Д.Амарбаясгалан: Улс төрийн нам хөгжлийн дөнгө биш чиглүүлэгч байх ёстой

“XXI зууны улс төрийн намын хөгжил: Массын намаас бодлогын нам руу” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Хурлаар Монгол Ардын Намын зүгээс дэлхийн улс төрийн намуудын хөгжилтэй хөл нийлүүлэх, массын намаас бодлогын нам болох, Монголын нам хүчнүүд улс орны хөгжлийн дөнгө биш хөгжлийн бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлдэг байх асуудлыг дэвшүүлж, улс төр судлаач, доктор, профессоруудын саналыг сонслоо. 

Монгол Ардын Намын “Шинэчлэл хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Я.Содбаатар, Шинжлэх ухааны доктор, ШУА-ийн ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Болд-Эрдэнэ, Доктор, дэд профессор С.Мөнхбат зэрэг УИХ-ын гишүүд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, улс төр судлаач, доктор профессоруудын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгээр дэлхийн улс орнуудын намын хөгжлийн чиг хандлага, Монголын улс төрийн намуудын өнөөгийн тулгамдсан болон цаашид боловсронгуй болгох шаардлагатай асуудлуудыг хөндөж буй юм. Тодруулбал, улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга, массын намаас бодлогын нам руу шилжих үйл явц, бодлогын нам ба намын бодлого боловсруулах чадамж, улс төрийн намын санхүүжилт зэрэг олон чухал асуудлын хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлээ.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх үүрэгтэй намууд өөрсдөө хөгжлийн дөнгө болчихоод байна. Гэтэл дэлхийн улсуудын намын хөгжлийн чиг хандлагыг харахад нам бол хөгжлийн бодлого боловсруулагч институт гэх чиглэл рүү явж байна” хэмээв. Түүнчлэн  “Монгол Ардын Намын хувьд сонгуулийг баримжаалсан бус судалгаанд суурилсан, алсын хараатай, ирээдүйд чиглэсэн хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлнэ. Ингэхдээ эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээг нь улс орны хөгжлийн бодлого, намын мөрийн хөтөлбөрт тусгаж байх болно” гэдгийг онцоллоо.  

Монгол Ардын Нам XXVIII Их хурлаараа “Шинэчлэл хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Ардын Намыг дэлхийн улсуудын намын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх явдал аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)