Өгч байвал л баян

1.Өгч байж авдаг

Өгч байж л авах боломжтой. Ерөөсөө өгөхгүй зөвхөн авах л гээд байвал та удахгүй ялзарна шүү. Сэлгээгүй нуур өмхийрдөг юм. Өгсөнөөр л буцаад авах боломж олддог. Орох зай гардаг. Эс бөгөөс чи дэлбэрнэ шүү. Та амьсгалаа гаргахгүй аваад нэг үз л дээ. Амьсгалаа битгий гаргаарай. Дахиад улам гүн амьсгал ав даа. Ямар байна? Хир удаан тэсэх бол? Дэлбэрэх гээд тэсэхийн аргагүй байгаа биз? Тийм ээ амьсгалаа гаргасанаар л авах боломж олдож байгаа юм шүү дээ. Та өгөхгүй авах гээд л байвал та нэг л өдөр дэлбэрч магадгүй шүү. Дэлгүүрт ороод мөнгөө төлөлгүй юм аваад гарах гээд үз л дээ яах бол? Өгч байж л авдаг. Мөнгөө төлж байж л юм худалдаж авдаг. Ажил хийж байж л та цалин авдаг. Хайрлаж байж л та хайр хүлээн авдаг. Амьдрал бол өглөг авлага л юм. Энэ жамыг л дага. Хүмүүн төрлөхтөн энэ жамыг алдагдуулсанаар л дайн дажин, хэрүүл тэмцэл, зовлон шаналал дуусахгүй байгаа хэрэг. Хорвоогоор дүүрэн гарлагын үүдээ гангуулж орлогын үүд хаалгаа авч хаяад ямарч хаалгагүй байнга нээлтэй арктай болох гэсэн хүсэлтэй хүмүүс байна. Энэ чинь боломжгүй. Хорвоо дээр чи л ганцаараа амьдарч байгаа биш шүү дээ. Гарч байж л юм ордог юм. Гаргахгүй оруулаад л байвал танайх бүр дүүрч өөрөө ч алхах газаргүй болчихно шүү.

2.Жинхэнэ өглөг

Бид өгөхдөө чинь сэтгэлээсээ өгөх нь ховор. Заавал нэг ашиг харж байж өгөх гэнэ. Би өгч байна, өглөө шүү хараа биз гэж бусдад зарална. Зурагтаар гарч хэвлэл мэдээлэлээр өгсөнөө гайхуулна. Бага чулуугаар их чулуу цохих гэж өгнө. Өгөхгүй бол муугаар хэлнэ гэж нэрээ хамгаалж өгнө. За яахав үүнийг чамд өгье дараа чи надад туслаарай гэж барьцаалж өгнө. Заримдаа татвагнаж татвагнаж жаахан юм дусаасан болно. Өгсөнийхөө дараа нэхэл дагуул хийж байгаа бол та ашиг харж өгч. Өгсөн жагсаалт гаргаж суугаа бол та нэр алдар горилж өгч. Харамсаж байгаа бол харин та харамлаж өгч. Нэр алдар хүсч өгөх, ашиг горилон өгөх, далд санаа агуулж өгөх, харамлаж өгөх, тусалсанаараа гайхуулах зэрэг нь бүгдээрээ жинхэнэ өглөг биш. Жинхэнэ өглөг бол ямарч хариу горьдохгүй чинь сэтгэлээсээ туслахыг хэлнэ. Бид ингэж өгч чаддаггүй. Яалгүй өгөх байдал үүсэхэд хүртэл хүний нохой идэхээр өөрий нохой ид гэж өгч байгаа тустайгаа зууралддаг. Дахиж уулзах үгүй нь эргэлзээтэй танихгүй хүнд өгчихөөр тусаа ор сураггүй явуулчихаж байгаа юм шиг санагдаад танидаг нэгэндээ туслаж уулзах болгондоо тусаа эргэж тойрох хүсэл сэтгэлийн гүнд нь байдаг. Тусынхаа араас чаргууцалдаж байгаа бүхэн жинхэнэ өглөг биш. Чинь сэтгэлээсээ тусласан үед тусынхаа араас сураг ажиг тавих гэхгүй зүгээр л чиний дотор баяр хөөр төрдөөд л өнгөрдөг юм.

