Х.Батчулуун: Монгол Улс энэ оны 10 дугаар сар гэхэд FATF-ын 40 зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж эхлэх ёстой

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуунтай ярилцлаа. 

-УИХ-ын хаврын чуулганаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжсэн. Хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгыг харвал олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага FATF-ын зүгээс манай улсыг эрчимтэй хяналтанд байх шаардлагатай орон гэж үзсэн байсан. Тэгэхээр эрчимтэй хяналтанд байна гэж юуг хэлж байна вэ?

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхийн тогтолцоог бий болгох, чигийг нь гаргадаг FATF гэж байгууллага бий. Тус байгууллага өөрөө болон түүнтэй хамтран ажилладаг бүс нутгийн байгууллагууд тодорхой хугацааны давтамжтайгаар гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлдэг. Монгол Улс хоёр дахь удаагийн харилцан үнэлгээний тайлангаа 2017 оны 7 дугаар сард ШриЛанка улсын Коломбо хотод болсон жилийн уулзалтаар хамгаалсан. Харамсалтай нь Монгол Улсын тогтолцоо сайнгүй байна гэсэн дүр зураг гарсан. Онцолж хэлэхэд, 2012 оноос өмнө нь харилцан үнэлгээг зөвхөн хууль, эрх зүйн тогтолцоог харж дүгнэдэг байсан. 2012 оноос хойш харилцан үнэлгээг хийхдээ хоёр чиглэлээр үнэлдэг болсон. Эхлээд тогтолцоо буюу хууль, журмууд байна уу гэдгийг харна. Хоёрдугаарт, тухайн тогтолцоо хэр зэрэг үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг үнэлдэг болсон. Манай улс үндсэндээ хоёр дахь үзүүлэлтээрээ нэлээд хэцүү байдалтай гарсан. Үүнтэй холбогдуулаад Ази Номхон далайн бүсийн байгууллага болон FATF-аас Монгол Улсад тухайн дутагдлуудаа засах зөвлөмж өгч, 15 сарын хугацаатай үүрэг өгсөн. Энэ оны 10 дугаар сард Францад болох FATF-ын хурлаар Монгол Улсын байдлыг дахин хэлэлцэх байх. Үүнээс өмнө бид FATF-ын зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээнд чухам ямар ажлуудыг хэрхэн хийх вэ гэдэг төлөвлөгөөг Ази, Номхон далайн бүсийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагатай хамтран гаргаж, 2017 оны 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол ноён нуруу нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах юм. 

-Хуульд орж байгаа голлох өөрчлөлт юу байна вэ?

-Бид APG-ийн гишүүн орны хувьд бүх шаардлагыг биелүүлэх ёстой. Энэ нь ерөнхийдөө FATF-ын 40 зөвлөмж гэсэн үг. Мэдээж ингэхдээ өөрийнхөө хууль, эрх зүйн тогтолцоонд тааруулж хийж байгаа. Хуульд орж байгаа гол өөрчлөлт бол мэдээлэх үүрэгтэй этгээдийнхээ цар хүрээг өргөжүүлж байна.

-Мэдээлэх үүрэгтэй этгээд гэж хэнийг хэлж байна вэ?

-Мэдээлэх үүрэгтэй этгээд гэдэг нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд, хуульч, ноториатч, нягтлан бодогч нар. Шинээр нэмэгдэж байгаа нь үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэл борлуулж байгаа хүмүүс орж байгаа. Яагаад гэвэл түүхээс нь харвал энэ сектор мөнгө угаах гэмт хэрэгт өртөмтгий сектор. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар энэ салбар хяналтанд хамрагдаагүй байсан. Тийм учраас бид шинэ хуулиар энэ секторыг анхааралдаа авч байгаа. Хоёрдугаарт, мэдээлэх үүрэгтэй этгээдийн хяналт, шалгалтын тогтолцоог шинэчилж байгаа. FATF-ын зарчмын дагуу бид хяналт шалгалтаа эрсдэлд суурилсан тогтолцоо руу шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, тухайлсан секторыг хариуцаж байгаа төрийн байгууллага, эсвэл мэдээлэх үүрэгтэй этгээд өөрөө харилцагч, үйлчлүүлэгчээ таних ёстой. Энэ нь зөвхөн FATF-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлэхээс гадна Монгол Улс, монголчууд өөрсдийгөө хамгаалах бас нэг арга юм.

-Техник технологи хөгжиж байгаа үед мөнгө угаах арга, механизм улам нарийсч байгаа гэдэг. Ялангуяа сүүлийн үед их яригдаж байгаа криптовалютын талаар хуульд ямар нэгэн зохицуулалт орох уу?  

-Криптовалют Монгол Улсын хувьд валют биш. Бидний хувьд үүнд технологийг яаж ашиглаж байна вэ гэдэг талаас нь л харна. Өөрөөр хэлбэл, блокчейн технологи. Ерөнхийдөө мэдээлэл дамжуулах технологи. Гэхдээ энэ технологийн давуу талуудыг гэмт хэрэг үйлдэхэд тодорхой хэмжээгээр ашиглах тал байдаг нь харамсалтай.

-Монгол Улс саарал жагсаалтад орохоос сэргийлэх зорилгоор хуулийн өөрчлөлтийг хийж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр саарал жагсаалттай холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудын гадаад гүйлгээний асуудал яах аргагүй хөндөгдөж банйа. Тэгэхээр энэ чиглэлийн зохицуулалтыг хэр өргөн хүрээнд хийж байгаа вэ. Зөвхөн банкинд хамаарах уу, эсвэл өөр олон салбарыг хамаарах уу?

-Гадаад гүйлгээнээс гадна дотоод гүйлгээний хувьд хуулийн дагуу 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний бүх гүйлгээг мэдээлэх үүрэгтэй этгээдүүд Санхүүгийн мэдээллийн албанд ирүүлэх үүрэгтэй. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)