Д.Ариунаа: Чанаргүй зээлийн түүхтэй хүмүүст боломж олгож байгаа нь нэг удаагийнх юм

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 41 мянган иргэний мэдээллийг хязгаарлах шийдвэр гаргасантай холбогдуулан тус банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.АРИУНААТАЙ ярилцлаа.

-Монголбанк тодорхой тооны иргэдийн зээлийн мэдээллийг шинэчлэх шийдвэр гаргалаа. Ямар шалгуур хангасан иргэд зээлийнхээ түүхийг шинэчлэх боломжтой болж байна вэ?

-Үндсэн гурван шалгуур бий. Үүнд, энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан. Хоёрдугаарт, зээлийн нэгээс доошгүй сөрөг түүхтэй буюу чанаргүй зээлтэй бол. Гуравдугаарт, үүрэн болон суурин утасны үйлчилгээний төлбөрийн зөрчлөө 90-ээс доошгүй хоногийн хугацаанд шийдвэрлэсэн иргэний зээлийн мэдээллийн сан дахь мэдээллийг хэвийн ангилалд оруулах юм.

-Зээлийн муу түүхтэй хүмүүст нэг удаа боломж олгож байгаа энэ шийдвэрийн гол ач холбогдол нь юу вэ?

-Мэдээж иргэд дахин зээл авах боломжтой болж байгаа нь хамгийн гол онцлог. Цаашлаад санхүүгийн зах зээлийг идэвхжүүлэх үндсэн зорилготой. Зах зээлд хэдий хэмжээгээр мөнгө эргэлдэнэ, төдий чинээ эдийн засагт ач холбогдолтой. Энэ утгаараа хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг тэгш хүртээх ач холбогдолтой гэж ойлгож болно.

-Нийт зээлдэгчдийн хэчнээн хувь нь зээлийн муу түүхээ арилгуулах боломжтой байна вэ?

-Зээлийн мэдээллийн санд 760 орчим мянган иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг бүртгэсэн байдаг. Үүний 40 мянга гаруйг аж ахуйн нэгжийн мэдээлэл эзэлдэг. Эдгээр мэдээллээс зээлийн сөрөг түүхийн ангилалд орсон иргэний мэдээллийг хэвийн ангилал руу шилжүүлэхэд 41085 иргэн Төвбанкны нэг удаагийн шийдвэрийг ашиглах боломж бүрдэж байна.

-Иргэд ямар тохиолдолд чанаргүй зээлийн мэдээллийн санд багтаад байна вэ. Мэдээж 41 мянган иргэний мэдээллийг шинэчлэхдээ тодорхой тооцоо судалгаа хийсэн байх?

-Үүнд хэд хэдэн ангилал бий. Тодруулбал, иргэд зээлийн төлбөрөө төлөх хугацаа 15 хоног дотроо бол хэвийн, 15-90 бол хугацаа хэтрэлттэй, 91-180 хоногт хэвийн бус, 181-360 хоногт эргэлзээтэй, 361 хоногоос дээш бол муу зээлдэгчийн ангилалд орчихож байгаа юм. Тэгэхээр иргэдийн авсан зээл дээрх ангиллын алинд ч орсон байж болно. Гагцхүү дээр дурдсан үндсэн гурван шалгуурыг бүрэн хангасан бол 41 мянгын нэгт багтлаа гэж ойлгож болно. Зээлийн мэдээллийн сан гэдэг нь хууль болон гэрээгээр хүлээсэн төлбөрийн, зээлийн үйлчилгээ авах үүрэг хүлээсэн иргэдийн мэдээллийг оруулдаг сан. Өөрөөр хэлбэл, энэ санд төлбөрийн болон үйлчилгээ үзүүлдэг буюу санхүүгийн зуучлагч байгууллагууд мэдээлэл нийлүүлдэг. Жишээлбэл, та аль нэг үүрэн телефоны хэрэглэгч бол таны мэдээлэл Зээлийн мэдээллийн санд орно. Би зээл авсан бол минийх ч тэнд багтана.

Тэгэхээр энэ бүртгэл нь ерөнхийдөө Монгол Улсын санхүүгийн зах зээлийн идэвхжлийг бүртгэх хөшүүрэг болдог л доо. Энэ төрлийн санг олон улсад маш идэвхтэй ашигладаг. Манай улсын хувьд энэ сан Монголбанкны дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг. Олон улсад бол төрөөс гадна хувийн байгууллагууд ч ийм сангийн үйл ажиллагаа эрхэлдэг.

-Энэ шийдвэрт хамрагдсан эсэхээ иргэд хэрхэн, яаж мэдэх вэ?

-Мэдээллийг тухайн харилцагч банкнаасаа авах бүрэн боломжтой. Хэрвээ та би энэ шалгуурыг хангаад 41 мянгын нэгт багтаж чаджээ гэж үзвэл харилцагч банкиндаа хандаж тодруулаарай. Жишээлбэл, би зээл авсан, хугацаа хэтрэлттэй яваад хоёрдугаар сарын 1-нээс өмнө зээлээ бүрэн барагдуулчихсан. Шалгуурыг хангасан гэж үзэж байвал баталгаажуулаад өөрийнхөө харилцагч банк болон үүрэн телефоны оператор компаниудад хандана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, холбогдох бичиг баримтаа өөрийн харилцагч байгууллагадаа авч очоод “Монголбанкнаас гаргасан шалгуурыг би хангасан байна. Тэгэхээр зээлийн мэдээллийн сангаас яг хассан эсэхийг маань шалгаад өгөөч” гэж хандах боломжтой. -Зээлийн мэдээллийн сангийн хэвийн бусаас хэвийн ангилалд шилжсэн мэдээллүүдэд томоохон бизнес эрхлэгчид ч багтах боломжтой юу? -Бизнес эрхлэгч гэж хувь хүн дээр асууж байгаа бол тавьсан шаардлагыг хангасан л бол хамрагдах боломжтой. Харин бизнесийн байгууллага гэж тодруулж байгаа бол аж ахуйн нэгжүүдийг бус зөвхөн иргэдийг хамруулсан.