3.Өгснөө л эргүүлж авдаг

Та энэ ертөнцөд хэрүүл тэмцэлийг өгвөл хариуд нь хэрүүл зөрчилдөөн л танд ирнэ. Бусдыг дээрлэхвэл өөрөө хэзээ нэг цагт дээрэлхүүлнэ. Бусдыг хохироовол өөрөө хаа нэгтэй хохироогдно. Тусч өгөөмөр байвал бусдын хайр хүндлэл танд ирнэ. Бусдыг хайрлавал буцаад хайр чамд ирнэ. Та юу өгнө түүнийгээ л эргүүлж авна. Хараал цүхэлийн хариуд хайр халамж ирэх боломжгүй. Хайр халамжийн хариуд хараал цүхэл ирэх нөхцөлгүй. Та энэ ертөнцөд юу түгээнэ. Түүнийгээ л эргүүлж авдаг. Хир их бусдад туслана. Тийм л тус бусдаас танд ирнэ. Хидий чинээ бусдад талархана төдий адил талархалыг та хүртнэ. Юу өгнө түүнийгээ л буцааж авна. Хир их өгнө тэр хэмжээгээр л хүлээж авна. Та юу авахыг хүсч байна? Яг тэр хүсч байгаа зүйлээ л бусдад өгөөд бай. Хэрүүлийг хүсч байгаа бол хэрүүлийг л өг. Хайрыг авмаар байгаа бол хайрыг л түгээ. Байнга хэрүүл хийж яваа нэгнийг хэрүүлийг л даллан дуудаж байна гэж ойлго. Дандаа хайр түгээж яваа нөгөөг хайрыг л хүсч байгаа юм байна гэж ухаар. Мэрэгчин төлөгчин дээр очиж өөрийнхөө ирээдүйг асуух гэх шаардлагагүй. Өөрийнхөө бодол, үг яриа, үйлдэл бүхнээ нэг сайн анзаар. Тавиас илүү хувь нь сөрөг байвал ирээдүйн амьдралд чинь зовлон давамгайж тавиас илүү хувь нь эерэг байвал жаргал давамгайлах болно. Ирээдүйн амьдардаа ямар байх эсэхийг үүгээр л шинж. Та юу хүсч байна?

4.Туслах гэж оролд

Яалаа гэж хүнд зүгээр юм өгдөг юм. Би үүниийг чинь зовж байж олсон юм. Мөнгөний үнэ цэнийг мэдэх хэрэгтэй. Ядуу хүн гэдэг чинь залхуу хүнийг л хэлдэг юм гэсэн үзэлтэй хүмүүс олон бий. Энэ үнэн. Байнга амаа ангайгаад л байдаг хүмүүст эд зүйлс өгөөд байх нь бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож, залхууг нь дэмжиж, хөгжих боломж олгодоггүй. Үнэхээр тийм бол битгий өг. Уг нь иймэрхүү хүмүүс амархан танигддаг л даа. Та үнэхээр ийм болохоор нь тусалсангүй юу? Эсвэл туслахыг хүссэнгүйдээ тэр талыг нь олж харав уу? Яалт ч үгүй тусламж хэрэгтэй хүмүүст болж л өгвөл туслах л хэрэгтэй. Нар гэрлээ түгээхгүй бол амьдрал яаж орших билээ. Нэг нэгэндээ туслахгүй бол нийгэм яаж хөгжих билээ. Эх нь уургаа хөхүүлэхгүй бол нялхас яаж амьдрах билээ. Өгөөмөр сэтгэлтэн үгүй бол өнчин хүүхдүүд хаачих билээ. Хайр халамж үгүйсэн бол хорвоо юун дээр эргэх билээ. Хүмүүс бүгд амиа л бодвол энх тайван гэж үгүй шүү дээ. Хэрвээ та тэр хүнд туслахыг хүссэн л бол тусалж болох замыг эрэлхийлэх л болно. Туслахыг хүсээгүй бол туслахгүй шалтагуудыг л хайх болно. Бусдад туслахгүй шалтагыг биш туслах шалтагыг хайж бай. Ямар ч байсан өгч байгаа нь, бусдад туслаж байгаа нь таныг агуу болгодог юм шүү.

5.Өгөх нь өөрөө аз жаргал юм

Байгаа бүхнээ өгчихвөл чи хоосорчихно. Тэгэхлээр яаж өгөх вэ? Үнэхээр тус хэрэгтэй тэвдэж явхаа нэгэндээ хэрэгтэй зүйлээр нь чамд туслах боломж байвал тусалчих. Хэрэв чи өөрөө туслаж чадахааргүй байгаа бол тус болж чадах хэн нэгнийг чи мэдэж байж ч магадгүй шүү дээ. Чамайг өөрийг тань ядарч явахад хэн нэгэн тусалбал чамд ямар сайхан байдаг билээ дээ. Та тэр хүний тусыг хэзээ ч мартадгүй биз дээ. Түүнтэй л адилхан чины тусыг ч тэр хүн хэзээ ч мартахгүй. Туслах гээд оролдоод үз л дээ. Тусаллаа гээд та юу алдах юм. Харин буян хожино шүү. Тус болох хэн нэгнийг олох ч юм билүү? Бусдын төлөө юм гуйж чадна гэдэг гайхалтай сайн чанар юм шүү. Тус болж чадаагүй ч гэсэн үнэнээсээ туслах гэж оролдож байгаа чинь сэтгэлийн том дэм юм. Туслаж үнэхээр чадсан бол тэр хүн танд баярлаад яаж талархалаа илэрхийлэхээ ч мэдэхгүй догдолж байгаа тэр нүдийг хараад таны дотор ямар мэдрэмж төрж байгааг ажиглаад үзээрэй. Та бусдын өмнөөс баярлаж гайхалтай аз жаргалыг мэдрэх болно. Энэ үед л та өгөх нь өөрөө аз жаргал юм байна гэдгийг ойлгоно.

