танидаг хоёр дүүгийнхээ ачаар хийх ажилтай л байдаг юм. Өндөр дээр гарч чадахгүй болохоор доор нь арматурчин, засал чимэглэл гэх мэт ажлыг хийдэг. Чадахынхаа хэрээр тэмцэж л явна даа ах нь.

-Тантай ярилцахад таатай байлаа. Өөрт чинь  сэтгэлийн дэм өгч туслахыг хүсч байгаа хүмүүст хандан юу гэж хэлмээр байна вэ?

Надад туслахыг хүсч байгаа хүн бүхэнд  их баярлаж байна. .Эрүүл саруул болчихоод орчлон ертөнцийн дуу чимээг сонсох бүртээ баярлана. Өглөө бүхэн босоод гүйж байхдаа инээмсэглэж, үрсийнхээ урдаас минь гүйж ирээд ааваа гэж дуудахыг нь харж сонсох болно.  Дэлхийд  цацарч байдаг хайр бүхнийг бүрэн мэдэрч бүх сэтгэл зүрхээрээ цаашид болох  сайн үйлсийн аянуудад оролцож байна.   

-Таньд туслахыг хүссэн хүмүүс хэрхэн холбогдож, ямар хандивын дансанд  мөнгө хийх вэ?

Монголоо группын хамт олон надад туслахаар зорин ажиллаж байгаа.

Хандивын данс: Хаан банк: 5064134604 У. Оюунханд 
Хандив зохион байгуулагчийн утас: 99146901 Oonii Oonii

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)