-Ийм шийдвэр гаргаснаар банк санхүүгийн байгууллагуудад тодорхой хэмжээний эрсдэл үүсч болох юм?

-Энэ арга хэмжээ нь банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Яагаад гэвэл тухайн шалгуур нь өөрөө тус эрсдэлийг тооцсон шийдвэр байсан. Дахин хэлэхэд шалгуур хангасан зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас бүр хасахгүй. Хэвийн ангилалд бүртгэсэн гэж ойлгох хэрэгтэй.

-Төвбанк өмнөх онд 25 мянган иргэнд энэ жишгээр боломж олгож байсан. Шалгуур үзүүлэлт харилцан адилгүй байсан л даа. Гэхдээ хугацааны хувьд ойрхон ч энэ шийдвэр олон хүнд таалагдаж, тэд ч ахуй амьдралаа дээшлүүлэх боломжтой болох нь ?

-2017 онд 25 621 иргэний мэдээллийг мөн хэвийн ангилалд шилжүүлж байсан. Тавьсан шалгуурын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая орчим төгрөгийн зээлтэй, зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан байх. Түүнчлэн 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө бүрэн төлж дууссан бол зээлийн мэдээлэлд хамруулсан. Тухайн онд эдийн засгийн хүндрэл үүсч, чанаргүй зээлийн хэмжээ зохих төвшнөөс нэмэгдсэн байсан. Дээрх арга хэмжээ нь иргэдэд санхүүгийн үйлчилгээ дахин авах боломжийг, санхүүгийн зах зээлийн идэвхжлийг бий болгох ач холбогдолтой байсан.

-Боломж нээж өгч байгаагийн хэрээр иргэд хариуцлагатай байх шаардлагатай болно. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Тэгэлгүй яахав. Иргэд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр санхүүгийн үйлчилгээ дахин авахад үүд хаалга нь ямагт нээлттэй байна гэсэн үг. Тийм учраас санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай л байх хэрэгтэй. Нэг зүйлийг онцгойлон анхааруулахад, энэ бол байнга авч хэрэгжүүлдэг арга хэмжээ биш юм. Монголбанк түүхэндээ бараг анх удаа л ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

-Тэгэхээр энэ нь түүхэн шийдвэр гэсэн үг үү?

-Иргэдэд боломж олгох үүднээс ийм шийдвэр гаргалаа гэж хүлээж авах хэрэгтэй. Банк санхүүгийн үйл ажиллагаа цэвэр итгэлцэл дээр тогтдог. Тийм ч учраас харилцагчийнхаа зээлийн түүхтэй танилцаж эрсдэлээ тодорхойлж шийдвэрээ гаргадаг. Банк санхүүгийн үйл ажиллагаа цэвэр итгэлцэл дээр тогтдог учраас иргэдийн түүхийг буюу өмнө нь ямар түүхтэй юм бэ, энэ хүн зээлдээ хариуцлагатай хандаж чаддаг эсэхийг маш чухлаар авч үздэг. Тийм болохоор энэ боломжийг маш хариуцлагатайгаар ашиглах хэрэгтэй. Тодорхой хугацааны давтамжтайгаар авч хэрэгжүүлээд байдаг арга хэмжээ гэж тайвширч болохгүй гэдгийг хэлье.

-Иргэд чанаргүй зээлдэгчийн ангилалд багтаад байгаа нь ямар шалтгаантай байна вэ?

-Аливаа иргэн ямарваа зээл болон төлбөрийн үйлчилгээ авдаг л бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэдэг. Зээлийн мэдээллийн санд санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг банк болон банк санхүүгийн байгууллага, санхүүгийн түрээсийн компаниуд, эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг төрийн байгууллага, үүрэн болон суурин холбооны оператор компани зэрэг хуульд заасан байгууллагууд мэдээлэл нийлүүлэх эрхтэй байдаг. Гол нь цаг хугацаандаа төлбөр болон зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа нь гол шалтгаан шүү дээ. Яагаад цаг хугацаандаа үүргээ биелүүлэхгүй байгаа нь янз бүрийн л шалтгаантай байх. Зарим нь хайнга хандсанаасаа болдог байж болно. Цалин хөлс нь цаг хугацаандаа буугаагүйгээс болж зээл төлөх хугацаагаа хоцруулдаг ч юм уу эсвэл ямар нэгэн гэнэтийн шалтгаанаар төлөх чадваргүй болох зэрэг хувь хүнээс шалтгаалсан шалтгаан олон байж болно. Тийм болохоор санхүүгийн харилцаанд орохдоо санхүүгийн хэрэглэгч өөрт учирч болох эрсдэлээ чадамждаа тулгуурлан тооцож, үйлчилгээ авч байх нь зүйтэй болов уу.

М.ӨНӨРЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.170.84.83)

    2018-03-22

    Өнөрбаяр

  • (202.170.84.83)

    2018-03-22

    Г.Өнөрбаяр