6.Өгч байвал л баян

Ядуу хүн гэж хэн бэ?Дандаа л авч байдаг өгч чаддаггүй хүнийг ядуу хүн гэдэг. Өгөхгүй л бол та тэрбумтан байсан ч ядуу юм. Яагаад гэвэл ядуу хүнд л өгөх зүйл байхүгүй үргэлж ямар нэг юм хэрэгтэй байдаг юм. Баян хүн гэж өгч чаддаг хүнийг хэлдэг. Яагаад гэвэл баян хүнд л өгөх юм байдаг юм. Ганган тансаг хэрэглээтэй. Хээнцэр дэгжин хувцастай ядуучууд зөндөө байдаг. Тэднийг гаднах нүдэнд харагдаж байгаа өнгө мөнгөөр нь бүү хэмж. Өгч байгаагаар нь л хэмж. Өгдөггүй л бол тэд бүгд гуйлагчид. Тэдэнд авч явах буян ховор. Хичнээн эд хөрөнгөтэй байсанч та энэ хорвоогоос юуг ч авч явж чадахгүй. Нүцгэн ирээд л нүцгэн буцна. Харин буян нүглээ авч явах болно. Гаднаасаа харахад ядуу тарчиг юм шиг баячууд зөндөө байдаг. Яагаад гэвэл тэд бусдад туслаж өгч байгаа болохоор бүгд баянчууд юм. Тэдэнд авч явах буян их. Шунавал буянд л шунаж. Айвал нүглээс л ай. Авч явж чадахгүй эд зүйлдээ шунаад, авч явж чадах буяндаа шунахгүй байх чинь тэнэг хэрэг бус уу? Бурханы өмнө та хир их өгч тусласан, хир их хармалж туслаагүйгээ л шүүлгэх болно шүү. Та баян уу? Ядуу юу?

7.Хайр бол өгөхийн нэр

Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Хайр минь хаа яваа юм бол гэж ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж найдан хүлээнэ. Аз жаргалгүй байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганхиран үнэт цагаа үрэгч нар маш олон болж. Юуг ч бүү хүлээ. Авахыг хүсэгч нар нь олдож өгөхийг хүсэгч нар нь цөөдсөнөөс л энэ бүхэн үүсчээ. Зүгээр л чи өөрөө хайрлаад эхлэ. Өгч эхлэ. Эргэн тойронд байгаа хүмүүст, эд зүйлст, амьтадад, модод байгальд бүгдэд нь хайраа түгээ. Тэгвэл чи хайрыг буцаан авах болно. Гэхдээ буцаан авна гэсэн бодолтойгоор хайрлаж болохгүй шүү. Таны сэтгэл дундуур байдал чинь та хайраар дутаж байгаа болохоор л тэр.Чи өөрөө хайрыг түгээхгүйгээр өөрийгөө хайрлуулах гээд байгаагаас л хамаг юмс буруудаад байгаа юм. Хайрлах үед чи чухал биш цаад зүйл чухал болж байдаг. Түүний төлөө чи юугаа ч өгөхөд бэлэн болдог. Хайр бол авахын нэр биш. Өгөхийн нэр юм. Хайрлуулах гэж хүлээлгүй хайрлаж эхлэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • St. Medanta Cardiology (197.210.44.46)

    2018-08-19

    Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та зарах гэж байгаа бол Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөр, бидэнтэй холбоо барина уу Хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол St. Medantaclinic. Манай эмнэлэгийн хэрэгцээ яаралтай бөөр, эсвэл whatsapp бидэнтэй +12675278876 Хэрэв та сонирхож байгаа бол Бөөрийг худалдахдаа бидэнтэй холбоо барина уу И-мэйл: St.Medantaclinic@gmail.com Үнэ: $ 450,000. Хариулт: St. Medal Clinic, Гурав дахь эмчилгээ

  • (202.70.41.206)

    2018-03-19

    ЦЭЭЖНИЙ ПАНГААР ГӨРЖ БОЛОХГҮЙ ЭЭ ӨӨРӨӨ НОМ ҮЗЭЖ ГЭГЭЭРЭЭГҮЙ ХҮН БУСДЫГ ГЭГЭЭРҮҮЛНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ.ХУДЛАА ИХ МЭДЭМХИЙР ЧЧ БОЛОХГҮЙ ЭЭ ДҮҮ ХҮҮ