АНУ-ын Н2 визний талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргажээ

1. АНУ-ЫН H2 ВИЗИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан бөгөөд ингэснээр Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон.

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны харьяа Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын Н-2А болон хөдөө аж ахуйн салбарын бус Н-2В визийн хөтөлбөрт 2018 оны 1 дүгээр сарын 18-наас 2019 оны 1 дүгээр сарын 18 хүртэл хугацаанд хамруулсан орны жагсаалтыг ЭНЭ линкээр орж үзэх боломжтой. 

2. АНУ-ЫН Н2 ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

АНУ-ын ажил олгогч (цаашид “ажил олгогч” гэх) нь америкийн дотоодын хөдөлмөрийн зах зээлд тухайлбал, хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүч дутагдалтай тохиолдолд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны харьяа Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас албан ёсоор зөвшөөрч баталсан орнуудаас түр хугацаагаар ажиллах хүч авах эрхтэй байдаг. Чингэхдээ АНУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар (OFLC)-аас гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл (цаашид “зөвшөөрөл” гэх) авч, түр хугацаагаар гадаадын ажиллагсдыг ажиллуулдаг. АНУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар нь Н2 хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөлтэй ажил олгогчдын  мэдээллийг хөдөө аж ахуйн (Н-2А), хөдөө аж ахуйн бус (Н-2В) гэж ангилан өөрийн цахим хуудаснаа байршуулдаг.   

Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар нь гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрлийг 1-3 жилийн хугацаатай олгож, жил тутам хянаж, олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэг. 2018 онд Н-2А зөвшөөрлийг 1787, Н-2В зөвшөөрлийг 1124 ажил олгогчид тус тус олгосон бөгөөд эдгээр ажил олгогчийн жагсаалтыг дараах дэлгэрэнгүй мэдээллийн хамт ЭНЭ линкээр үзэх боломжтой:

- Ажил олгогчийн хүсэлтийг хүлээн авсан огноо, шийдвэрлэсэн байдал, чингэхдээ гэрчилгээ олгосон эсхүл хэсэгчлэн олгосон эсхүл татгалзсан эсэх;
- Гэрчилгээ олгосон бол гэрчилгээний хүчинтэй хугацаа;
- Ажил олгогчийн нэр, хаяг, утас, оршин суугаа муж, хот;
- Ажиллах хүч авах ажлын байр, түүний код;
- Гадаадаас авах ажилчдын тоо, хугацаа;
- Ажил олгогчийн нэрийн өмнөөс гадаадаас ажиллах хүч авах хуулийн компани, өмгөөлөгчтэй эсэх, түүний нэр хаяг, муж, хот;
- Ажлын байранд тавих шаардлага, тухайлбал бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх, ажлын туршлага шаардлагатай эсэх;
- Долоо хоногийн ажлын эхлэх ба дуусах цаг, хугацаа, санал болгож буй цалин, цагийн хөлс, илүү цагаар ажиллах тохиолдолд төлөх цагийн хөлс;
- Ажиллах хүч авч ажиллуулах хугацаа зэрэг болно.
- АНУ-ын ажил олгогчийн нэр, хаяг, утас, оршин суугаа муж, хот,
- санал болгож буй ажлын байр, түүнд тавих шаардлага,
- гадаадаас авах ажилчдын тоо, хугацаа, долоо хоногийн ажлын цаг, эхлэх ба дуусах хугацаа,
- санал болгож буй цалин, цагийн хөлс, илүү цагаар ажиллах тохиолдолд төлөх цагийн хөлс,
- ажиллах хугацаа.

3. ГАДААД УЛСААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР

АНУ-ын ажил олгогч нь Н2 визийн хөтөлбөрт хамрагдсан гадаад улсаас ажиллах хүч сонгон авахдаа ажил олгогч нь өөрөө ажилчин сонгон авах (employer-contacted recruitment), эсхүл зуучлагчийн санал болгож буй ажилчныг (foreign labor recruiter) авах замаар зохион байгуулдаг.

а. Ажил олгогчийн санал болгосон ажиллагдсын тухайд. АНУ-ын ажил олгогч нь зөвшөөрөлд тусгасан нөхцөлийн дагуу гадаадаас ажиллагсдаа өөрөө сонгож, мужийнхаа Хөдөлмөрийн яамны Ажиллах хүч хариуцсан газарт мэдэгддэг. Тус газар нь виз авах материал, түүнтэй холбоотой бичиг баримтыг ажил олгогчийн нэрийн өмнөөс бүрдүүлдэг бөгөөд ингэхдээ ETA-790 анкетыг бөглөж, Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-нд мэдүүлдэг. Харин Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас анкетыг хянаад тухайн улсын буюу Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-нд мэдэгдэнэ. Энэ тохиолдолд ETA-790 анкетыг ажил олгогч, гадаадын ажилчин хоорондын байгуулсан гэрээ гэж үздэг байна. Ажил олгогч нь ажлын байр, цалин (дээр дурдсан ажиллах хүч авах зөвшөөрөлд тусгасан 1-9 хүртэлх мэдээллийн дагуу) зэрэг ажлын байртай холбоотой нөхцөлийн талаар ETA-790 анкетад мэдүүлэхээс гадна тухайн ажилчны ирэх, буцах тээврийн зардлыг нөхөн олгох үүрэг хүлээдэг.

ETA-790 анкеттай дараах линкээр орж, танилцах боломжтой. ЭНД ДАРНА УУ.

б. Зуучлагчийн санал болгосон ажилчныг авах тухайд. Хөдөлмөрийн яам Н2-В хөтөлбөрийн хүрээнд тус улсын хөдөлмөрийн зах зээлд гадаадаас ажиллах хүч нийлүүлдэг зуучлагчийн  жагсаалт (Foreign labor Recruiter list)-ыг мөн олон нийтэд зориулан өөрийн цахим хуудаснаа нийтэлдэг.

Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар (OFLC) нь Холбооны хэмжээнд мөрдөх эрх зүйн актын 20 дугаар хууль (CFR-title 20)-ийн 5 дугаар бүлгийн 655 дугаар хэсэгт заасны дагуу тухайн гадаадын зуучлагч байгууллагын нэр, хариуцах ажилтан, байршил буюу улс, хотын нэр, ажиллах хүч нийлүүлэх ажлын байр (код) зэргийг нээлттэй зарлах үүрэг хүлээдэг аж. Ингэснээр яам, агентлаг, олон нийтийн дунд харилцан мэдээлэл солилцох, Н2 хөтөлбөрийн хүрээнд ажиллах хүч авах явцыг ил тод, нээлттэй байлгах нөхцөл бүрддэг байна. Гадаадаас америкийн зах зээлд ажиллах хүч нийлүүлдэг зуучлагч компаниудын 2018 оны жагсаалтад 28 орны 703 компани байгаагаас Мексикийн 289, АНУ-ын 135 зуучлагч компани байгаа нь нийт зуучлагчдын 60 гаруй хувийг эзэлж байна.

Ажил олгогч нь зуучлагчаар дамжуулсан тохиолдолд зуучлагчтай  байгуулсан гэрээний хувийг ETA-9142 анкетын хамт Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-нд мэдүүлдэг. Ингэснээр зуучлагч компаниуд тухайн ажилчнаас хуульд зааснаас илүү, өөр төлбөр авахгүй байх нөхцөлийг дээр дурдсан (Code of Federal Regulation)-ийн 20 дугаар хуулийн холбогдох хэсэгт бүрдүүлсэн.  

ETA-9142 анкеттай ЭНЭ линкээр орж, танилцах боломжтой.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)