Хар тамхины хэргээр 68 хүнийг шалгаж байна

 Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг тоймлон хүргэе.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлж борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн III, XXVI хорооны нутаг дэвсгэрээс Европын холбооны улсаас илгээмжийн үйлчилгээ ашиглан хууль бусаар хар тамхи улсын хил нэвтрүүлдэг, бусдад худалддаг иргэн Г, М, Б, Т, Б нарын 20-49 насны бүлэг этгээдийг баривчилсан байна. Түүнчлэн мансууруулах үйлчилгээтэй каннабисыг түүж бэлтгэн өөр төрлийн бодистой хольж бусдад зарж борлуулдаг эрхэлсэн тодорхой ажилгүй, 35 настай, эрэгтэй Г-г энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ авч явсан мансууруулах төрлийн бодисыг нь хураан авчээ. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10.1 жилийн хорих ял сонссон ч, шүүхээс оргон зайлсан ялтан Я болон түүний хамсаатан долоон этгээдэд холбогдох хэргийг шалгаж байна. Тэднийг хар тамхи, мансууруулах бодис худалдаалж байсныг үйлдэл дээр нь баривчилж, ICE буюу мөс, баруун Европын улсаас оруулж ирсэн гашиш буюу шавар, экстази зэрэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас он гарсаар нийт 38 хэрэгт 68 хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм.

Эмэгтэйчүүдийг дарамталж, бэлгийн харьцаанд оруулдаг бүлэг этгээдийг саатуулжээ

Мессеж, зарын дагуу биеэ үнэлэгч охидтой танилцан ёс бусаар бэлгийн харьцаанд орж, эд зүйлийг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг саатуулжээ. Уг хэргийг өмнө нь ял эдэлж байсан хоёр этгээд үйлдсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Эрүүгийн цагдаагийн албанаас энэ хэрэгт шуурхай ажиллагаа явуулахад таван хэрэгт долоон хохирогчийг тогтоогоод байна. Хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд нь 1989 онд төрсөн А,Ч гэгч дээрэмдэх, хулгайлах, хүчиндэх гэмт хэрэгт ял эдэлж байсан хоёр этгээд болохыг нь урьдчилсан байдлаар тогтоосон. Дээрх этгээдүүдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаах ажлыг үргэлжлүүлж байна. Иймд мессеж зарын дагуу хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон охид эмэгтэйчүүд байвал Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг зөвлөе” гэв.

Мориноос унасан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон “Дүнжингарав” уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Ц.Баатарболд “Монголын морин спорт уяачдын холбооноос хүсэлт гаргасны дагуу цагдаагийн алба хаагчид Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон хаврын бүсийн “Дүнжингарав” морин уралдаанд очиж нийтийн хэв журмыг сахиулж ажиллалаа. Хурдан морины уралдаан 07.00-21.00 цаг хүртэл үргэлжилсэн. Эрлийз, их нас, соёолон, азарга гэсэн дөрвөн насны морьдыг уралдуулсан. Тухайн уралдааны талбай нь хуурайшилт, тоосжилт ихтэй байснаас газар цөмрөх, салхинд цохиулах зэргээс шалтгаалан есөн хүүхэд мориноос унаж, гурвыг нь эмнэлэгт хүргэсэн. Цагдаагийн байгууллагын зүгээс урлаг, спортын арга хэмжээг хориглох хуулийн заалт байхгүй. Хүсэлт гаргасныг үндэслэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Уралдаанд оролцсон хүүхдүүд 10-13 насных. Энэ үеэр цагдаагийн байгууллагын 110 алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25, Онцгой байдлын 25 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдээллээ.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.9.41.50)

    2018-03-20

    baga too b.aaa

  • (122.201.25.46)

    2018-03-20

    Өршөөлд хамрагдсан гарууд засрашгүй гэдгээ баталсаар байх юм аа.