​Хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувийг гар утас эзэлдэг

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас нийтийн тээвэр дэх халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид хамтран оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас халаасны хулгайн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Д.Батзаяа "Нийт халаасны хулгайн гэмт хэргийн 30 орчим хувь автобусны буудлын орчимд үйлдэгдэж байна. Гэтэл автобусанд байрлуулсан камерууд ажиллахгүй байх, жолооч санаатай болон санамсаргүйгээр унтраасан байх тохиолдлууд их гарч байгаа.

Автобусанд байрлуулсан камеруудаар автобусанд сууж, бууж байгаа болон буудал дээрх хүмүүсийг бүгдийг нь харах боломжтой. Уг нь автобус баазын инженер техникийн ажилтнууд өглөө бүр камер хэвийн ажиллаж байгаа эсэхийг хянаад гаргадаг гэх боловч яг хэрэг гараад бичлэг шалгах гэхээр камер ажиллаагүй, эвдэрсэн байх тохиолдол их байна. Тиймээс бид өнөөдөр "Улаанбаатар смарт карт" ХХК болон том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдэд хандан камерын хяналтаа сайжруулж өгөөч ээ. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг тайлбарлаж байна. Автобусны камерууд бүрэн ажиллаж, цагдаа камерын бичлэгийг түргэн шуурхай авч чадвал гэмт хэрэгтнийг хурдан илрүүлэх боломжтой. 2017 онд автобусны баазууд дээр очиж, жолооч нарт зориулсан сургалт явуулсан. Бүх камер ажиллаж байгаа үед жолооч сэжигтэй этгээдийг харах бүрэн боломжтой. Ингээд харсан тохиолдолд бусад зорчигчдод сэрэмжлүүлж хэлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ" хэмээн ярилаа.

Мөн "Улаанбаатар смарт карт" компанийн тоног төхөөрөмж хариуцсан хэлтсийн менежер Х.Тэргэл ярихдаа “Нэг автобусанд дөрвөн камер байдаг. Үүнд, Зам руу харсан, жолооч руу харсан, автобусанд суух хаалга руу харсан, автобусны хойноос урагшаа заал руу харсан.Хяналтын камерын бичих төхөөрөмж буюу хатуу диск нь 20-28 хоногийн бичлэгийг хадгалах багтаамжтай. Багтаамж нь дүүрсэн бол хуучин бичлэгүүдээс автоматаар устгаж бичдэг аж.Камеруудыг өглөө бүр автобус баазын шалгах механик шалгаж шугамд гаргах ёстой. Эвдрэл, саатал гарсан тохиолдолд манай засварын төвд хандаж, дуудлага өгөөд манай засварчид засвар үйлчилгээ хийдэг" хэмээв.

Дашрамд сонирхуулахад халаасны хулгай дийлэнх тохиолдолд иргэд хамгийн ихээр зорчдог Таван шар, Сапоро, 10 дугаар хороолол, Багшийн дээд гэх мэт буудлууд дээр гарч байгаа учраас иргэдийг сонор сэрэмжтэй зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувийг гар утас эзэлж байгаа бөгөөд загвараар нь ангилбал, 46 хувийг iphone, 42 хувийг samsung, үлдсэн 10 гаруй хувийг бусад загварын гар утас эзэлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)